"Баялагтаа эзэн Монгол" лобби бүлгээс нэр бүхий шүүгчийг өөрчлөх хүсэлтээ ҮАБЗ-д хүргүүлсэн байна
2019.06.21

"Баялагтаа эзэн Монгол" лобби бүлгээс нэр бүхий шүүгчийг өөрчлөх хүсэлтээ ҮАБЗ-д хүргүүлсэн байна

УИХ дахь "Баялагтаа эзэн Монгол" лобби бүлгээс нэр бүхий шүүгчийг өөрчлөх хүсэлтээ ҮАБЗ-д хүргүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэв. Эрүүгийн танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Х.Идэр, М.Батсуурь, Ц.Зориг нарыг өөрчилж, албан тушаалд нь өөр хүн томилохгүй бол томоохон хэргүүд шийдэгдэхгүй өнгөрнө хэмээн үзэж байгаагаа дээрх бүлгийнхэн илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Шударга ёсны төлөө нам харгалзахгүйгээр, УИХ-ын таван гишүүн нэгдэж, "манан" бүлэглэлийн эсрэг тэмцлийг 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр эхлүүлсэн. Тухайн үед, эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан генерал “дөрвөн үсэгт” БНСУ-д элчин сайд болох гэж байгааг эсэргүүцэж байсан юм.

Генерал Б.Хурцын явуулсан мөрдөн шалгах ажиллагаанаас болж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын олон хүн хилс хэргээр ял эдэлж байна. Үүний дараа бид 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг наймаалцсан гэх хүмүүстэй тэмцлээ эхлүүлсэн. Мөн Баялагтаа эзэн байх Монгол бодлого, хулгайд алдагдсан стратегийн ордоо эргүүлэн авах тэмцлийг эхлүүлсэн. Үүнээс хойш олон зүйл өөрчлөгдсөн. Тухайлбал, 60 тэрбумын схем зохиосон гэх М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулсан. Энэ хэргийг хаацайлдаг зарим хууль, хяналтын байгууллагын удирдлагыг өөрчилсөн. Олон жил дарагдсан хэргүүд эхнээсээ шүүхэд шилжиж байна” гэв. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

“Монголчууд 30 хэмийн хүйтэнд хоёр удаа 30 мянгуулаа жагссаны үр дүнд бидний тэмцэлд ахиц гарсан. Чамлахаар чанга атга гэдэг. Шударга ёсны хүсэмжлэл 95 хувийг давсан өнөө цагт энэхүү ахиц нийгмийн сэтгэлзүйд удаан санагдаж байгаа байх. Намайг сайд болчихоод дуугуй суу гэж зарим хүмүүс хэлж байна. Ийм жишиг өнгөрсөн. Албан тушаалд амаа үдүүлээд суудаг шинэ үеийнхэн бид биш. Наадам ч дөхөж байна. Баяр наадмын үеэр олон булхай хөшигний цаана болж өнгөрдөг. Тиймээс бид тэмцлээ сулруулж болохгүй, анхааралтай харж байх хэрэгтэй. Гурван шатны шүүхээр ялласан гурван хүнийг эрүүдэн шүүж байсан нь камерын бичлэгээр илэрсэн. Үүнийг гардан зохион байгуулсан генерал Б.Хурц тэргүүтэй хуулийн байгууллагын хуучин дарга нарын хэргийг ардчилсан Монгол Улсын шүүх хэрхэн шүүхийг бүгд харах гэж байна.

Шүүх байгууллагын 70 орчим хувь нь системийн томилгоо буюу “манан” бүлэглэлтэй холбоотой гэх мэдээлэл бидэнд ирсэн. Өдрөөс өдөрт энэ бүхэн үнэн гэдэг нь батлагдаж байна. Энэ бүлэглэл Монголын улс төр, бизнесийн салбарын хорт хавдар болсон. Хамгийн багадаа 10 жилийн хугацаанд энэ бүлэглэлийг дарна гэхэд хүмүүс намайг шоолж байсан. Өнөөдөр энэ бүлэглэлийн эд эсүүд хүчтэй “антибиотик”-д тариулаад хөдөлж чадахгүй болтлоо гацсан байна. Нийгмийн анхаарал сарнисан нөхцөлд энэ эд эсүүд эргэж сэргэнэ. Тиймээс бид нүд цавчилгүй анхаарах хэрэгтэй. Шүүхэд 5 хоногийн дотор шийдэгддэг байсан бичиг өнөөдөр 30 хоногийн дотор хариу ирэхгүй дарагдах асуудал байна. Цаг тухай бүрт бүх зүйлийг зарлан мэдээлж байх болно. Энэ нь шүүхийн  хараат бус байдалд халдаж байгаа асуудал биш юм” хэмээв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан,

“Олон хүн надаас “М.Энхболдыг огцруулсны дараа нар гарах уу” гэж асууж байлаа. Тэгвэл өнөөдөр олон зүйл шударгаар шийдэгдэж эхэлсэн байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч болсон. Тус үйлдвэрийн 49 хувийг төрийн оролцоотой хувьдаа завшсан этгээдийн хэрэг шүүхэд шилжсэн. Мөн үйлдвэрийн 49 хувийг барьцаалж, Стандарт банкнаас зээл авсан Ш.Батхүүгийн хэргийг шүүх хүлээн авсан. Дээрх зээлийн өр, хүүгийн төлбөрт нийт 200 сая ам.доллар төлөх нөхцөл байдал үүссэн байсан ч Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүд шуурхай арга хэмжээ авч 40 сая ам.доллароор хязгаарлаж, төлөх ажиллагааг явуулсан. Одоо өр төлсөн хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн авах ажлыг эрчимжүүлж байна. Эхний ээлжинд Ш.Батхүүгийн 50 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэн хураасан. Дахиад цаана байсан хөрөнгийг нь хуулийн байгууллага 2013 онд дээрэмдэж авсныг мөн шалгуулж эхэллээ.

Түүнчлэн Оюутолгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын холбогдох хэрэг шүүхэд очсон. Эдгээр томоохон хэргүүд дээр шинээр томилогдсон хуулийн байгууллагын удирдлагууд шуурхай ажиллаж шүүхэд шилжүүлжээ.  Гэхдээ бид зөвхөн шүүхийн шийдвэрийг хүлээж болохгүй. Учир нь “манан” бүлэглэлийн гар хөл болсон хүмүүс шүүхэд идэвхтэй ажиллаж байна. ҮАБЗ-ийн гишүүд бүх шатны шүүгчийг өөрчилдөг эрхийг нь хуулиар олгосон.  Тиймээс бид ҮАБЗ-ийн гурван гишүүнд нэр бүхий шүүгчийг даруй өөрчлөх хүсэлт гаргасан. Тухайлбал, Эрүүгийн танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Х.Идэр, М.Батсуурь, Ц.Зориг нарыг өөрчилж, албан тушаалд нь өөр хүн томилохгүй бол томоохон хэргүүд шийдэгдэхгүй өнгөрнө” гэв.