Б.Ууганбаяр: Нуранги үүссэн эцсийн дүгнэлтийг мэргэжлийн хяналтаас гаргана
"Эко алтан Заамар" ХХК-ийн уурхайд гарсан ослын үеэр аврах ажиллагааг удирдан явуулсан удирдлага, аврагчдын бүрэлдэхүүн өнөөдөр мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын алба хаагчид үүргээ есөн хоногийн хугацаанд амжилттай биелүүлсэн бөгөөд ирсэн аврагчдыг үе шаттай эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэдгээ хэллээ. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн болон бие бялдрын үзлэгт оруулдаг байна.
Мэдээллийн үеэр Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас сэтгүүлчид зарим зүйлийг тодрууллаа.
- Нуранги үүссэн нь газар хөдлөлттэй холбоотой юу?
- Бид нутгийн иргэдээс нь сураг сонсоход газар хөдлөлт мэдрэгдсэн гэж ярьсан байсан. Гэхдээ уурхай нурсан нь газар хөдлөлтэй шууд холбоотой эсэхийг мэргэжлийн байгууллагууд тогтоосны дараа л мэднэ. Тэгэлгүй шууд холбоотой гэж хэлж болохгүй байх. Энэ асуудал дээр мэргэжлийн хяналтынхан ажиллаж байгаа. Эцсийн дүгнэлтийг мэргэжлийн хяналтаас гаргана.
-Нийт хэчнээн хүн аврах ажиллагаанд оролцсон бэ?
- Аврах ажиллагаанд онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль хяналтынхан зэрэг байгууллагуудаас нийт 250 гаруй албан хаагч ажилласан. Харин онцгой байдлын газраас 36 албан хаагч 9 хоногийн хугацаанд ажилласан.
- Аврах ажиллагаанд хэчнээн нийт төгрөгийн зардал гарсан бол?
- Аврах ажиллагаанд зарцуулагдсан бүх зардлыг тус компани хариуцсан.
- Дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор хөдөлмөрийн аюулгүй байдал болон уурхайн аюулгүй байдалд ямар заавар зөвлөмж өгч ажиллаж байна вэ?
- Энэ асуултаа мэргэжлийн хяналтын газраас асуух хэрэгтэй юм байна. Энэ бол том тохиолдол. Ер нь бол жижиг уурхай, Налайхын уурхайтай холбоотой дуудлага тасралтгүй ирдэг. Тоо буурахгүй байгаа. Онцгой байдлын газар уул уурхайн гэлтгүй цаг үеийн асуудалтай холбоотой сэрэмжлүүлгээ цаг тухайд нь өгөөд явдаг. Одоо хуурайшилт эхэлж, ой хээрийн түймрийн холбогдолтой сэрэмжлүүлгийг их явуулж байна.
Бас мөс цөмөрнө гэдэг сэрэмжлүүлгийг иргэдэд их л хүргэсэн. Гэтэл иргэд маань өөрсдөө их хайхрамжгүй байна. Өчигдөр гэхэд л “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд портер машинтай 3 хүн усанд живчихлээ” гэх дуудлага аваад ажилласан.