Эмч нарын цалинг 122-270 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ
2019.01.16

Эмч нарын цалинг 122-270 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ

Өнөөдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, төрийн албаны цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "2019 оны 1 сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдсэн. Эрүүл мэндийн салбарт хамгийн их ачаалалтай байдаг сувилагчдын цалинг 30 хүртэлх хувиар буюу 127-183 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Харин эмч нар цалингийн нэмэгдлээ хүлээж байсан. Өнөөдөр эмч нарын цалингийн сүлжээний шатлалыг 4, 5-аас 6, 7-д хүргэлээ. Эмч нарын цалин 21.3-аас 47.1 хувиар буюу 122-270 мянган төгрөгөөр нэмэгдлээ.

Сувилагч нарын цалинг нэмэхэд зарим мэргэжлийн хүмүүсийн цалингийн нэмэгдэл орхигдсон байсан. Тухайлбал, дүрс оношилгооны техникч, хоол зүйч, эм найруулагч, сэргээн засахын мэргэжилтэн, эмгэг судлалын туслах ажилтан, эрүүл мэндийн мэдээллийн техникч нарын цалингийн сүлжээний шатлал нэмэгдээгүй байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэмэгдүүллээ.

Түргэн тусламжийн 511 жолооч байдаг. Тэд 400 гаруй мянган төгрөгний цалин авч байсныг 142,920 төгрөгөөр нэмэгдүүллээ.

Нийтдээ эрүүл мэндийн салбарт 8696 хүн цалингийн шатлал ахиж байна. Цалин нь 696-844 мянга хүртэл нэмэгдэж байна. Энэ бол зөвхөн цалингийн шатлалын нэмэгдэл. Үүн дээр ажилласан жил, ур чадвар, жижүүр, үр дүнгийн шагнал нэмэгдэхээр Эрүүл мэндийн салбарынхны, тэр дундаа эмч нарын цалин 1 сая төгрөгөөр нэмэгдэж байна".