Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлыг дахин боловсруулахыг үүрэг болгов
2019.02.15

Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлыг дахин боловсруулахыг үүрэг болгов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Удирдан зохион байгуулах хорооны үйл ажиллагааны мэдээллийг сонслоо. Мэдээлэл танилцуулгыг Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Анхмаа Тэргүүлэгчдэд танилцуулав.

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн нэршлийг  5 удаа сольж, ойг зургаан удаа тэмдэглэн өнгөрүүлж байжээ. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хотын цагтай болсон, нийслэлийн тохижилт, соёлжилтыг сайжруулах, түүнд хувь нэмэг оруулсан байгууллагуудыг урамшуулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, эрдэм шинжилгээний бага хурал зхион байгуулж, Ширээ цагаан нуурт гэрэлт хөшөө босгох, явган зорчигчийн нүхэн гарц хийх, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хөшөө дурсгалын цогцолбор орчмыг тохижуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулж байжээ. Тухай бүрт төсвөөс хөрөнгө гаргаж байсан , тухайлбал 2014 онд 2.3 тэрбум төгрөг зарцуулж байжээ. Тэгвэл өнөө жил 380 ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн ЗДТГ, түүний харьяа байгууллагууд болон иргэдээс санал авчээ. Улмаар зургаан бүлгийн нийтдээ 114 арга хэмжээ зохион байгуулах гэнэ.

Нийслэлийн иргэдэд хандсан 10, бүтээн байгуулалт 26, соёл урлаг 36, ёслол хүндэтгэлийн 39 арга хэмжээ зохион байгуулахаар холбогдох албаны хүмүүс төлөвлөгөө гаргажээ. Мөн хот тохижилтод онцгойлон анхаарч, олон улсыг хамарсан урлагийн тэмцээн зохион байгуулна. Мөн хороо, дүүргийн орчны тохижилт, цэвэрлэгээтэй холбоотой уралдаан зохион байгуулах юм байна.

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан Тэргүүлэгчид асуулт асууж, хариулт авлаа.

Тэргүүлэгч  Н.Батсүмбэрэл:

 Хуралдааны үеэр “380 жилийн ой бусад тэмдэглэлт арга хэмжээнээс ямар онцлогтой вэ. Ажлын хэсгийнхэн сард 1-2 ажил ойн хүрээнд хийнэ гэж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ойн хүрээнд ямар ажил хийсэн бэ. Нийслэл 152 хороотой. Гэтэл арга хэмжээнд 10 хороог л оруулсан байна. Хэн гэдэг төлөөлөгчийн санал вэ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудыг болиулах хэрэгтэй. Гэр хороололд цэцэрлэгт хүрээлэн, байшин хороололд ногоон төгөл байгуулна гэжээ. Энэ бол хотын хийх ёстой ажил. Сүхбаатарын талбайн гэрэлтүүлгийг сайжруулж, гудамж талбайг угаана гэсэн байна. Энэ бол өдөр тутам хийх ажил. Үүнийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд оруулах шаардлагагүй. Сүхбаатарын талбайн гэрэлтүүлгийг сайжруулахын оронд гэр хорооололд гэрэл нэмэх хэрэгтэй. 380 жилийн ойн уриа, лого юу байх вэ?

Ш.Анхмаа:

Харьяа газруудаас санал авсан. Хотын ирээдүйн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлсэн онцлогтой. Олон санал ирүүлснээс шүүж, төлөвлөгөө гаргасан. Мөн баяр наадмын тоглолтыг цомхон болгож, бага төсөвт багтааж хийхээр болж, нийгмийн хөгжил тал руу олон ажил хийхээр төлөвлөсөн.

Төлөөлөгч Н.Батсүмбэрэл:

Төсөв батлах үеэр хороодод цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг тусгасан. Тэгэхээр ийм ажлыг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын жагсаалтад оруулах шаардлагагүй. 380 жилийн ойн онцлог харагдахгүй байна. Хотын ойд зориулж хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг юунд зарцуулах юм бэ?

Ш.Анхмаа:

 375 жилийн ойд 2.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ойг тэмдэглэх хүрээнд ирсэн ажлууд нэлээд өргөн цар хүрээтэй, төсөв их шаардсан. Тиймээс чухлаас нь эрэмбэлж байгаа. 380 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийх ажлыг 2016 оноос эхнээс нь оруулж явсан. Тухайлбал, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлж, цэцэрлэгт хамрагдалтыг 80 хувьд хүргэхээр ажиллаж байна.

Тэргүүлэгч Б.Батнасан:

Бид хотынхоо 380 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Дүүргүүдэд ямар ажил хийх юм бэ. Төсөвлөсөн хоёр тэрбум төгрөгийн хэдэн хувийг бүтээн байгуулалтад зарцуулах юм бэ. Төсвийн задаргаа байна уу.

Ш.Анхмаа: Бүх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр: Нийслэлийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд  эрдэмтэн судлаачдын дунд Нийслэлийн түүхтэй холбоотой  эрдэм шинжилгээний хурлаа явуулж,  иргэдэд танилцуулахаар төлөвлөсөн.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан: 

Тогтмол хийдэг ажлыг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын жагсаалтад оруулсан байна. Ямар учраас оруулсан юм бэ. Гэрлэн дохио байгуулах, замын тэмдэглэгээ тавих, ЕБС-ийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт тавих, сургалтын чанарыг дээшлүүлэх, автобусны буудлын жишиг зогсоол байгуулах зэрэг бол байнга хийх ёстой ажил. Эдгээрийг заавал оруулах ёстой юм уу.  

Ш.Анхмаа:  

Бид өмнө нь байгаагүй амжилтаа дээш нь ахиулахаар арга хэмжээнд оруулсан. Нийслэл сургалтын чанараа улсын хэмжээнд 9 дүгээрт жагсдаг байсныг өнгөрсөн хугацаанд 7 дугаарт эрэмблэгддэг болгож ахиулсан. Энэ үр дүнг ахиулахын тулд  сургууль боловсролын байгууллага  руу хандсан ажлуудыг оруулсан. Үүний дараагаар тэргүүлэгчид саналаа илэрхийллээ.  Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Ойн хүрээнд Улаанбаатар хотод байгаа хуучны түүхийн дурсгалт нэг байшинг тохижуулах саналыг оруулах нь зүйтэй. Дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн ажлыг жагсаалтаас хасах ёстой. Аюулгүй хот байгуулах зорилт дэвшүүлсэн. Үүнийг дэмжих хэрэгтэй. Улаанбаатар хотын ойг үлдэх юмтай тэмдэглэх ёстой. Хотын төсөв мөнгийг үрэлгэн зүйлд зарцуулж болохгүй” гэв.  Улаанбаатар хотын ойг үлдэх юмтай тэмдэглэх ёстой. Хотын төсөв мөнгийг үрэлгэн зарахгүй. Иргэдээс ирүүлсэн саналд цензуртай хандаж хэрэгтэй саналыг нь ажил хэрэг болгох тал дээр анхааран ажиллах хэрэгтэй байна.

Тэргүүлэгч Б.Батнасан:

Ойн хүрээнд ядаж дүүрэг бүрт үлдэцтэй нэг бүтээлч ажил хийх нь зүйтэй. Энэ саналыг төлөвлөгөөнд тусгаж оруулж ирвэл зүгээр байна.

Ж.Батбаясгалан: 

Энэ жил Нийслэл хотын 380 жилийн тэгш ой тохиож байна. 2018 онд Нийслэлийн төсвийг НИТХ-д өргөн барихдаа ойн үндсэн бодлого, ажлын агуулгыг багтааж батлуулсан. Улаанбаатар хотын 380 жилийн түүх бол үе үеийн богдуудтай, шашин соёлын уламжлалтай холбоотой баяр. VIII богд Жавзундамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой бас энэ жил тохиож байгаа. Үүнийг бид бас нийслэлийн 350 жилийн ойтой холбож байгаа. Мөн Гандантэгчинлэн хийдийн орчмын цэцэрлэгийг тохижуулах, иргэдийн амралт зугаалгын төв болгох чиглэлд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ жилийг иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон зарласантай холбоотойгоор Иргэдийн оролцоо, анхан шатны нэгж болох хороо дүүргүүдэд иргэдийн оролцоог өндөр байлгах, тэдний саналыг нь авч бодлого шийдвэрт тусгах тал дээр анхааран, иргэдийн саналыг нэгтгэж байгаа” гэлээ.

НИТХ-ын дарга  С.Амарсайхан

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой гэдэг бол түүх соёлоо уламжилсан, гадаад дотоодод сурталчилсан ажил байх ёстой гэдгийг ойлгож байгаа. Энэ чиглэлийн ажил нийт ажлын 20-30 хувийг эзлэх учиртай. Ажлын хэсэг анхаарах ёстой хэд хэдэн зүйл байна. Давхардсан тоогоор их олон ном хэвлэх, энгэрийн тэмдэг, дурсгалын медалиан гаргах гэдэг дээрх зардалд  анхаарах хэрэгтэй. Ийм зүйлд зайлшгүй зардал гаргах ёстой  боловч нийтийг хавтгайруулсан байдлаар хандаж, төсвийг үргүй зарцуулах ёсгүй. Мөн түүхэн ойш тэмдэглэхдээ  1. Иргэд оршин суугчид, аж ахуйн нэгжүүд, хэлэл мэдээллийн байгуулагуудын оролцоонд тулгуурласан, иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн, хотын соёлыг төлөвшүүлэх чиглэлээр анхаарсан, иргэдэд үлдэцтэй бодитой 4-5 ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүн дээр анхаарч ажиллая. Даншиг наадамд энэ жил төсөв хөрөнгө  зарцуулахгүй, шашин соёлын байгууллагууд нэгдээд өөрсдөө зохион байгуулна биз. Үүнд төсөвлөсөн зардлаар иргэдэд хэрэгтэй олон бүтээлч ажлыг хэрэгжүүлэх ёстой.  2.  Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн  аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа  ухамсарлаад  нийслэлийн бодлогыг дэмжин ажиллаач гэдгийг уриалах байна” гэв.

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийн төлөвлөгөөнд хурлаар хэлэлцлэгдсэн асуудлыг дахин тусгаж,   Тэргүүлэгчдийн дараагийн хурлаар дахин танилцуулахыг үүрэг болгож буцаалаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ