Монгол, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар уулзлаа
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр зохион байгуулдаг ээлжит энэ бага хурал энэ жил найм дахь удаагаа болж байна.
Тус бага хуралд дэлхийн орнуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын судлаач, шинжээчид, Нэгдсэн үндэстний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын улаан загалмайн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл гээд 111 орны 1000 гаруй зочид төлөөлөгч оролцжээ.
Тус бага хурлын хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гадаадын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдагчид үг хэлсний дотор Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцоо" гэсэн сэдвээр илтгэл тавьсан байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хоёр талын уулзалт хийж, салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцжээ.
Сайд С.Шойгу өнгөрсөн онд эх орондоо халуун дотноор хүлээж авсанд талархал илэрхийлээд Орос, Монголын цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг тэмдэглэв. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын аюулгүй байдлын ээлжит бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад ОХУ-ын Батлан хамгаалах яаманд баяр хүргээд, халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлэв. Мөн хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсныг тэмдэглэж цаашид улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтаар С.Шойгу Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээхээр ажиллаж байгаа тухай мэдээлээд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Армийн Александровын нэрэмжит дуу бүжгийн эрдмийн чуулга, уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” нисэх багийг оролцуулахаа баталгаажуулсан байна. Н.Энхболд энэ ойг угтаж Дорнод аймгийн Халх гол сумыг Оросын тусламжаар жишиг сум болгох бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж байгаад талархал илэрхийлээд ойн баярын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ирж оролцоно гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна.