С.Амарсайхан: Хот төлөвлөлтийг судалгааны үндэслэлтэйгээр зохион байгуулах шаардлагатай
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр /2019.02.01/ хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ-ыг өөрчлөн байгуулах саналыг хэлэлцэх тухай, нэр бүхий газруудыг орон нутгийн хамгаалалтад авах тухай, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн найман ус түгээх байр, түрээсийн 70 айлын орон сууцны барилгыг нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай болон бусад асуудлууд хэлэлцэгдэв.
“Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ нь анх 1964 онд “Барилга засвар шугам сүлжээний зураг төсвийн групп” гэсэн нэрээр байгуулагдаж түүнээс хойш 50 гаруй жил аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрсэн. Байгууллагын үндсэн зорилго нь нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй, тохилог орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлал, хот байгуулалт, төлөвлөлтийн бодлоготой уялдуулан хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийн ажлаар дамжуулан хүргэхэд чиглэдэг. Байгууллагын хувьд төрөөс санхүүжилт авдаггүй, хүний нөөцийн асуудлыг тогтвортой байлгахад анхаарах шаардлагатай, үндсэн чиг үүргийн хүрээнд хийх ажлыг сонгон шалгаруулалтаар авдаг байдал нь тулгамдсан асуудал болж байна гэдгийг “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ-ын дарга Ч.Рэгзмаа байгууллагын танилцуулга мэдээлэлд онцолсон юм.
Холбогдох байгууллагаас хийсэн мэдээллийн дагуу тэргүүлэгчид өөрсдийн саналыг хэлэв. Тухайлбал тэргүүлэгч Б.Батнасан “Нийслэл хажуудаа “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ-тай байдаг. Гэтэл тухайн байгууллага нь өөрөө сонгон шалгаруулалтад орж хийх ажлаа авдаг. Иймд нийслэлийн өмчит гэж явах ямар шаардлага байгаа юм бэ? Нэгэнт нэршил болон ажил үүргийн чиг нь тодорхой байхад энэ чиглэлийн ажлыг тухайн байгууллагад төвлөрүүлээд явж болдоггүй юм уу?” гэсэн саналыг хэлэв.
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл
“Хот төлөвлөлт маш муу хийгддэг. Иймд тухайн байгууллагын ажиллах боловсон хүчин, байгууллагын өрсөлдөх чадвар ямар төвшинд байгаа тухай мэдээлэл хэрэгтэй байна. Хотын төвлөрөл их яригдаж байгаа. Иймд дүүргийн төвүүдийг нүүлгэн шилжүүлэх боломжтой юу? Тухайлбал Чингэлтэй дүүргийг долоон буудалруу гэх мэт. Нийслэлийн авто замын нөөц, ундны усны нөөц, газар зохион байгуулалтын нөөц, эрчим хүчний нөөц гэх мэт асуудлууд ямар түвшинд байдаг тухай тодорхой судалгаа хийдсэн үү? Мөн хотыг удирдана гээд сууж буй удирдлагууд, төлөөлөгч нар өөрсдөө хот төлөвлөлтийн тухай мэдлэггүй байгаа нь үнэн. Иймд тэдэнд холбогдох мэдээлэлтэй болох ямар ном унших ёстой түүний жигсаалт гаргаж өгөх хэрэгтэй” гэсэн саналыг хэлсэн юм.
Нийслэлийн иргэд бид аюулгүй, ээлтэй, тохилог орчинд ажиллаж амьдрах үндэс нь хот төлөвлөлт юм. Гэтэл өнөөдрийн байдлаар дээрх асуудал ямар төвшинд байгаа нь тодорхой. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Өнөөдрийг хүртэлх хугацаанд хот төлөвлөлт замбараагүй, зохион байгуулалт байхгүй, шинжилгээ судалгааны үндэслэлгүй явагдаж ирсэн. Үүнийг цэгцлэхийн тулд хот төлөвлөлтийн институтийг яаралтай байгуулах шаардлагатай байгаа. “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ нь хотыг аюулгүй, хөгжил дэвшилттэй, амьдралтай хот болгохын тулд илүү өргөн хүрээтэй сэтгэж, шинийг санаачлан ажиллах ёстой. Иймд байгууллагын бүтэц болон чиг үүргийг тодорхой болгож өөрчлөлт хийнэ. Үүнтэй холбогдуулан бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэл зэргийг тодорхой болгож эргэн мэдээлэл хий” гэсэн үүрэг даалгаврыг өгөв. Ийнхүү тэргүүлэгчид тус байгууллагын бүтэц, үүрэг чиглэлийг өөрчлөн байгуулах тогтоолыг баталсан юм.
Манай улс нь төгөл, намагтай газруудыг хамгаалалтад авах олон улсын конвенцод нэгдсэн байдаг. Үүний дагуу нийслэлийн хэмжээнд буй 11 төгөл, булаг, намаг бүхий газруудыг хамгаалалтад авах ажлыг хэрэгжүүлсэн тухай холбогдох албанаас танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын орон нутгийн хамгаалалтад авах тухай тогтоолоор Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий гурван газрыг хамгаалалтад оруулах шаардлагатай байгааг тодотголоо. Тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бэрх Төгөл, Гурван модны булаг, Дээдийн нуруу гэсэн нэр бүхий газрууд нь төгөл, намгархаг газрууд бөгөөд эдгээр газрыг хамгаалалтад авснаар экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ан амьтан, ургамал зэргийг хадгалан үлдэх боломж бүрдэнэ гэв. Иймд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид тус асуудалтай холбогдох тогтоолыг баталж нэр бүхий газруудыг орон нутгийн хамгаалалтад авлаа.
Нийслэлийн гэр хорооллын бүсэд ундны ус түгээх байр өнгөрөгч онд наймаар нэмэгдсэн. Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт байршилтай эдгээр объектуудыг нийслэлийн өмчид бүртгэх асуудлыг хэлэлцэж өмчид бүртгэн авав.
Монгол улсын Засгийн газраас батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилгоор нийслэлд шинээр баригдаж ашиглалтад орсон боловч борлогдоогүй орон сууцнаас худалдан авах ажиллагааг зохион байгуулах асуудлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн байдаг. Иймд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай 70 айлын орон сууцыг Ахмадын хотхон-1 ОНӨААТҮГ-ын данс бүртгэлд шилжүүлэн баталлаа.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ