Тавантолгой Түлш: Утаа арилгах шинэ гарц
2019.01.16

Тавантолгой Түлш: Утаа арилгах шинэ гарц

Монгол улсын Засгийн газар “Агаар, агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” баталсан. Үүнтэй холбогдуулан энэ оны тавдугаар сараас түүхий нүүрс оруулахыг үе шаттайгаар хориглох шийдвэр гаргаад байгаа.

Улаанбаатарынхан тэгээд юу түлэх болж байна гэж үү, сайжруулсан шахмал түлш түлэх хэрэгцээ үүссэн. Хэрэгцээг хангах үүднээс “Эрдэнэс Монгол” компанийн дэргэд “Тавантолгой Түлш” компани байгуулж, гурван шугам бүхий үйлдвэр жилдээ 700 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэнэ гэж мэдэгдээд байгаа билээ.  

Улаанбаатар хот жилдээ 1.2 сая тонн түлш түлдэг гэх судалгаа бий. 220 мянган бага оврын уурын зуух ажиллаж байна гэсэн үг. Дээрээс нь 3000 орчим нам даралтын зуух нийслэл хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэж” байна. 

“Улаанбаатарын утаа бол эмзэг сэдэв. “Эрдэнэс-Тавантолгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна. Тавантолгойгоос сайн чанарын түлш тээвэрлэн Улаанбаатарт сайжруулсан түлш болгож олгоно” гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярьсан юм.

Засгийн газрын тогтоолоор “Тавантолгой түлш” компани өнгөрсөн оны тавдугаар сард байгуулагдсан. Өнгөрсөн найман сарын хугацаанд тус компани хоёр үйлдвэр ашиглалтад оруулжээ. Зөвхөн нэг үйлдвэр нь л гэхэд жилдээ 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай.

Анх 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ДЦС-2-ын дэргэд 14 тэрбум төгрөгөөр баригдсан шахмал түлшний үйлдвэрийг тухайн үед тендерт явсан компани технологийн алдаа гаргасны улмаар бүрэн ашиглалтад оруулж чадаагүй. Үүнийг “Тавантолгой Түлш” компани хүлээн авч, засч сайжруулан үйлдвэр болгосон юм.

 

Тус компани жилдээ 200 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Үйлдвэрийн хүчин чадлыг цаашид 700 мянган тоннд хүргэж, 220 мянган өрхийг 100 хувь сайжруулсан түлшээр хангах боломжтой болно. Одоогоор зөвхөн нэг үйлдвэр л ажиллаж байгаа. Энэ нь 300 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин ойрын хугацаанд хоёр шугам ашиглалтад орсноор жилдээ 700 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм. Одоогийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн агуулахад нөөцөлж буй аж.

 

“Манай компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш нь олон улсын стандартын шаардлага хангасан. Шахмал түлшний 5, утааны 4, зуухны нэг үзүүлэлтийг бүрэн хангасан. Улаанбаатар хот жилдээ дунджаар 1.2 сая тонн нүүрс түлж байгаа. Бидний үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлш бол 600-700 тонн нийт 220 мянган гэр хорооллын өрхийг бүрэн хангана. Энэ нь шатааж байсан нүүрсний хэмжээ хоёр дахин багасна гэсэн үг. Түүнээс гадна нүүрснээс ялгардаг хорт үзүүлэлтүүд олон дахин буурсан байгаа. Өнөөдөр хэрэглэж байгаа Налайх, Багануур, Тавантолгойн нүүрснээс манай үйлдвэрлэж байгаа түлш хоёр дахин хэмнэлттэй, хоёр дахин илчтэй. Дараа жилийн өвөл бид ийм гамшгийн хэмжээнд байхгүй гэдгийг баттай хэлмээр байна” хэмээн Таван толгой түлш ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан ярьж байлаа.

 

Сайжруулсан түлш, түүхий нүүрсний үнээс хямд байж гэмээ нь иргэдийн хэрэгцээг хангах төдийгүй барагтай хүрэлцэх орлогод нь ч ачаа болохгүй байх учиртай. Одоогийн байдлаар компанийн зүгээс нэг тонн шахмал түлшийг 149 мянган төгрөгөөр борлуулахаар төлөвлөж байна. Нэг тонн түүхий нүүрс 180 гаруй мянган төгрөг байгаатай харьуулбал энэ нь байж болох үнэлгээ. Хамгийн гол нь нүүрсний чанар түүхий нүүрснээс сайн учир хэрэглэгчдийн хэрэгцээг хангана гэж мэргэжилтнүүд нь баталж буй.

 

“Манай нүүрс маш өндөр чанартай. Үнсжилт багатай, килокалор өндөртэй. Химийн хорт бодис багатай. Утаа багатай. Бүрэн шаталттай гэсэн үг. Тавантолгойн үнсжилт 7-11 хувь байдаг. Эрүүл мэндэд ашигтай” гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярьсан.

 

Хэрэв “Тавантолгой Түлш” компани бүрэн чадлаараа ажиллаад эхэлбэл жилдээ 700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Энэ нь гурван шугам тасралтгүй 24 цаг ажиллаж байж гаргах тоо юм. Цаашид үйлдвэрийн нөөц бололцоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хоттой хэрхэн хамтран ажиллах вэ гэдгийг нарийн тооцох ёстой. Учир нь гэр хорооллыг дахин төлөвлөж, орчин стандартын хороолол болтлоо дахиад 20 илүү жилийг туулна. Тиймээс шахмал түлшний хэрэгцээ байх нь мэдээж. Хэрэгцээг хангахын тулд урт хугацааны стратеги хэрэгтэй. Одоогоос найман жилийн өмнө шахмал болон сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна гэж байсан ч мөрөөдөл хэвээрээ үлдсээр есөн өвлийг үдээд байна.