Сурагчид Монголд анх удаа булаг, шандны эхийг хамгаалж, хашаажуулах ажил санаачилж, хэрэгжүүлж байгаа нь маш чухал
2019.04.09

Сурагчид Монголд анх удаа булаг, шандны эхийг хамгаалж, хашаажуулах ажил санаачилж, хэрэгжүүлж байгаа нь маш чухал

ЭКО КЛУБИЙН ХҮҮХДҮҮД СУМ, СУРГУУЛИЙНХАА УЛАЙСДАГ ШАР ГЭРЛИЙГ ЛЕД, СҮҮН ГЭРЛЭЭР СОЛЬЖ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ ГАРГАДАГ БОЛЖЭЭ

Алтай Соёны бүс нутаг дахь эко клубийн хүүхдүүд зэрлэг амьтад ундаалдаг булаг шандыг хамгаалах ажлыг санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд тэднийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар дэмжин ажиллаж байна. Тодруулбал,Говь-Алтай, Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амьдардаг сум, орон нутгийнхаа булаг шандны эхийг санаачилгаараа цэвэрлэж, хашаажуулж мал, амьтдыг цэвэр тунгалаг усаар ундаалахын зэрэгцээ байгаль орчноо хамгаалж, малчид, томчуудад үлгэрлэж буй сайхан үйл явдал өнгөрсөн жилээс өрнөсөн байна. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Шарга сумын эко клубийн сурагчид Шагшигийн булаг, Төгрөг сумын эко клубийн сурагчид Нүдэн булаг, Ховд аймгийн Зэрэг сумын эко клубийн сурагчид Чацарганатын булагийн ундаргыг хашиж хамгаалжээ. Ийм ажлыг санаачлан үр дүнд хүрч байгаа эко клубийн төлөөлөл болсон хүүхдүүдийг “Ногоон паспорт” аяны Багш, сурагчдын чуулганд оролцохоор Улаанбаатар хотод ирээд байхад нь уулзаж, ярилцлаа.

Д.Мөнгөнсүх:БИД ЭНЭ ЖИЛ ДОЛООН БУЛАГ, ШАНДНЫ ЭХИЙГ ХАШААЖУУЛЖ, ХАМГААЛНА

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч, “Та байгалийн эзэн” клубийн гишүүн Д.Мөнгөнсүх “Дэлхийн байгаль хамгаалах сангаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-29-нийг Бөхөн хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Өнгөрсөн жил манай эко клубийн хүүхдүүд“Говийн нүдэн булаг бөхөнгийн усаа хамгаалъя” гэсэн уриан дор Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Нүдэн булагт уг арга хэмжээг зохион байгуулахаар очсон юм. Тэгэхэд булгийн эх орчим маш их бохирдож, олон амьтан шаварт нь шигдэж үхсэнээс гадна булаг бараг ширгэж байсан.

Тиймээс клубийнхээ гишүүн хүүхдүүдтэй “Булгийн эхийг сумын захиргааныхантай хамтарч цэвэрлэе” гэж ярилцаад орон нутгийнхаа удирдлагуудад хэлсэн. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газарт булаг, шандны эхийг цэвэрлэх, хамгаалах ажилд туслаач, хамтран ажиллаач гэж хандсан. Ингээд бид өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Шарга сумын Шагшигийн булаг, Төгрөг сумын Нүдэн булаг, Ховд аймгийн Зэрэг сумын Чацарганатын булагийн ундарга орчмыг цэвэрлэж, хашаажуулж, хамгаалсан.

Цэвэрлэх явцад зөвхөн Нүдэн булгийн лаг шавраас 10 тэмээ, таван үхэр, хоёр хар сүүлтий, бөхөн, үнэгний сэг зэм, хүмүүсийн хаясан ус, ундааны сав гэх мэт хогийг гаргасан.Хэдхэн сарын дараа очиход булаг, шандны усны гарц маш сайжирч, өмнө нь лаг шавар, амьтны сэг зэмээр дүүрэн байсан хэсгүүдэд өвс ногоо ургасан байсан. Бид хашаажуулаад орхихгүй, байнга эргэж тойрч, дөрөв, найм, арваннэгдүгээр сард усны гарц, урсац болоод бусад бүх хэмжилтээ албаны хүмүүстэй хамт хийхээс гадна тухайн баг, орон нутагт амьдарч байгаа айл өрхүүдэд булгаа хамгаалах ажлыг хариуцуулж өгсөн. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас бидэнд тусалж булаг, шандны ойролцоо автомат камер суурилуулж өгсөн. Уг камерт булгаас зөвхөн хүн, мал ундаалдаггүй, зэрлэг амьтад ч ус ууж байгаагаар бичигдсэн олон тохиолдол хадгалагдсан байсан” гэв.

Түүнчлэн тэрбээр “Бид байгаль орчноо хамгаалах, булаг шандаа цэвэрлэх ажлыг хийхдээ үргэлж сэтгэл өндөр байдаг. Байгалиа хамгаалах нь хүүхэд бидний эрхэм зорилгын нэг учраас бид малчид, орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж илүү олон булаг, шандыг хамгаалъя гэх үүднээс булаг, шанд хамгаалах төсөл санаачилж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон “Малчдаа сонсъё” уулзалт хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн удирдлага, малчид, иргэдэд танилцуулсан. Малчид бидний санаачилгыг дэмжиж, одоогийн байдлаар 21 сая төгрөг цуглаад байгаа. Энэ нь Монголд анхдагч үйл явдал. Энэ мөнгөөр Говь-Алтай аймгийн долоон сумын долоон булаг, шандыг цэвэрлэж, хамгаалж хүрэлцэхээр байгаа. Бид ирэх зургадугаар сарын 15 гэхэд булаг, шандаа цэвэрлэж, хашаажуулж, хамгаалж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна” гэж ярьсан юм.

Баруун бүсийн эко 13 клубийн хүүхдүүд “Надад илүү байна”, Байгалийн эмчийг байгальд нь үлдээе”, “Хог хаягдлыг бууруулъя”, “Булаг, шандыг хашаажуулъя” зэрэг аяныг санаачлан амжилттай хэрэгжүүлж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд санаачилгаараа байгальд хаясан хог хаягдлыг түүж, ангилан ялгахаас гадна сургууль, дотуур байр, сумынхаа улайсдаг гэрлийг сүүн болон лед гэрлээр сольж, эдийн засгийн төдийгүй эрчим хүчний хэмнэлт хийх зэрэг санаачилга гарган сум орон нутагтаа хэрэгжүүлж байна.

Хүүхэд, багачуудын өнгөрсөн хугацаанд хийсэн дээрх санаачилга, ажлуудтай БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон тус яамны албад, хэлтсийн дарга нар өнгөрсөн ням гарагт танилцсан юм. Энэ үеэр сурагчид салбарын сайдад байгальд хүмүүсийн хаясан байсан 2813 ширхэг буюу 40 гаруй кг зайг түүж авчирснаа өгсөн юм. Энэ тухай Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Алтан гадас” Ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч, “Цаст гялбаа” эко клубийн гишүүн М.Даваабал “Зай, батарей нь байгаль орчинд хамгийн хор хөнөөлтэй, хөрс, ус, агаар, амьтдыг хамгийн ихээр бохирдуулж байдаг зүйлсийн нэг. Байгальд хаягдсан нэг ширхэг батарей нэг шоо метр талбайг бохирдуулдаг.

Ингэхээр одоогийн байдлаар бид 2813 шоо метр талбайг бохирдохоос хамгаалаад байна гэсэн үг. Мөн нэг хуруу зай найман литр усыг бохирдуулдаг гэж үздэг. Үүгээр тооцоолбол 50.400.000 литр усыг бохирдохоос сэргийлэн энд авчраад байгаа юм. Манай оронд батарейг устгах, дахин боловсруулах зориулалтын үйлдвэр байдаггүй. Тиймээс гаднын оронд байдаг зориулалтын боловсруулах үйлдвэрт хүргэж өгнө үү гэж Н.Цэрэнбат сайдад бид гардуулж байгаа юм” гэсэн юм.

Б.Өсөхбаяр: ХҮҮХДҮҮД БИД ХАМТАРВАЛ БАЙГАЛЬ ОРЧИНД ХОР ХӨНӨӨЛТЭЙ ОЛОН АСУУДЛЫГ ЭЕРЭГЭЭР ШИЙДЭЖ ЧАДНА

Харин энэ үеэр Н.Цэрэнбат сайд “Ховд, Говь-Алтай аймгийн эко клубийн хүүхдүүд санаачилгаараа маш олон сайхан ажил хийж байгааг бид байнга сонсож, дэмжиж ажиллаж байгаа. Жилийн өмнө санаачилж байсан ажлуудынх нь үр дүн гараад, хүүхдүүд маань улам эрч хүчтэй, урам зоригтойгоор шинэ шинэ зүйл санаачилж байгаа нь илүү сайшаалтай байна. Тэр тусмаа сурагчид Монголд анх удаа булаг, шандны эхийг хамгаалж, хашаажуулж байгаа нь маш чухал санаачилга.

Үүнийг хүүхдүүд,малчид маань орон даяар хэрэгжүүлээсэй” гэлээ. Үүний дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат эко клубийн хүүхдүүдийн сургууль, сумынхаа эрчим хүчийг хэрхэн хэмнэж, байгальд ээлтэй болгосон талаарх санаачилгыг сонирхсон юм. Энэ талаар Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10б ангийн сурагч Б.Өсөхбаяр “Улайсдаг шар гэрэл бидний бие, байгальд сөрөг нөлөөтэй төдийгүй эрчим хүчний зарцуулалтад маш их зардал гаргадаг гэдгийг олж мэдсэн. Ингээд хамгийн түрүүнд өөрсдийн сурдаг сургуулийнхаа шар гэрлийг сүүн болон лед гэрлээр солих ажлыг зохион байгуулсан.

Ховд аймгийн дөрвөн сум, Говь-Алтай аймгийн зургаан дунд сургуулийн нэг сарын цахилгааны төлбөр 11.221.794төгрөг гарч байсан бол сүүн болон лед гэрлээр сольсноор сарын цахилгааны төлбөр 6.630.000 болж буурсан. Улмаар “Сүүн гэрэл санхүүгийн хэмнэлт” аянаа дээрх арван сумын хэмжээнд өрнүүлэхэд аян эхлэхээс өмнөх сард цахилгааны нийт зардал 62.735.316 төгрөг байсан бол гэрлийн шилийг сольсны дараа сард 49.070.598 төгрөг болж буурсан байсан. Хүүхдүүд бид хамтарвал байгаль орчинд хор хөнөөлтэй олон асуудлыг эерэгээр шийдэж чадна гэдгийн нэг илэрхийлэл нь энэ гэж бодож байна” хэмээн тайлбарлалаа.

Хүүхдүүд өөрсдийн хүсэл сонирхол, тэмүүллээр байгаль орчноо хамгаалж, үр дүнд хүрч эхэллээ. Хүүхдүүдийн энэ ажлыг салбарын сайд нь ихэд дэмжиж байсан. Булаг шанд, гол горхио хамгаалж байгаа хүүхдүүдийг байгаль орчноо гэх сэтгэлтэй компани, хувь хүмүүс дэмжих биз ээ.