Ч.Улаан: Манай яам 500 гаруй тэрбумын авлагатай, 350 орчим тэрбумын өртэй байна
2019.04.30

Ч.Улаан: Манай яам 500 гаруй тэрбумын авлагатай, 350 орчим тэрбумын өртэй байна

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаантай ярилцлаа.

-Засгийн газрын хуралдаанаар ХХААХҮЯ-ны харьяанд байдаг гурван санг нэгтгэх шийдвэр гаргасан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ. Одоогоор сангууд зээл олгож байгаа юу?

-Манай салбарт гурван сан байгаа. Эдгээр сан өөрсдөө маш хүнд байдалд орсон. Эдийн засгийн хувьд үндсэндээ дампуурсан. Орлого үйл ажиллагаа явуулах боломжоосоо өр, авлага нь давчихсан. Ингээд үйл ажиллагаа явуулах чадваргүй болчихсон. Гэтэл энэ сангууд манай салбарт хэрэгтэй. ЖДҮ-ээ дэмжмээр байдаг, тариалан эрхлэлтээ, мал хамгаалах арга хэмжээгээ дэмжмээр байдаг. Гэтэл дэмждэг сангууд маань эрсдэлд орчихсон. Тиймээс эдгээр санг бүтэц зохион байгуулалтын хувьд нэгтгээд, үйл ажиллагааг нь оновчтой зөв болгохоор зорьж байна. Аж ахуйн ажлыг тусад нь гаргаад. Эдийн засаг, санхүүжилт, урамшууллын механизмыг нь нэгтгэж, нэгдсэн бодлого явуулах юм. Хөрөнгө санхүүжилт татдаг, түүнийгээ өсгөж арвижуулдаг манайхны хэлдгээр тусгай зориулалтын компани буюу санхүүгийн корпораци гэдэг хэлбэрээр үйл ажиллагааг нь явуулах юм. Харин аж ахуйн байгууллагуудыг нь улсын үйлдвэрийн газрын хэлбэрээр зохион байгуулаад үйлчилгээгээ эрхлэх хэлбэрээр өөрчлөлт хийж байна. Мал хамгаалах сангийн ажлын албыг татан буулгасан. Ингээд сангийн үйл ажиллагааг яам өөрөө шууд эрхлэхээр болж байгаа. Цаашдаа сангууд ЖДҮХС-тай нэгдээд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн сан” болно. Гэхдээ зөвхөн зээл өгдөг биш урамшууллаа ч өгдөг, үйлчилгээгээ ч үзүүлдэг болох юм.

-ЖДҮХС-ын зээлийн журмаа шинэчилж байгаа гэсэн энэ ажил дууссан уу. Журманд ямар ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг батлах гэж байна. Энэ хуулийн концепцтой нийцүүлж ЖДҮХС-аас зээл олгох журмаа шинэчилж байна. Энэ хуулиар тогтоосон журмаар 300 сая хүртэлх төгрөгийн зээл шаардаж байгаа аж ахуй нэгжид сангаасаа, түүнээс дээшихийг банкаар дамжуулж өгнө. Хамгийн гол нь шинээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд багаасаа гарааныхаа бизнесийг дэмжүүлэх, тоног төхөөрөмж эргэлтийн хөрөнгөн дээрээ дэмжлэг авах зорилготой байдаг. Барьцаа хөрөнгө багатай, өндөр хүүтэй зээл авах арилжааны банкны шалгуурыг давахгүй аж ахуй нэгжүүдэд зайлшгүй сангаасаа дэмжлэг үзүүлэх шаардлага байна. Энэ чиглэлээр сангуудыг нэгтгэн зохион байгуулна. Удахгүй Засгийн газрын тусгай сангуудын хуульд өөрчлөлт оруулна. Ингээд сангуудыг нэгтгэж “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн сан” болгоно. Энэ сан дээд зэргийн ил тод ажиллана. Ард иргэд, нийгмийн хяналтан дор ажиллана. Шинэ журманд орсон өөрчлөлтийн хэдхэн жишээ хэлье. Зээл хүсч байгаа байгууллага тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргах ёстой. Тодруулбал, шаардагдаж байгаа хөрөнгийн 30 хүртэлх хувийг гаргана гэсэн үг. Нээх сайхан санаа гаргачихаад юу ч байхгүй хөөцөлдөөд байдаг. Тэгэхээр л эрсдэлд ороод байгаа юм. Энэ нь эрсдэлийг багасгах юм. Мөн төслийг нээлттэй шалгаруулж, бүх мэдээллийг олон нийтэд танилцуулна. Хэрвээ зээл хүсч байгаа байгууллага "компанийн нууц, мэдээллээ өгмөөргүй байна" гэвэл төсөлд хамруулах боломжгүй. Мөн зээл олгох хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж байгаа. 50-иас дээш хувийг нь мэргэжлийн холбоод, ТББ-ын төлөөллийг оруулна. Хамгийн чухал өөрчлөлт нь Их хурлын гишүүд, сайд дарга нар, агентлагийн дарга, төрийн албан хаагчид, тэдний гэр бүл хувьцаа эзэмшдэг компаниудад зээл олгохгүй. Тодорхой хугацаанд ингэж байхаас өөр арга алга. Ямар ч байсан шинэ журам хэрэгжээд, хэвштэл энэ бодлогыг барина. Мөн дээрээс нь арилжааны банкуудад тавьж байгаа шаардлагаа их тодорхой болгож байгаа. Арилжааны банкаар зээлээ олгох нь эрсдэл багатай, ажил хариуцаж байгаа хүмүүст амар. Гэхдээ бас асуудал байна. Зээлийн хүү өндөр болно. Барьцаа хөрөнгө өндөр шаардана. Дээрээс нь компани, аж ахуйн нэгжүүд шаардлага хангахгүй байх нь банкинд хэцүү асуудал биш. Эх үүсвэр нь өөрт байж л байна. Компани шалгарахгүй бол эх үүсвэр нь банкинд ашиглагдаад явна. Тиймээс зарим талаараа банкууд зээл олгохгүй байх сонирхол байдаг. Тиймээс энэ шаардлагыг хязгаарлаж өгч байгаа. Мөн банкинд зээлийн муу түүхтэй компаниудад зээл өгөхгүй. Эсвэл зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй хар түүхтэй компаниудад уучлаарай л гэж хэлнэ. Сангийн хөрөнгө бага байна. Бага хөрөнгөө илүү олон компани хүмүүст хүртээмээр байна. Тиймээс иймэрхүү хязгаарлалтыг тавих шаардлагатай.

-Банкнаас олгох зээлийн хүү хэд байх вэ?

-Мэдээж банкны үйл ажиллагааны зардал нэмэгдэнэ. Гэхдээ өнөөдрийн арилжааны банкнаас олгож байгаа зээлээс хэд дахин бага хүүтэй байна. Дээд тал нь 5-6 хэтрэхгүй хүүтэй байлгахаар зорьж байна.

-ЖДҮХС-ийн зээлийн асуудал олон нийтэд ил болсноор сангуудын зээлийн эргэн төлөлт сайжирсан гэсэн. Харин та сангууд дампуурлын ирмэг дээр байна гэж байна. Эргэн төлөлт нэмэгдээгүй юм уу. Эргэн төлөлт хийгдээд ч өрөндөө явж байна уу?

-ЖДҮ-гийн асуудал ил болсноос хойш Их хурлын гишүүдтэй нэр холбогдсон компаниуд зээлээ төлөөд л байна. Ингээд санд их хэмжээний мөнгө хуримтлагдаж байгаа гэж хүмүүс бодоод байх шиг байгаа юм. Тодорхой хэмжээнд зээл төлөгдөж байна. Гэхдээ орж ирсэн мөнгө өрөнд явж байна. Яг үйлдвэрлэгчдийн гар дээр очиж чадахгүй байна. Яах вэ бага багаар сан эрүүлжиж байна. Сангийн яамтай тооцоо хийж, зээл төлөх графикаа шинэчилж авлаа. Тиймээс оны эцэс рүү зээлийн төлөлт нэлээд нэмэгдэнэ. Энэ жил ЖДҮХС-нд 47 тэрбум төгрөгийн санхүүжилтийг баталсан. Үүнийг өгнө. Ингэхдээ 20 гаруй тэрбумыг нь орон нутгуудаараа дамжуулан өгнө. Ер нь 50 хувийг нь орон нутгуудаараа олгох бодлого барьж байна.

-Махны үнэ маш их нэмэгдэж байна. Үхрийн мах 13 мянга, хонины мах есөн мянга дөхөж байна. Махны үнийг барих ямар нэгэн арга хэмжээ авч байна уу?

-Махны үнэд асуудал байна. Он гарахаас өмнө зах зээл дээр давлагаа явсан. Сая бас дөрөвдүгээр сарын дундуур дахиад нэг явлаа. Одоо харьцангуй үнэ тогтворжиж эхэлж байна. Учир нь дөрөвдүгээр сарын 15-наас нөөцийн махыг худалдаанд гаргаад борлуулж эхэлсэн. Өнгөрсөн жил шаардлагатай үед төв суурин газрын зах зээлийг тогтвортой байх хэмжээний махны нөөцийг бэлдэж чадаагүй юм билээ. Үүнээс болоод экспортод их гарсан, дотоодын зах зээл дээрх нөөцөлсөн мах бага, зах зээл дээр орж ирж байгаа махыг дундаас нь худалдаж авч байгаа гаднын худалдаачдын тоо нэмэгдсэн. Ингээд төв суурин махны үнэ өссөн. Энэ байдлыг дахин гаргахгүй байхад онцгой анхаарч байна. Ингээд ирэх өвөл энэ жилийн бэлдсэнээс 2-2.5 дахин их мах бэлдэж нөөцлөх бодолтой байна. Хэрвээ ингэж чадвал махны зах зээлийг хангаж чадна. Ингэснээр махны үнэ тогтвортой байна.

-Хөдөө орон нутгуудад гаднын тэр дундаа Хятадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрүүд маш их баригдаж байна. Тэр нь мал мах ихээр худалдаж авч байна. Үүнд ямар нэгэн хяналт,цензур тавьж байгаа юу?

-Мах боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжинэ. Үйлдвэрийн аргаар махаа бэлтгэж, боловсруулж, ангилж, борлуулах ёстой юм. Өнөөдөр манай улсад бэлтгэгдэж байгаа махны 90 хувь нь гар аргаар, хээрийн нөхцөлдөж бэлтгэгдэж байна. Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу гэдэгт хэн ч баталгаа өгч чадахгүй. Цаашдаа махаа экспортод гаргана гэвэл хээрийн нөхцөлд бэлдсэн мах гэж хаана ч байхгүй. Тиймээс бид хүссэн ч, хүсээгүй ч бэлдэж байгаа малаа үйлдвэрийн аргаар бэлтгэдэг байх ёстой. Энэ үүднээсээ боловсруулах үйлдвэрүүдийг буруутгаж болгохгүй. Түүнээс гаднынхан мах боловсруулаад байна, худалдаж аваад байна. Хориод, цагдаад өг, хөөгөөд гарга гэдэг бол оновчтой бодлого биш.

-Өнгөрсөн жил Хятадууд мах маш ихээр авч байна гэсэн мэдээлэл гарсан. Гол нь хяналт хэр байна вэ?

-Авсан, авсан. Маш ихээр авсан. Бидний тооцоогоор зөвхөн Эмээлт захын орчимд 5-6 сая мал борлуулсан байна. Тэр хэмжээний дагалдах түүхий эд, толгой, шийр, арьс, үс хаягдсан. Зөвхөн махыг нь авахын тулд арьс, мах хоёрыг салгах л зорилго тавьсан. Үүнээс болоод өнөөдөр Эмээлт дээр асар их хэмжээний арьс шир хуримтлагдсан байна. Үйлдвэрт өгье гэхээр үйлдвэр авдаггүй. Гадагш нь гаргая гэхээр гаргахгүй хорьчихсон. Дулаан боллоо, энэ арьс шир муудлаа гэдэг асуудал хүртэл гарч ирж байна. Тиймээс үүнийг судалж үзээд үйлдвэрийн шаардлага хангаад дотроо боловсруулах үйлдвэрт өгч болохыг нь үйлдвэрүүддээ өгнө. Боловсруулах боломжгүйг нь нэг удаадаа гаргах зөвшөөрлийг нь өгнө. Ийм зохицуулалт хийхээр ажиллаж байна.

-Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ хооронд та салбартаа юу хийхээр зорьж байна вэ?

-Ямар ч байсан би энэ салбарыг толгойлон ажиллаж байх хугацаандаа салбарыг санхүү, эдийн засгийн хувьд эрүүлжүүлнэ. Энэ бол миний мэргэжлийн үүрэг. Сангийн сайд байсан хүн энэ салбарт очихсоныг энэ салбарын санхүүг эрүүлжүүлж, өр авлагыг барагдуулах ёстой. Системийн хэмжээгээр аваад үзвэл хүний санаанд багтамгүй аймшигтай тоо байна. Манай яам 500 гаруй тэрбум төгрөгийн авлагатай, 350 орчим тэрбум төгрөгийн өртэй. Тэгээд энэ салбарыг бодлого, үйл ажиллагаа, санхүүгийн хувьд эрүүлжүүлээд, тодорхойлсон бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлэх ажилдаа шуудраад орж байна. Ийм л үүрэг хүлээж байгаа шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. 

Сэтгүүлч Л.Одончимэг