Монгол, Канадын  “Дугуй ширээний уулзалт”-ын VIII хуралдаан боллоо
2019.06.05

Монгол, Канадын “Дугуй ширээний уулзалт”-ын VIII хуралдаан боллоо

Монгол, Канадын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны  “Дугуй ширээний уулзалт”-ын VIII хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтыг Монголын талаас УУХҮ-ийн сайд , тус уулзалтын Монголын хэсгийн дарга Д.Сумъяабазар, Канадын талаас Гадаад хэргийн Туслах дэд сайд Доналд Бобиаш нар даргалан явууллаа.

Хоёр тал  улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх асуудлаар ярилцав.

Талууд уул уурхайн салбарын хамтын ажиллагаа нь манай хоёр орны харилцааны тэргүүлэх чиглэл хэвээр байхыг тэмдэглээд цаашид уул уурхайн салбараас төрөлжсөн эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахын чухлыг тэмдэглэв.

Мөн Канадын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүд Монгол Улсад амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч байгааг манай тал талархан тэмдэглэж, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Монголд 1.5-7 жилийн хугацаатай 40 орчим сая канад долларын санхүүжилт бүхий Олборлох салбарын менежментийг сайжруулах (SESMIM), Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн удирдлагыг сайжруулах (MERIT), төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш байдлыг хангах зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж, Монголын нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж байна.

Хоёр тал “Дугуй ширээний уулзалт”-ыг 2003 оноос эхлэн 2 жил тутамд тус тусын нийслэлд ээлжлэн зохион байгуулж  байна.