Л.Болд: Б.Булганыг ЭРҮҮДЭЖ, Б.Содномдаржааг ТАМЛАЖ байгаа бичлэг бий
2019.06.06

Л.Болд: Б.Булганыг ЭРҮҮДЭЖ, Б.Содномдаржааг ТАМЛАЖ байгаа бичлэг бий

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан нь бичлэгээр ил болсон билээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүн ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Түүнчлэн эрүүдэн шүүсэн хэрэгт найман хүний холбогдуулан шалгаж байгаа бөгөөд хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэх гэж байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Болд хэллээ. Түүнээс дараах асуултад хариулт авав.


-Гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг олон нийтэд үзүүллээ. Дээр нь С.Зоригийн хэргийн тодорхой баримтуудыг нууцын зэрэглэлээс гаргасан гэж сонссон. Энэ үнэн үү?

-Төрийн нууцад хамаарч байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Булган нарын захидлыг ил болгохоор боллоо. Өөрөөр хэлбэл, хүссэн нэг нь хуулбарыг нь авч, танилцаж болно.

-Талийгаач С.Зоригийн гэргий Б.Булганыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд ил болгоно гэсэн. Хэзээ ил болгох вэ?

-Бидэнд Б.Булганыг эрүүдэн шүүж байгаа бичлэг ирсэн. Б.Содномдаржааг илүү их тамлан зовоож байгаа бичлэг ч нэмж ирлээ. Энэ бүхнийг Засгийн газарт танилцуулж, удахгүй олон нийтэд ил болгох төлөвлөгөөтэй байна.

-Олон улсын парламентын холбооноос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзах хүсэлт тавьсан гэх мэдээлэл бий. Тэдний хүсэлтийг хангах боломж бий юу?

-Бий. Тэд хүсэлт тавьсан. Нааштайгаар шийдэгдэх байх гэж бодож байна.

-Эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр яг хэдэн хүнийг цагдан хориод байна вэ. Тэдэнд холбогдох хэрэг ямар шатандаа явна. Танд ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Нийт найман хүнийг шалгаж байгаа юм билээ. Удахгүй хэрэг нь шүүхэд шилжих байх. Мэдээж тэд ял, шийтгэлээ авах байх. Гэхдээ тэдний цаана захиалагч нар бий. Тэд ч хуулийн зохих хариуцлагаа хүлээх ёстой. Ер нь, С.Зоригийн хэрэг үнэн, зөвөөр шийдэгдэх цоо шинэ нөхцөл байдал бүрдсэн гэж ойлгож болно шүү.

-Яаж тэр вэ, С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны ажил хэр урагштай байна вэ. Цаашид хэргийн аль хэсэгт нь илүү анхаарч ажиллахаар төлөвлөв?

-Нэг сар хүрэхгүй хугацаанд Түр хороо дөрвөн удаа хуралдсан байна. Дээр нь олон уулзалт хийж, холбогдох хүмүүсийн байр суурийг нь сонслоо. Ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай ч уулзлаа. Ямартай ч Хүний эрхийн үндэсний комиссоос дүгнэлт гаргуулах, Олон улсын парламентын холбооны Ажлын хэсгийг дахин ажиллах нөхцөлийг хангалаа. Энэ мэт ажил урашилж л байна. Гэхдээ хамгийн эхэнд хилсээр хэрэг хүлээсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах шаардлагатай. Энэ чиглэлд Түр хороо анхаарч ажиллах болно.

-Гэхдээ хүч түрж биш, хуулийн хүрээнд тэднийг суллах ёстой биз дээ. Учир нь, та нарыг “УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрээр хуулийн байгууллагад нөлөөлж байна” гэж үзэх ч хэсэг байна. Яг хууль журмынх нь дагуу хэргийг задлах, хэрэгсэхгүй болгох ч гэдэг юм уу, Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг суллах боломж бий юу?

-Энэ хүмүүст хуулийн дагуу ял оноосон. Бүх зүйл хуулийн хүрээнд явж байсан гэдэгт итгэсэн. Хэрэв эрүүдэн шүүж байгаа бичлэг ил болоогүй бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан. Тэр бичлэг ил болоогүй бол яах вэ, бодохоос ч аймшигтай байгаа биз дээ. Тэр хоёр хүний хувь заяа бүр мөсөн өнгөрөх байсан шүү. Одоо хуулийн дагуу явна гэвэл тэд бүх насаараа хоригдох байх. Гэтэл тэр хоёр хүний биеийн байдал хүнд байна. Яаралтай суллах л шаардлагатай.

-Хугацаа алдаж болохгүй гэж үү?

-Тийм ээ, алдаж болохгүй. Өнөөгийн нөхцөлд хууль, хүнд суртлын асуудлыг ярих цаг нь биш. Хугацаа алдах ямар ч шаардлага байхгүй. Шүүхийн шийдвэрийг одоо хэр нь нийтэд үзүүлээгүй. Таг нуучихсан. Учир нь, тэнд эрүүдэн шүүсэн нь тогтоогдоогүй, хэргээ хүлээсэн тул гээд л биччихсэн байгаа юм. Өөр юу ч байхгүй, үнэхээр ичмээр шүү. Тэгээд л тэр бичгээ таг нуучихсан хэрэг.