УИХ-ын Цахим бодлогын түр хороо хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээлэл сонслоо
2019.05.29

УИХ-ын Цахим бодлогын түр хороо хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээлэл сонслоо

УИХ-ын Цахим бодлогын түр хорооны хуралдаан өнөөдөр /2019.05.29/ 16 цаг 30 минутад гишүүдийн 53,3 хувийн ирцтэй эхэлж, Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэх, цахим орчин, цахим орчин дахь нийгмийн сүлжээнд зохицуулалт хийх талаар зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан холбогдох байгууллагуудын мэдээлэл сонслоо.

Хуралдааны эхэнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат мэдээлэл хийв. Тэрбээр, төрийн цахим шилжилт, өнөөгийн байдал ба хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Үүнд,

Түүнчлэн, энэ оны гуравдугаар улиралд багтаан аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-т одоо үйл ажиллагаа явуулж буй Нэг цонхны үйлчилгээ болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг операторын (front office) хэлбэрээр ажиллах “Үйлчилгээний нэгдсэн төв” болгон шинэчлэн зохион байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, ил тод байдал болон иргэдэд үзүүлэх үйлчилгээ шуурхай болно гэж үзэж байлаа. Мөн иргэн, байгууллагаас ирүүлсэн үйлчилгээ авах тухай хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх журманд холбогдох өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна гэв.

Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, цахим шинэчлэлийн нөхцөл байдлын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржийн мэдээлэл сонсов. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2018 оны зургадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг шинэчилэн баталсан. Ингэснээр  цахим, цахим архив, цахим мэдээлэл, төрийн байгууллагууд цахим мэдээллээ хэрхэн солилцох, хадгалах зэрэг шинэчлэлийг анх удаа хуульчилж өгсөн. Түүнчлэн цахим мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартай гэж анх удаа хуульчилсан.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авахын сацуу саналаа хэллээ.УИХ-ын гишүүн Л.Болд, Эстони Улсын жишээнээс электрон сонгууль явуулах системийг нэвтрүүлэх талаар тодруулахад нарийвчалсан судалгаа хийж дараагийн хуралдаанд танилцуулах болно гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат хэлэв.  Ийнхүү УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг Монгол Улсын Засгийн чиглэл өгөх тухай тогтоолын төсөлд тусгахаар болж, дараагийн хуралдаанаар уг тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүдийн олонх нь үзлээ.