“Транзит Монгол-2019” олон улсын форум эхэллээ
2019.06.05

“Транзит Монгол-2019” олон улсын форум эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн санаачилгаар “Транзит Монгол-2019” форум “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д эхэлж байна.

Монгол соёл, өв уламлалын дагуу Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Ц.Отгонцэцэг, морин хуурч н.Сосорбарам нар Монгол ардын уртын дуу “Эрхэм төр” дуугаар арга хэмжээний жаврыг үргээлээ.

Энэ удаагийн форум нь “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхэн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Транзит Монгол” хөтөлбөр 2008 онд батлагдаж, анхны танилцуулгаа 2009 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хийсэн түүхтэй. Хэсэг хугацаанд завсарласны дараа “Транзит Монгол-2017” анхны форум БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо, “Транзит Монгол-2018” форум ОХУ-ын нийслэл Москва хотноо тус тус зохион байгуулагдсан билээ.

Энэхүү форумд Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Милостных И.В, ОХУ-ын “МосГипроТранс” Нээлттэй нийгэмлэгийн Ерөнхий захирал И.В.Мицук, Монголын Төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл, ОХУ-ын болон БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөллүүд, БНХАУ-ын Төмөр замын төв компани”-ийг төлөөлж Хөх хотын төмөр замын дарга Жан Зи И, БНХАУ-ын Олон улсын тээвэр зуучин холбооны Нарийн бичгийн дарга Ли Бэйжан нарын зочид төлөөлөгчид оролцож байна.

“Тразит Монгол-2019” олон улсын форумыг нээж УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд аа! Эрхэм хүндэт, хатагтай, ноёд, зочид төлөөлөгчид өө! Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Транзит Монгол-2019” олон улсын форумын ажиллагаанд оролцогч хүндэт зочид, төлөөлөгч та бүхэндээ нийт төмөр замчдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж, эрүүл энх, эрч хүч, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье!

Юуны өмнө би товчхон түүх өгүүлэхийг хүсч байна. Монгол Улсын  Засгийн газрын  тогтоолоор анх “Транзит Монгол” хөтөлбөр 2008 онд батлагдаж, Бид анхны танилцуулгаа 2009 оны 2 дугаар сарын 25-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулж байсан бол өнөөдөр даруй 10 жилийн хугацаа өнгөрч, 2017 онд дахин Бээжин хотноо, 2018 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо энэхүү Транзит Монгол үйл ажиллагааг хөрш орнуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байлаа. Далайд гарцгүй Монгол Улсын тээвэр худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаанд хөрш орнуудын үзүүлж байгаа дэмжлэг туслалцаанд талархаж байна.

Өнөөдөр Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч байгаа чингэлгийн тоо 2018 онд 85097 ДФЭ тээвэрлэсэн бол энэ оны эхний 4 сарын байдлаар 40828 ДФЭ болоод байна. Энэ дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгааг харуулж байна. “УБТЗ” ХНН нь хөгжлийнхөө шинэ эрин үе буюу техникийн шинэчлэлийн эрин үетэй золгоод байна.

Төмөр замд шинэ шинэ төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Жишээ нь: Галт тэрэгний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах төсөл, Ачаа тээврийн  цахим мэдээлэл програм хангамж, УБТЗ-ын 2030 хөтөлбөрийн эхний шатны арга хэмжээ зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна. Саяхан Замын-Үүдэд баригдсан Бүс нутгийн Логистикийн төвийг УБТЗ ажиллуулахаар болоод байна.   

УБТЗ-ыг Бүс нутгийн тээврийн зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, Ази-Европыг холбосон транзит тээврийн коридор болгох, тээх чадварыг 2020 он гэхэд 32 сая.тн-д хүргэхээр шамдан ажиллаж байна.  

Эрхэм хүндэт, хатагтай, ноёд, зочид төлөөлөгчид өө!

Бидний зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь “УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан томоохон бэлэг болж байна. 

УБТЗ-ын хамт олон бид  үйлчилүүлэгч та бүхэнд итгэлтэй, найдвартай үйлчилгээ үзүүлж,  улс  орныхоо хөгжил дэвшлийн төлөө  ямагт  хамтран  ажиллахад бэлэн байна.

“УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын     мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайханыг хүсэн ерөөж, форумын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэж байна.

Бид бүгдийн арга хэмжээ үр дүнд хүрч, шинэ амжилтын эхлэл болно гэдэгт гүнээ итгэж байна. Та бүхэнд баярлалаа” гэж хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Транзит Монгол-2019” форумд оролцогчдод илгээлт ирүүлснийг Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ уншиж танилцуулав. Гүйцэтгэх засаглалын тэргүүн илгээлтдээ гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж буй энэхүү форумын ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглээд, форумд оролцогчдод амжилт хүсэв.

Жил дараалан энэхүү форумыг зохион байгуулсны үр дүнд Монгол Улсын нутгаар дамжин тээвэрлэгдэх ачааны хэмжээ өсөж, нэн ялангуяа манай улсын нутгаар дамжин өнгөрөх Ази-Европын хоорондох чингэлэг тээвэр үлэмж хэмжээгээр нэмэгдсэн билээ.

Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 2016 онд 167 галт тэрэг, 2017 онд 556 галт тэрэг, 2018 онд 855 галт тэрэг болж нэмэгдсэн бол 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 397 галт тэрэг болж, Европоос Ази чиглэлд 210 галт тэрэг, харин Азиас Европ чиглэлд 187 галт тэрэг аялаад байна.

Энэхүү өсөлт нь “Улаанбаатар төмөр зам”-ын тээврийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа хөрш орнуудын төмөр замын байгууллагуудын хамтын  ажиллагааны үр дүн юм.

Өнгөрсөн онд Москва хотноо транзит тээврийн үйлчилгээгээ олон улсад сурталчлан танилцуулдаг “Транзит Монгол-2018” форум “TransRussia” Олон улсын тээвэр, логистикийн үйлчилгээ технологийн XXIII үзэсгэлэнгийн хүрээнд амжилттай болсон билээ. “Транзит Монгол-2018” форумын үр дүнд “Улаанбаатар төмөр зам”-ын транзит тээврийн хэмжээ 3.37 сая тонн болж өссөн үзүүлэлттэй байна.

Энэ үеэр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа “Сүүлийн жилүүдэд хөрш орнууд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын тээврийн салбарын асуудлыг эрчимтэй хэлэлцэж, томоохон төслүүд хэрэгжихээр болсон нь төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэх таатай боломж бүрдэж байна. Цаашид төмөр замын хөгжлийг “Бүс ба зам” санаачилгын хүрээнд илүү өргөтгөх боломжтой. УБТЗ 2019 онд нэг зөрлөг шинээр нээж, 16 зөрлөгт галт тэрэг хүлээн авах замын тоог нэмэгдүүлнэ. Үүний үр дүнд тээх чадварын хэмжээ 28 сая тонн-д хүрэх тооцоо бий.

2018 онд замын их засварын ажлын хэмжээг 1,6 дахин нэмэгдүүлсэн. Цаашид ачаа эргэлт нэмэгдэхийн хэрээр төмөр замын суурь бүтцэд шинэчлэн сайжруулалтын чиглэлээр хийх шаардлагатай төсөл хөтөлбөрийг хөршүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэх болно.

Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч буй Транс-Монголын коридор буюу “Улаанбаатар төмөр зам” нь Европ-Азийг холбосон тээврийн коридорын хамгийн өрсөлдөх чадвар бүхий Транс-Сибирийн тээврийн коридорын гол тэтгэгч шугам юм” хэмээн онцлоод Монголын хоёр талаар явж буй тээврийн коридор ачаалал ихтэй, харин Монголоор дамжих коридор илүү дөт бөгөөд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэйг онцлон тэмдэглэсэн билээ.