Л.Энхболд: Хууль, хяналтын байгууллагынхан хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг ажиллахаа болих хэрэгтэй
2019.04.15

Л.Энхболд: Хууль, хяналтын байгууллагынхан хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг ажиллахаа болих хэрэгтэй

Үндэсний шуудан сонин, Сэтгүүлч Б.Цэнд-Аюуш

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.


-Та Усны тухай хуульд нэмэлт оруулж, газрын доорх усыг хамгаалах агуулга бүхий хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Энэ хуулийн төслийг боловсруулах шаардлага нь юу байв. Ямар зохицуулалтаар газрын доорх усыг хамгаалахаар тусгасан бэ?

-УИХ-ын гишүүдийн хамт Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн гол үзэл санаа нь газрын доорх цэнгэг усыг хамгаалах агуулгатай гэхэд болно. Бүр тодруулбал газар доорх цэнгэг усны ордыг уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглох юм. Харин хүн амын хүнсний хэрэглээнд ашиглаж болно. Манай улсад газар доорх 206 цэнгэг усны орд байдаг. Бусад улс орон хэрэглээндээ газрын доорх усныхаа 20 орчим хувийг л ашигладаг. Харин гол мөрөн, бороо, цас, шар усны үерийг хуримтлуулан сан байгуулах, саарал усаа дахин цэвэршүүлэх зэргээр гадаргын усныхаа 80 хувийг нь ашиглаж байна. Гэтэл манай улс эсрэгээрээ газрын доорх усаа 80 хувь, гадаргын усаа 20 хувь ашигладаг юм байна. Ер нь, Монгол Улсын газрын доорх ус нь нийт усны нөөцийнхөө 1.9 хувийг л эзэлдэг. Тэгэхээр бид дөнгөж 1.9 хувийг эзэлдэг газрын доорх усны 80 хувийг ашигладаг гэсэн үг. Тиймээс л гадаргын усны хэрэглээний менежментээ сайжруулж, газрын доорх усаа хамгаалах хэрэгтэй гэж үзээд байгаа юм. Бид үүнийг хамгаалалтад авахгүй бол Африкийн уул уурхай хөгжсөн орнуудын түүхийг давтах гээд байна. Мөн цэнгэг усыг уул уурхайд ашиглуулахгүйгээс гадна усаа эрэмбэлэх, цооногуудыг хааж, нөхөн сэргээлт хийх, эрдэстэй усыг ашиглах боломжит нөөцийн түвшинг тогтоох гэсэн дөрвөн чиглэлийн өөрчлөлт оруулах юм. Үүгээр зөвхөн говь биш, улсын хэмжээнд байгаа 206 цэнгэг усны ордыг хамгаалах юм.

-Хайгуулын цооногуудыг улсын төсвөөр нөхнө гэсэн байна лээ. Хайгуул хийсэн аж ахуйн нэгж нь нөхөх хэрэгтэй биз дээ?

-Газар доорх усыг бохирдуулж буй нэг хүчин зүйл нь хайгуулын цооногууд байна. Хайгуул хийсэн газрууд нь нөхөн сэргээлт хийхгүй хаяад явчихдаг. Тухайн орон нутаг нь ч хариуцаж, дорвитой хөөцөлддөггүй. Тиймээс хуулийн төсөлд цооногуудыг тоолж, нөхөн сэргээлт хийх үүргийг тухайн орон нутаг нь хариуцах юм. Хайгуул хийсэн аж ахуйн нэгжээр нөхөн сэргээлт хийлгэж чадахгүй бол эхний ээлжид улсын төсвөөр нөхөн сэргээж, гарсан хохирлыг нь шүүхэд хандаж, аж ахуйн нэгжээс нь гаргуулах боломжийг нээж өгч байгаа юм. Улсын төсвөөр нөхөн сэргээлт хийнэ гэдэг нь цаг хугацаа алдахгүй, газар доорх усыг бохирдуулахгүй байх, цаг алдалгүй авч буй арга хэмжээ юм.

-Газар доорх усыг ашиглаж, нөөцөд өөрчлөлт оруулбал 2-8 жилийн хорих ял оноох нь хэт чанга шийтгэл гэж УИХын гишүүд хэлж байсан. Үүнд өөрчлөлт оруулах уу?

-Усны ордын хэлбэрт өөрчлөлт орох тохиолдолд усны хомсдол бий болж, байгаль цаг уурын өөрчлөлт орно гэж хүмүүс үздэг юм. Тиймээс уул уурхайд эрдэсийн агууламжтай газрын доорх усыг ашиглахдаа ордод өөрчлөлт оруулбал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох хуульд тусгасан.

Ял эдлэхгүйн тулд хууль бус үйлдэл хийдэггүй байх хэрэгтэй. Хэтэрхий туйлшруулж, хэн ч хамаагүй хүнийг хорих гээд байгаа юм биш. Энэ нь жаахан хийсвэр ойлголт л доо.

Арабын орнууд усгүй хэрнээ том усан сан үүсгэж, бороо үерийн усыг хадгалан авч үлдэж чадаж байна. Харин манайх хэдэн сар бороо орж, үерлэж байхад тэр чигт нь гадагш нь урсгаж байгаа хэрнээ газар доорх усаа гамгүй хэрэглэдэг. Гэтэл үерийн усыг усан сан үүсгэж, ашиглаж болдог арга замууд олон бий. Замбараагүй хэрэглээнээс болж усны ордын ашиглах боломжит нөөцийн түвшин өөрчлөгдөж худаг ус, булаг шанд ширгэсэн сөрөг үр дагаварт нь малчин ард иргэд маань бухимдалтай байна. 

-Энэ хуулийг үргэлжлүүлээд хэлэлцвэл их эсэргүүцэлтэй тулах юм биш үү?

-Жижигхэн өөрчлөлт юм шиг боловч агуулгаараа маш том хуулийн төсөл болж байгаа. Бид уул уурхайгаас авч буй үр өгөөжийг хааж байгаа хэрэг биш. Харин газар доорх цэнгэг усаа хамгаалж, газрын доорх эрдэстэй усны зохистой хэрэглээг бий болгож, гадаргын усны хэрэглээний менежментээ сайжруулах л гээд байгаа юм. Уул уурхай, аж ахуйн нэгж эрхлэгчдэд бол дургүйцэл байгаа. Тиймдээ ч эсэргүүцэл их ирэх байх. УИХ-ын гишүүд эх оронч сэтгэлгээ гаргаж, ард иргэд, ирээдүй хойч үеийнхээ ундны усыг хамгаалах хэрэгтэй.

-Засгийн газраас хуулийн төсөлд эсрэг санал өгсөн байна лээ. Үндэслэл нь юу юм бол?

-Хуулийн давхцалтай гэж эсрэг санал өгсөн байсан. Хуулийн төсөлд усны хэрэглээг эрэмбэлж оруулсан. Харин Монгол Улсын усны төлөвлөгөөний менежментэд тусгасан усны эрэмбэтэй давхцал гарсан гэж Засгийн газар эсрэг санал өгсөн байна лээ.

Төлөвлөгөөг хэн ч өөрчилж болно. Харин хуулийг хэн дуртай нь өөрчлөхгүй шүү дээ.

Бусад улс оронд усыг хэрэглэх эрэмбийг хуулиар тогтоож өгдөг юм билээ. Мөн Цэнгэг усны ордыг Усны тухай хуулиар тусгай хамгаалалтад авна гэж заасан байдаг. Энэ хуулиар улсын буюу орон нутгийн тусгай хамгаалалтад авсан мөртлөө журам гаргаж, Засгийн газраас оруулж ирсэн мега төслүүдэд энэ нь үйлчлэхгүй гэж заасан байгаа юм. Мега төслүүдэд уул уурхай, баяжуулах үйлдвэрүүд орно. Тэгэхээр хуулиараа хаасан хэрнээ журмаараа нээгээд өгчихөж байгаа учир энэ хуулийн төслөөр цэнгэг усны ордыг уул уурхайн чиглэлээр хэрэглэхийг бүр мөсөн хориглож өгч байгаа юм.

-Ярилцлагын сэдвээ өөрчилье. ЖДҮХС-гийн зээлийн хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэл гарч байна. Танд шүүхэд шилжүүлж байгаа талаар мэдэгдсэн үү?

-Би Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй гэдгээ өмнө нь ч хэлсэн. Гэхдээ УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн аливаа хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагаас ирсэн хүсэлтийг дэмжих, бусад төрийн байгууллагуудад уламжлах эрхтэй. Үүний дагуу би бичиг хийж өгсөн. Тиймээс би ийм тайлбарыг л өгсөн. Өөр ямар нэгэн тайлбар өгөөгүй.

Би гэмт хэрэг хийгээгүй учраас яллагдагчаар татлаа гэж олон нийтэд зарлаад байгаа тогтоол дээр нь гарын үсэг зураагүй.

Нөгөө талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гаргаж байна. Хууль хяналтын байгууллага улс төрийн намын хэвлэл мэдээллийн алба шиг ажиллахаа больчих хэрэгтэй. Уг нь хүнийг гэм буруутайг шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоох ёстой. Гэтэл гэм буруутай нь тогтоогдоогүй байхад улс төрийн зорилгоор улс төрчдийн нэр хүндийг нь унагаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг байдлыг хязгаарлахгүй бол энэ улсад сайн хүн үлдэхгүй байх. Бид хууль хяналтынхныг хурдан шалга, эцэслээд дүгнэлтээ тайлбарла гэж шаардах эрхгүй. Тиймээс үнэнийг цаг хугацаа л харуулна. Би өмнө нь ингэж зарлаад байгаа нь зохион байгуулалттай л гэж харж байгаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Прокурорын тухай хуулийг өөрчиллөө. Үүнд албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, улс төр хийдэг хүмүүсийн сандарч буй байдал илэрч байгаа биз.

-Зохион байгуулалттай гэж харагдаж байгаа гэлээ. Яагаад тэгж бодох болов?

-Би “Эрдэнэт”-ийн 49 хувийг шалгах ажлын хэсэгт ажиллаж, анхны схемийг нь гаргасан хүн. Ажлын хэсэгт нь ажиллаж, УИХаар тогтоол батлуулж, “Эрдэнэт”- ийн 49 хувийг төрд авахуулсан. Нүүрсний хулгай 60 тэрбум төгрөг биш 600 тэрбум төгрөгийн хулгай. Эхний ээлжид баараггүй 60 тэрбум төгрөгийн асуудлыг гаргаж тавьсан. Цааш нь шалгаж байна. Энэ бол энгийн хүний хулгай биш. Системийн хулгай. Бидний ярьж буй МАНАН-гийнхан оролцсон, зохион байгуулалтад нь хууль хяналтынхан оролцсон.

Тэр байтугай прокурорын өндөр албан тушаалтны төрсөн дүү нь энэ хулгайд холбогдсон. Авлигатай тэмцэх газрын өндөр албан тушаал хашиж байсан хүн нүүрсний хулгайд оролцсон гэж надад сонсогдож байна. Энэ нь илрэх гээд л амь тавьж байгаа юм. Би нэг иргэн зээл авсных нь төлөө хариуцлага хүлээнэ гэдэг сонин асуудал биш. Миний хувьд улс орныхоо эрх ашгийн эсрэг явж үзээгүй, хулгай хийж үзээгүй, төсвийн мөнгө идэх гэж тендерт орж үзээгүй, уул уурхайд ганц шанага шороо ч хөдөлгөж үзээгүй хүн. Намайг юугаар улс орноо хохироосон гэж дайраад байгааг ойлгохгүй л байгаа. Цаг хугацааны шалгуураар бүх зүйл илрэх биз.

-Нүүрсний хулгайтай холбогдсон өндөр албан тушаалтай хүмүүсийг мэднэ гэлээ. Яагаад нэрийг нь зарлахгүй байгаа юм бэ. Хоёр талаасаа барьцаалах асуудал байна уу?

-Нүүрсний хулгайн асуудлыг баримт нотолгоотой нь гаргана. Судлах, шалгах асуудал байгаа. Би 10 орчим ээдрээтэй асуудлыг гаргаж тавьсантай холбоотойгоор надад дургүй хүмүүс зөндөө л байгаа байх. “Эрдэнэт”-ийн 49-ийнхөн тэр чигтээ дургүй байсан. Нүүрсний хулгайнхан тэр чигтээ дургүй. Нүүрсний хулгайн асуудал, “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан асуудал аль алинд нь ерөнхийдөө цөөн хэдэн нэг хэсэг бүлэг хүмүүсийн нэрс яригддаг. Монгол Улсын эдийн засгийн 80 орчим хувийг барьж байгаа стратегийн  ордуудын ард 30 гэр бүл байгаа нь үнэн шүү дээ. Хуулийн байгууллагынхан ч цөөн хэдэн олигархуудын эрх ашгийн төлөө ажиллаж байна.

Яагаад нүүрсний хулгайг баримттай аваачиж өгөөд байхад шалгахгүй бүтэн нэг жил болгочихсон хэрнээ 40 гаруй улс төрчдийг хууль хяналтын байгууллагын үүдэнд жагсаагаад байгаа юм.

Зорилго нь өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд, муухайгаар хэлэхэд барьцаалах гээд байгаа хэрэг. Барьцаанд ордог хэд нь байхад орохгүй хүмүүс ч бас байгаа шүү. Барьцаанд орохгүй байгаа хүмүүсийг шоронд оруулах хүсэл эрмэлзэлтэй юм шиг байгаа юм. Өмнөх 25 жил ийм л түүхээр явж ирсэн. Үндсэн хуулиараа төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ гэж байхад дээр нь хууль хяналтынхан гараад суучихсан тогтолцоотой байгаа. УИХ-ын гишүүдийг айлгаж, ар гэрийнхнийг нь хүртэл байцааж, барьцаанд оруулдаг технологитой. Үүнийг л байхгүй болгох гэж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан юм. Бусдаар бол өөрсдийгөө хамгаалах гэж өөрчлөлт хийгээгүй.

-340 мянган тонн нүүрсний хулгайн хэрэг шүүхэд шилжээгүй юм уу. Сангийн яамнаас шалгалт оруулсны дараа шүүхэд өгсөн гэсэн биз дээ?

-Саяхан Ерөнхий сайд Гашуунсухайт авто замтай холбоотой асуудлаар холбогдох байгууллагынхантай уулзахдаа хууль хяналтын байгууллагын удирдлагуудад нүүрсний хулгайн асуудлыг яаралтай цэгцлэх үүрэг өгсөн. Одоохондоо цагдаагийн байгууллагад шалгагдаад мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байгаа. Удахгүй нийтэд ил болох байх. Миний хувьд нүүрсний хулгайн асуудлыг бүрэн шийдвэрлэж дуустал орхихгүй.