Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав
2019.02.18

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов Зам, тээврийн хөгжлийн сайдын чухал хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргээд Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргын хувиар маш идэвх санаачилгатай хамтран ажиллаж ирснийг дурдаад цаашид Зам, тээврийн хөгжлийн сайдын хувиар хоёр орны түүхэн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө гар нийлэн ажиллана гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сайд Б.Энх-Амгалан Монгол-Оросын харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаанд зам, тээврийн салбарын харилцаа онцгой байр суурь эзэлж байгааг дурдаад, Элчин сайд И.К.Азизовын хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж явдгаа тэмдэглээд, цаашид зам, тээврийн салбарын харилцааг хөгжүүлэхээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэ онд хоёр орны найрамдалт харилцааны олон чухал ойн баяр давхцаж байгаа бөгөөд Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн үүсгэн байгуулагдсаны 70 жил, Халхын голын хамтарсан ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэхээр бэлтгэж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд Монгол, ОХУ-ын төр, засгийн өндөр төвшний харилцан айлчлал хийгдэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд эдгээр ойг угтан “Монгол-Оросын санаачилга-2019” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулах, ойг угтсан олон томоохон арга хэмжээг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа Элчин сайд илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН 2018 онд 25,7 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоосныг тэмдэглээд цаашид тус нийгэмлэгийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэх, тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх болон бусад тулгамдсан асуудлыг ойрын үед шийдвэрлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийлэв.

Мөн энэ онд Монгол-Оросын ЗГХК-ын хуралдаан Монгол Улсад зохион байгуулагдах бөгөөд, энэ үеэр хоёр талын харилцаа, ялангуяа зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны олон чухал шийдвэр гарна гэдэгт найдаж байна. ЗГХК-ын Тээврийн ажлын хэсгийн ээлжит 14 дүгээр хуралдаан энэ сарын 18-19 өдрүүдэд болох бөгөөд Оросын талаас Тээврийн орлогч сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Жил болгон зохион байгуулагддаг энэ уулзалтаар хоёр тал зам, тээврийн салбар өнгөрсөн жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх жилийн ажлаа төлөвлөж ярилцдаг чухал механизм юм.

Талууд хоёр улсын төмөр замын тээвэр, автотээвэр, агаарын тээвэр, автозамын салбарын өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийн талаар ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллахаар тохиролцов.