УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр захирамж гаргаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр (2019.03.18) 10 цаг 07 минутад гишүүдийн 73.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Ээлжит бус чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд хуримтлагдсан тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгааг онцлов.
Мөн тэрбээр, Улсын Их Хурлын гишүүдэд хандаж, ээлжит бус чуулганаар гурван үндсэн чиглэлд анхаарч, хүчээ нэгтгэж ажиллахыг уриаллаа. Тухайлбал, парпарламент ёсыг төлөвшүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдаад, “Монгол Улсын Их Хурлын болон дэгийн хуульд оруулсан гишүүдийн сахилга, хариуцлагатай холбоотой заалтуудыг хууль тогтоох үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхлэх нь энэ удаагийн чуулганы нэг онцлог” гэж байлаа.
Энэ удаагийн ээлжит бус чуулганаар чуулганаар:
- Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;
- Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
- Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай
гэсэн 8 асуудлыг тус тус хэлэлцэх юм.