2019.05.28
Энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон Улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын хуралд оролцож, Зэвсэгт хүчний жанжин штабын цэрэг дайчдад хүндэтгэл үзүүлж, үг хэлэв.
Жил бүрийн 5 дугаар сарын 29-нийг НҮБ-аас “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд энэхүү баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт манай улс идэвхитэй оролцож 2002 оноос давхардсан тоогоор 17000 орчим "цэнхэр дуулгатан"-ыг энхийг дэмжих ажиллагаанд илгээн үүрэг гүйцэтгүүлээд байна.
Анх 1948 онд Араб Израйлын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн зорилго нь энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэдэг. Одоогийн байдлаар НҮБ-ын 14 энхийг дэмжих ажиллагаанд дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаа аж. Цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад Монгол Улс 26 дугаарт бичигдэж байна. Засгийн газрын 140-р тогтоолоор баталгаажуулсны дагуу эл өдрийг 2005 оноос тэмдэглэх болжээ.
Энэ жил НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийг “Энгийн иргэдийг хамгаалах, энхийг хамгаалах” гэсэн уриан дор зохион байгуулахаар НҮБ-аас уриалж байгаа юм.