Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын сургалт эхэллээ
2019.02.21

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчдын “УХБС-19” сургалт өнөөдөр Давтан сургалт, сэргээн заслын төвд эхэллээ.  

Сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад,  НОБГ, дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон 21 аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын  50 гаруй байцаагч хамрагдаж байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Алба хаагчдад сургалтын хүрээнд албан хэрэг хөтлөлтийн стандарт, химийн хорт болон аюултай бодис, аюултай хог хаягдлын талаар анхаарах асуудал, хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, Улсын хяналтын байцаагчийн зөрчил шийдвэрлэх ажиллагаа,  гамшгийн орон зайн мэдээллийн системийн хэрэглээ, мал, амьтны гоц халдварт өвчний хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, түүнд тавих хяналт, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, Гамшгийн эрсдэлийн удирдлага, гамшгийн эрсдэлийн үнэлгээ зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх юм.  

Сургалт энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.