Түүхт ойн хүрээнд зохиогдох ажлуудыг ярилцав
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны долоодугаар сарын 210 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан бөгөөд энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан юм.
Хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, нарийн бичгийн даргаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг нар томилогдон ажиллаж байна. Түүнчлэн ойн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх ажил, чиг үүргийн байдлыг харгалзан, холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн Шадар сайдын тушаалаар зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дөрвөн ажлын хэсэг байгуулсан билээ.
Тэгвэл дэд ажлын хэсгийнхэн өнөөдөр БХЯ-нд хуралдаж, ойг угтаж хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид төлөвлөсөн арга хэмжээ, түүнд шаардагдах төсөв, хугацааны талаар ярилцлаа. Бригадын генерал Х.Батбилэг "Монгол Улсын Шадар сайдаас ойг угтсан ажил, арга хэмжээг яаралтай зохион байгуулж эхлэх талаар үүрэг өгсөн.
Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг ард түмэндээ мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэхэд та бидний үүрэг, оролцоо асар их юм" хэмээн олон асуудлаар ярилцсан юм.