Б.Баттөмөр: Татварын багц хуулийн төслийг УИХ-ын хаврын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлнэ
Татварын багц хуулийг танилцуулах хэлэлцүүлэг болов
2019.02.18

Б.Баттөмөр: Татварын багц хуулийн төслийг УИХ-ын хаврын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Төсвийн байнгын хорооноос эрхлэн өнөөдөр (2019.02.18) Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хуулийн төслийг өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт оруулахаас өмнө иргэд, олон нийт, судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэх хуулийн зохицуулалтын дагуу энэхүү хэлэлцүүлгийг хийж байна.

Мөн энэ удаагийн хэлэлцүүлэг нь УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах бэлтгэл ажлын нэг болж байгааг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулав. 2018 оны хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 24-ний хооронд улсын хэмжээнд 39 удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Эдгээр хэлэлцүүлэгт 4790 хүн оролцож, 5423 санал гаргаснаас нийгмийн сүлжээгээр 1466 санал ирүүлжээ. 

Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ, “Өнөөдөр төсөв, татварын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслийн үзэл баримтлалын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.

УИХ-аас батлан гаргаж буй хууль тогтоомжууд нь нийгмийн харилцаанд оролцогч аливаа этгээдийн эрх ашигт нийцсэн, нийгэмд үүссэн хүлээлтийг хангасан, төрийн байгууллагуудын хариуцлагыг дээшлүүлж, хүнд суртлыг арилгасан, иргэдэд ээлтэй, нэг мөр ойлгогддог зарчмыг хангасан байх шаардлагатай. Иймээс Татварын багц хуулийн зүйл, заалт бүрийг шүүн тунгааж, хэлэлцэн ярилцаж батлах шаардлага зүй ёсоор гарч байна.

Хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь иргэн бүрийн хүлээсэн үндсэн үүрэг тул татварын эрх зүйн орчныг сайжруулж, татвараас зайлсхийх явдлыг бүрэн хааж, татварын бааз суурь,  төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг чухалчлах ёстой. Үүний зэрэгцээ татвар төлөгчид, бизнес эрхлэгчид, хувь хүний эрх ашгийг дээдлэн аливаа үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжин урамшуулдаг байх хэрэгтэй юм. Ингэснээр бизнесийн орчин сайжирч, далд эдийн засаг ил болж, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдэх ач холбогдолтой” хэмээн онцлов.

Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд 29 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 45 дүрэм журмыг батлах юм байна. 

Дээрх хуулийн төслүүдэд бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз суурийг өргөтгөх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход анхаарчээ.

Жилийн борлуулалтын орлого 1,5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан авна. 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Татварын багц хуулийн шинэчлэлийн талаарх танилцуулгыг хийлээ. Тэрбээр, “Сангийн яамнаас татварын шинэчлэлийг 5 үндсэн зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж, хуулийн төслийг боловсруулсан. Татварын шинэчлэлийн нэг гол зорилт нь татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах учраас 2019 оныг Сангийн яамнаас гааль, татварын шинэчлэлд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

Иргэдэд дарамт шахалт үзүүлдэг биш тайлбарладаг, ойлгуулдаг, харилцан ойлголцож асуудлаа шийддэг байгууллага болгохын тулд ажиллаж байна. 2018 онд эдийн засгийн өсөлт 6,9 хувь хүрч, төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелэсэн. Макро эдийн засаг, нийгмийн хөгжил өсөлтийг дагаад татварын орчин өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой. Тиймээс эдгээр хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар аж ахуйн нэгж, иргэдэд татварын таатай орчин бүрдэнэ гэж үзэж байна” гэв.

Улсын хэмжээнд татвар төлөгч 191 мянган аж ахуйн нэгж байгаагааас 95,9 хувийг бичил, жижиг аж ахуйн нэгж эзэлдэг байна. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд эдгээр аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт бизнесийн орчныг дэмжих аж.

Тодруулбал, Жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан авдаг болох юм байна. Мөн илүү төлсөн татварыг буцаан олгодог болох зохицуулалт ч байгаа юм. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар илүү төлсөн татварыг өөр  төрлийн, эсхүл ирээдүйд төлөх татварт суутгадаг байдлыг өөрчлөх аж.

Татварын ерөнхий хуульд туссан татвар төлөгчийн эрх, үүрэг нь татварын албаны эрх, үүрэгтэй харилцан урвуу хамааралтай байх ёстой боловч өнөөгийн мөрдөгдөж байгаа татварын хууль тогтоомжид татвар төлөгч, татварын албаны хоорондын эрх үүргийн тэнцвэр алдагдаад байгаа талаар танилцуулгад дурдав. Тиймээс дээрх эрх, үүргийн тэнцвэрийг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх, тус хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай шинэ харилцааг хуульчлах шаардлага үүссэн байна.

Түүнчлэн татварын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгож, хуулийн давхардсан зохицуулалтыг төсөлд тусгажээ. Тухайлбал, одоогийн үйлчилж буй хуулиар татвар төлөгч татварын тайлангаа засварлах боломжгүй байдаг. Энэ талаарх бусад улсын туршлагад тулгуурлан татвар төлөгч нь татварын тайлангийн алдаагаа засах боломжийг олгох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Татварын давуу эрхийн зарчмыг шинээр нэвтрүүлэх, татварын зорилгоор бусад улстай мэдээлэл солилцдог болох, эрсдэлтэй татварыг урьдчилан хураах, татвар төлөгч татварын өрөө төлөлгүй хөрөнгөө бусдад шилжүүлэх бол уг этгээдээс татварын өрийг төлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг авах арга хэмжээг шинээр хуульчлахаар тусгажээ.

Мөн одоо үйлчилж байгаа хуульд бий. боловч зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай зохицуулалтуудыг шинэчилсэн найруулгын төсөлд багтаажээ. Үүнд, татварын тайлангийн алдааг урьдчилан илрүүлж, татвар төлөгчид туслах үйл ажиллагааг нарийвчлан журамлах, үнэ шилжилтийн зарчмыг олон улсын стандартад нийцүүлж хуульчлах, татварын албаны хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд үндэслэн хийх, татварын өр төлөх хугацааны хөнгөлөлтийг сунгах, татварын албаны өр хураах ажиллагааны гүйцэтгэлийн эрх мэдлийг өөрчлөх зэрэг зохицуулалтууд тусчээ.

Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэгдүүлэхгүй

Татварын багц шинэчилсэн найруулгын танилцуулгыг хийсний дараагаар хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Батнасан:  -Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа Татварын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж байгаа нь цагаа олсон хэрэг болж байна. УИХ-д өргөн мэдүүлээд есөн сарын хугацаа өнгөрч, анхны хэлэлцүүлгийг хийж чадаагүй гацаад байсан хуулийн төсөл хөдөлж байна. Миний хувьд олон улсад жишиг болсон хялбаршуулсан татварын тогтолцоог нэвтрүүлэх талаарх саналаа ажлын хэсгийнхэнд өгсөн. Хүн бүр, аж ахуйн нэгж бүр адил тэгш үүрэгтэйгээр татвараа төлдөг болох шинэчлэлийг л хийх хэрэгтэй. НӨАТ-ын асуудлыг шийдэхгүйгээр татварын шинэчлэлийг ярих нь учир дутагдалтай. Өнөөгийн эдийн засгийн өсөлттэй харьцуулахад 1,5 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжүүд гэж заасан нь чамлалттай тоо харагдаж байна.
МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: -Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаа. Бидэнд иргэдээс 1000 гаруй санал ирснээс хамгийн их давтамжтай байсан хэд хэдэн саналыг хэлмээр байна. Тухайлбал, ажилтнуудад олгодог хоол, унааны мөнгө болон банкин дахь хадгаламжийн хүүгээс орлогын татвар авдаг байдлыг болиулах хэрэгтэй. Мөн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэж орон сууцны дэмжлэг үзүүлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний татварын дэмжлэг үзүүлэх, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаагаас шалтгаалан хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт өгсөн бол төлбөрийн тодорхой хувийг буцаан олгодог болох, НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувьд хүргэх зэрэг саналуудыг ирүүлсэн. Эдгээр саналуудыг харгалзан үзэж, хуулийн төсөлд тусгах боломж байна уу
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Гаргасан саналуудыг ажлын хэсэг дээр ярилцаж, шийдвэрлэх байх. НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох боломжгүй. Олон улсад НӨАТ-ын болон худалдааны татвартай улс байдаг. Манайх НӨАТ-тай 170 гаруй орны нэг. Эдгээр орнуудаас цөөн тооны улс л НӨАТ-ын буцаан олголт өгдөг.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав: - Орлого олж байгаа бол татвар төлнө. Татвар төлсөн нь зах зээлээ эзэл гэдэг зарчим үйлчлэх ёстой.Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл онолын суурь зарчмуудыг сайн тусгасан учраас УИХ-аар хэлэлцүүлэх явцад гишүүдээс үндсэн концепцийг эвдэхгүй байхыг хүсмээр байна. Манай улсын эдийн засаг ойрын арван жилдээ тасралтгүй өсөх хандлагатай байгаа учраас макро түвшинд харж, татварын бодлогоо уялдуулах шаардлагатай. НӨАТ-ын буцаан олголтын тухайд одоогийн хуулийн хүрээнд эцсийн хэрэглэгч нь аж ахуйн нэгж, иргэд байгаа. Цаашид төр эцсийн хэрэглэгч болох хэрэгтэй. Ингэвэл төрийн худалдан авалт, тендер бүгд цэгцэрнэ. Аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаадад төлсөн татварыг давхар татварын гэрээтэй улс орныг харгалзахгүйгээр тооцдог болох зохицуулалтыг тусгасан нь сайшаалтай байна. Ажлын хэсгийнхнээс хүсэхэд бид Татварын багц хуулийг дагалдан гарах 45 журмын төсөлтэй танилцмаар байна. 

Б.Баттөмөр: Татварын багц хуулийн төслийг УИХ-ын хаврын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлнэ

Хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, саналаа хэлсний дараагаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлэлцүүлгийг хааж үг хэлсэн. Тэрбээр хуулийн зүйл, заалт бүр нь иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг татварын багц хуулийг олон талаас нь хэлэлцсэн оролцогчдод талархал илэрхийлээд, УИХ-ын хаврын ээлжит бус чуулганаар энэхүү багц хуулийн төслийг хэлэлцүүлж, ирэх дөрөвдүгээр сар гэхэд батлуулах зорилттой байгаагаа хэлэв.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, О.Батнасан, Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Ч.Улаан, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Татварын ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь АНУ-ын Худалдааны Танхим, Татварын төлөгчдийн эрх ашгийн хамгаалах холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болон эрдэмтэн судлаачид зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцлоо.