Амарсайхан.С 2019.01.30 | 24tsag.mn

С.Амарсайхан: Налайх ЖИШИГ ДҮҮРЭГ болж хөгжих ёстой

С.Амарсайхан: Налайх ЖИШИГ ДҮҮРЭГ болж хөгжих ёстой

Сар шинийн баярыг угтан Налайх дүүргийн удирдлага ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Тус дүүрэгт 3000 гаруй өндөр настан оршин суудаг юм байна. Дүүргийн удирдлагын зүгээс ахмадуудад чиглэсэн үйлчилгээгээ нэмэгдүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд Ахмадын сувиллын ашиглаагүй удсан барилгыг засаж, тохижуулан өндөр настуудаа ээлжээр амраажээ.

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан болон бусад төлөөлөгчид оролцсон юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан

"Налайх дүүргийн ахмадууд, азай буурлууддаа "Урвуулагч" хэмээх Шороон гахай жилийн Сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Дүүргийн удирдлага ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, санал бодлыг сонсох боломж олддогт талархаж, олзуурхаж явдаг юм. Улирч буй он Налайх дүүрэг төдийгүй нийслэлийн хэмжээнд шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, ажлын байрыг бий болгоход анхаарсан жил байлаа. Энэ онд ч мөн ялгаагүй олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Налайх жишиг дүүрэг болж хөгжих ёстой. Бидэнд хийх ажил их байна. Төлөвлөснөө биелүүлэх боломж, чадвар бидэнд бий" гэсэн юм.