УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ээлжит бус чуулганд оролцохгүй
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ОХУ-д ажлын айлчлал хийж байна.
Түүний айлчлал эх орны дайны ялалтын 70 жилийн ойгоор Монголын ард түмнээс бэлэглэсэн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхэлжээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа болон албаны бусад хүмүүс оролцсон байна. Мөн адуу үржүүлгийн аж ахуй, сүүний аж ахуйгаар зочилжээ.
Ч.Улаан сайдын айлчлал ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушев, Аж үйлдвэр худалдааны орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтуховтой хийсэн уулзалтаар үргэлжилсэн байна. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааны ОХУ-д хийж буй ажлын айлчлалын үеэр Мал, эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл “ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төв”-өөс мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг худалдан авах гэрээ байгуулжээ.
УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээнд дурдсанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан энэ сарын 28-ныг хүртэл тус улсад ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, тэрээр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд бараг оролцохгүй бололтой. Учир нь, ээлжит бус чуулган энэ сарын 29-ныг хүртэл хуралдах юм.