Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийн асуудлаар уулзалт хийлээ
2019.02.20

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийн асуудлаар уулзалт хийлээ

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийн асуудлаар Японы Консорциум болох Мицүбиши, Нарита, Ханэда, Жалюкс компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Японы талаас “Мицүбиши” корпорацийн Зам тээвэр, дэд бүтцийн төслийн хэлтсийн даргын орлогч хатагтай Норико Кишикава ахалж оролцов. Мөн Нарита олон улсын нисэх онгоцны буудлын олон улсын төслийн хэлтсийн менежер Норифүми Ёшида, "Ханэда олон улсын нисэх онгоцны буудлын Бизнес маркетингийн газрын Нисэх онгоцны буудлыг хөгжүүлэх хэлтсийн ахлах менежер Акинобү Иномата, “Жалюкс” компанийн Гадаадын нисэх буудлуудын бизнес хөгжлийн газрын менежер Хироаки Сайто нар байлцав.

Уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын нэг Шинэ нисэх буудлын менежментийг сайжруулах, Япон Улсын шилдэг туршлага, ноу-хауг нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд Шинэ нисэх буудлын менежментийн үйл ажиллагааг зохицуулан хэрэгжүүлэх Концессын гэрээ нь талуудад харилцан ашигтай, ирээдүйд учирч болох эрсдлийг адил тэнцүү хуваарилсан, урт хугацаанд тогтвортой, найрсаг хамтын ажиллагааны баримт бичиг болно гэж найдаж байгаагаа онцоллоо.

Мөн Шинэ нисэх буудлыг хурдан хугацаанд ашиглалтад оруулахад хоёр талын байр суурийг ойртуулах, харилцан итгэлцэл, ил тод байдал, нээлттэй зарчимд суурилж, гар нийлж ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Шинэ нисэх буудлыг хоёр улсын Ерөнхий сайд нарын хэлэлцэж тохиролцсоны дагуу, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэг болгосны дагуу 2019 оны 07 дугаар сард багтан нээх шаардлагатай байгаа тул энэ тал дээр анхаарч эрчимтэй ажиллахыг хүсээд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, ажлыг эрчимжүүлэхэд өөрийн зүгээс бүхий л талаар дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Японы Консорциумын төлөөлөл Концессын гэрээний хэлэлцээг ойрын хугацаанд дуусгах, Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах дараагийн шатны үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.