Ж.Бат-Эрдэнэ УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурлаа
2019.01.11

Ж.Бат-Эрдэнэ УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурлаа

Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, УИХ-ын ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслүүдийг дэмжих эсэхээр УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа.

Уг бичигт АН-ын бүлгээс Ж.Батзандан, Л.Болд нараас бусад гишүүн гарын үсэг зурсан. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өчигдөр дэмжиж гарын үсгээ зурсан билээ.

Мөн өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ УИХ-ыг өөрөө тарахыг дэмжиж гарын үсгээ зурлаа.

Тэрбээр энэ үеэр “Сүүлийн үед улс төр гарцгүй байдал руу орж байна. Төр засагтаа итгэх ард түмний итгэл алдарлаа. Тиймээс улстөрчид ард түмний шүүлтүүрээр дахин орвол яасан юм бэ. Нэг хэсэг нь шударгын туйл нөгөө хэсэг нь бузар булайгийн туйл болчихлоо. Тэгээд шударга юм болов уу гээд харахаар үгүй юм. Ард иргэдийн авах ёстой ЖДҮ-ийн мөнгийг өөрсдөө авчихсан байх юм. Эрх мэдлээрээ түрэмгийлээд иргэдэд очих мөнгийг өөрсдөө хамаад авчихсан байна. Талбайд жагсаж ард түмнийг турхирч МАНАН гэж өчнөөн ярилаа. Ард түмэнд хандан хэлж буй зүйл нь арай дэндлээ. Мафижсан төр гэж их ярих болсон. Үнэхээр тийм бол Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нь юу хийгээд байгаа юм бэ. Яагаад учрыг нь олж чадахгүй байгаа юм. Салхитын мөнгөний ордод том ажиллагаа болсон. Тус газраас татвараа авч чадаагүй нь төр ажлаа хийж чадахгүйн илрэл, Сангийн сайдтайгаа учраа ол. Үнэхээр хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй бол Хууль зүйн сайдтайгаа учраа ол. Хуулийнхаа дагуу асуудлаа шийдээд ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй. Хэн чанга дуугарсан нь, шударга дүр эсгэсэн нь, бузар булай асуудлыг нэгэн рүүгээ нялж чадсан нь шударга нэр зүүж болохгүй. Нөгөөтэйгүүр би өнөөдрийн улс төрийн байдалд сайн дүн тавимаар байна. Эдгээр үйл явдал нь нийгэм цэвэршихын нэг алхам юм. Манай намын хагарал эрх мэдлийн төлөөх хагарал. Ерөнхий сайдад таалагдахгүй бол намынх нь бага хурал дээр шүүж байна. Үнэхээр намд асуудал байвал нам дэрээ ярих хэрэгтэй. Улс төр болгож болохгүй. Зөвшилцөлд очих ёстой” гэлээ.