Газрын холд орших ч сэтгэлд ойрхон ДАГЕСТАН
2019.07.05

Газрын холд орших ч сэтгэлд ойрхон ДАГЕСТАН

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, судлаач Б.Галааридын Дагестан улсад ажилласан тухай нийтлэлийг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.

Уулсын орон Дагестанд очоод ирлээ. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг сургаал үг тэнд байх хугацаанд бодлоос салсангүй. Үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёл, зочломтгой түмэн нь эргээд заавал ирэх хүсэл төрүүлнэ. УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн ахалсан багийн бүрэлдэхүүнд орж, ОХУ-ын Дагестаны Каспийск хотноо болсон “Торгоны зам”, “Цайны замын дэд бүтцийн хөгжил” сэдэвт олон улсын хуралд оролцох явцад үзсэн дуулснаа эрхэм уншигчтайгаа хуваалцахыг хүслээ.

1. Танил атлаа танил бус Дагестан

Дагестан гэдэг нэр “Уулсын орон” гэсэн утгатай аж. Каспийн тэнгисийг хаяалж, Кавказын уулсыг түшсэн Дагестан уртаараа 400, өргөнөөрөө 200 гаруй км газар нутагтай. Жилийн дундаж хэм зундаа +30, өвөлдөө +2, зөөлөндүү уур амьсгалтай. Ууландаа ч сүүлийн жилүүдэд бага багаар дулаарч байгаа аж.

“Уулсын орон” нэртэй ч 6 мянга гаруй гол горхитойг нь бодохоор “Усны орон” гэсэн ч болохгүй юмгүй мэт. Хуурай газраар Азербайжан, Гүрж, Чечень, Ставрополийн хязгаар, Халимагтай хиллэнэ. Каспийн тэнгисээр дамжин Туркмен, Казахстан, Ирантай хиллэнэ. Дагестан 3 сая хүн амтайнх нь 96 хувь мусульманууд. Сүсэгтнүүдийн 97 хувь нь суннит. 1600-1700 орчим мечеть байдаг гэхээр бас л олон сүм хийдтэй газар юм. 

Дагестан гэж тусдаа хэл байхгүй. Дагестан гэж бие даасан үндэстэн байхгүй. Дагестаны тавин мянган хавтгай дөрвөлжин км газар нутаг дээр нь авар, даргин, кумык, лезгин, цахур, ногай, агул гээд 36 уугуул, нийтдээ 102 угсаатан амьдардаг гэнэ. Орос хэл төрийн хэл, мөн эдгээр олон угсаатныг холбогч цорын ганц хэл. Уугуул 14 хэлтэн өөрийн гэсэн бичиг үсэгтэй, бусад нь бичиг үсэггүй гэж танилцуулсан. Мөн эдгээр 14 хэл тус бүрээр сонин, телевиз, радиотой гэнэ. Дагестан нийтдээ 400 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй аж. 

Дагестанд олон бахархал бий. Гар урлал, хивсээрээ алдартай. Газрын тос, байгалийн хий, тоног төхөөрөмж, машины үйлдвэрлэл, барилгын материал, эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, жимс жимсгэний аж ахуй сайн хөгжсөн. Хамгийн том давуу тал нь Оросын хамгийн өмнөд цэг дээрх усан зам, төмөр зам, агаарын зам, нефть, хийн хоолойн хүчирхэг зангилаа болж чадаж байгаад оршино. Олимпын 22 аваргатай, алдар суу нь дэлхийд түгсэн урлаг спорт, утга зохиолын од олонтой гээд энэ ард түмний талаар бичээд байвал дуусахгүй. Гэвч энэ бүх амжилт ололтын цаана хүн л байдаг. Тэгвэл дагестан хүн гэж хэн бэ? Тэд ирсэн зочныг чин сэтгэлээсээ хүндэлдэг найрсаг зочломтгой. Тэд нэр хугарснаас яс хугарсан нь дээр гэсэн үздэг омог бардам хүмүүс. Тэд үхлээс айдаггүй, харин үхээнц дорой байдлыг жигшдэг уулын бүргэд мэт омог бардам хүмүүс.

2. Эх орончийн эрэлхэг гавъяа

2016 оны долдугаар сарын 10-нд Дагестаны Сергакол хэмээх суурины ахан дүүсээрээ байгальд амарч явсан хүмүүс халдлагад өртжээ.

Тэдэн дунд орон нутгийн цагдаагийн дэслэгч Магомед Нурбагандов байсныг мэдсэн алан хядагчид бичлэг хийн хууль, цагдаагийн байгууллагынхныг ажлаасаа гарахыг уриал гэж шаардахад тэрээр эрс хатуу эсэргүүцэж “Работайте братья” гэж хэлээд буудуулжээ. Түүний энэ үг хожим нь Оросын тусгай албаныхны хамгийн бахархалт хэллэг болж, Оросын өргөн уудам нутаг даяар эх оронч үзлийн дуудлага болон тарсан юм. Магомед тэгэхэд 31 настай байв. Дөрвөн настай охин, зургаан настай хүү нь өнчирч, хань нь цэл залуугаараа бэлэвсэрч, аав ээж нь нэг дор гурвын гурван хүүхдээ алуулан амьдын тамд унажээ. 

Орос орон тэдний баатарлаг үхлийн талаар олж мэдтэл жар хоног өнгөрчээ. Алан хядагчдын нэг бүлгийг устгах үеэр Магомед Нурбагандовын бичлэгтэй гар утас олдож, 2019 оны есдүгээр сарын 20-нд түүнд ОХУ-ын баатар цол олгох зарлигт Владимир Путин гарын үсэг зурав. Маргааш нь түүний аав ээжийг В.Путин хүлээн авч уулзахдаа “Тэр бол баатар. Яагаад гэвэл буудан алахаар заналхийлж байхад тэр болгон хүн өргөсөн тангараг, үүрэгт ажилдаа үнэнч, өөрийн ард түмэндээ үнэнч байж чаддаггүй. Зөвхөн жинхэнэ баатрууд, жинхэнэ эрчүүд үхэл рүү нүд дальдралгүй харж чаддаг. Та хүүгээ яг тийм хүн болгон хүмүүжүүлжээ” гэсэн байдаг. 

Нурбагандовын түүхийг сонссон хэний ч сэтгэл догдолж, бахархал төрнө. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Монголоос явахдаа энэхүү баатарлаг хөвүүний аав ээжтэй уулзаж хүндэтгэл үзүүлнэ гэж шийдсэн аж. Баатрын эцэг Нурбаганд Магомедович монголчууд хүүг нь хүндэтгэн зорьж ирсэнд ихэд баярлав. “Маш хүнд байсан. Зовлон шаналал нурууг минь чулуу мэт дарж байсан. Ерөнхийлөгч Путин хүүгээр минь чин сэтгэлээсээ бахархаж байгааг хараад нуруун дээрх хүндээс хүнд ачаанаасаа салах мэт болсон.

Ерөнхийлөгч хүүгийн минь тухай ярих үедээ нулимсаа хүчлэн барьж, богинохон зуур харцаа нууж суугаад дараа нь яриагаа үргэлжлүүлсэн” хэмээн тэрээр хуучлав.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн “Таны хүүгийн гавъяагаар монголчууд бид бахархаж байна. Зарим хүн амьд боловч үхдэл мэт амьдардаг. Харин эх орныхоо төлөө амиа өргөсөн таны хүү шиг баатрууд үхсэн хойноо мөнхөд амьдардаг” гэсэн үг Нурбаганд Магомедович төдийгүй тэнд байсан бүх хүний сэтгэлийг хөдөлгөв. Нулимстай, догдлолтой, чин сэтгэлийн халуун яриа өрнөнө. Баатрын ээж Кумсият Абдурагимновнад хандан “Баатрыг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн гол хүн бол мэдээж та л байгаа. Эрчүүд бид чинь энэ талдаа их үүрэг муутай улс шүү дээ” гэж Б.Энх-Амгаланг хэлэхэд нөхөр нь ”Тийм тийм. Яг үнэн” хэмээн дэмжинэ. Энэ цагийнхны эр зориг, эх оронч сэтгэлийн жишээ болсон Магомед Нурбагандовын аав ээжтэй уулзаад салах мөчид эцэг нь монгол зочноо тэврэн удтал дуугүй зогсов. Чив чимээгүй байдал, халуун дотно тэврэлт... Сэтгэлээс хэзээ ч үл гарах дурсгалт мөч...

3. Цайны зам-хамтын хөгжлийн зам

“Цайны замын дэд бүтцийн хөгжил” нэртэй олон улсын хурал зургадугаар сарын 26-28-ны өдрүүдэд Каспийск хотод болсон юм. Энэ хурлыг Оросын олон улсын харилцааны ассоциаци (РАМС) зохион байгуулж, Орос, Монгол, Хятад гурван орны төлөөлөл оролцон эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцав. 

РАМС-ын Дээд зөвлөлийн дарга, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн ЭЗБХ-ны орлогч дарга Сергей Вячеславович Калашников хэлсэн үгэндээ “Хамтын ажиллагааны хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжил, хамтын үйлдвэрлэл, шинжлэх ухаан, соёлын судалгаа юм” гэсэн бол өмнөд хөршийн төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын соёлын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч Гү Жиэ (Gue Jie) цайны зам дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, цайтай холбоотой мүзей үзэсгэлэнгийн чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэсэн гурван санал дэвшүүлж байв. 

Харин Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн УИХ, ЗГ-ын гишүүн ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан цайны зам бий болох, тэр замаар дамжин Евразийн өргөн уудам орон зайд эдийн засаг, соёлын харилцаа хөгжихөд, мөн тэрхүү харилцааны аюулгүй байдлыг хангахад монголчууд чухал үүрэгтэй оролцож байсныг илтгэлдээ онцлон тэмдэглэв. Мөн өнөөгийн нөхцөл байдалд цайны зам дагасан олон улсын хамтын ажиллагаанд Монгол улс идэвхтэй оролцохын чухлыг дурдаад Евразийг холбосон худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа, аялал жуулчлалын гол шугам Монголоор дамжих нь олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

Гурван улсыг холбосон цайны зам нь түүхэн шалгуур давсан хамгийн дөт, аюулгүй зам бөгөөд орчин цагт энэ чиглэл дагуу худалдаа, аялал жуулчлал, соёлын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж хуралдаанд оролцогч олон хүн үзэж байв. 

Ер нь цайны зам дагасан хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлцэл сүүлийн үед идэвхтэй яригдаж, Орос, Монгол, Хятадын цайны зам дагуух хотын дарга нарын саммит гэж зургаан ч удаа зохион байгуулагдчихаад байгаа аж. Долоо дахь удаагийнх нь энэ онд БНХАУ-ын Юньнан мужийн Пуэр хотноо зохион байгуулагдах гэнэ. 

Цайны зам ийнхүү тив дамнасан, олон улсын хөгжлийн зам болох эхлэл бага багаар тавигдсаар байна.

4. Нүд булаам Дагестан нутаг

Дагестан манайхаас хэдийгээр 30 дахин бага газар нутагтай ч элсэн манхнаас мөнх цаст хайрхад, усгүй хээрээс Каспийн тэнгис хүртэл байгалийн олон өнгө төрхийг агуулдгаараа онцлог. Европ дахь хамгийн том, 262 метрийн өндөртэй “Сары-кум” хэмээх элсэн манхан эднийд бий. Жума-мечеть гэж ОХУ-ын нутаг дэвсгэр дэх хамгийн эртний мечеть бий. Энэ бол Дагестанд исламын шашин түгсэн эхлэлийн цэг юм.

Бидний хувьд Сулакийн хавцал, Чиркейн усан сан, Избербаш, Дербент гэсэн чиглэлээр аялж, Дагестаны сонин содонтой танилцлаа. Сулак голын нийт урт 169 км бөгөөд энэ гол дээр 4 усан цахилгаан станц бий гэнэ. Голын уугуул нэр нь Кой су. Энэ нь “Хонины ус” гэсэн утгатай үг гэнэ. Манайхан хонийг хой гэдэг дээ. Сулакийг алдаршуулсан гол зүйл нь 53 км үргэлжлэх эгц цавчим хадан хавцал. Энэ хавцлын хамгийн өндөр цэг нь 1920 м өндөр гэхээр танд хэр төсөөлөгдөж байна. Александр Дюма 1858 онд “Кавказ” номондоо “Бид хамгийн сүүлийн нуруун дээр гарч ирээд өөрийн эрхгүй морьдынхоо жолоог татацгаав. Хөл дор газар байхгүй мэт санагдана” гэж бичсэн байдаг нь чухамдаа энэ хавцлын тухай юм. 

Дагестаны мусульмануудын оюун санааны лидер асан Саид-афанди аль-Чиркави-гийн уугуул нутаг Чиркейд Умард Кавказын хамгийн том усан цахилгаан станц байдаг аж. Түүнийг дагаад асар том усан сан үүсчээ. УЦС-ын ажилчдын суурин бөгөөд цагийн аясаар аялалын цэг болон өргөжиж буй Дубки тосгонд очих юм бол энэхүү усан санд моторт завиар зугаалж, нутгийн загас шаруулж, байгалийн сайханд ханатлаа амрах боломж бий. 

Хоёр мянганы настай Дербент хот бол бүх Оростоо хамгийн эртний хотуудын тоонд ордог. Инженерийн болон архитектур, уран сайхны шийдлийн хувьд дэлхийн хэмжээнд загвар болох хотын нэг гэгддэг. Бербент Монголын түүхтэй ч бас холбоотой. Монгол цэргүүд 1220 онд Азербайжан талаас Дербент рүү орж ирээд эхний удаад цайзыг эзэлж чадалгүй тойрон өнгөрч, 1239 онд дахин ирэхдээ бүрэн эзэлж, стратегийн энэхүү чухал цэгт суурьшсан түүхтэй. Арвандөрөвдүгээр зуунд доголон Төмөр жанжин, Чингис-Зүчийн удам Тохтамыш хоёрын зөрчилдөөний улмаас эндхийн ард түмэн гал усны гашуун зовлонд умбаж үзсэн гашуун түүх ч бас бий. 

Дербентийн нэг бахархал нь Нарны кала цамхаг. Персээр “нарны цайз” гэсэн үг гэнэ лээ. Надад бол “нарны хаалга” гэсэн монгол үг ч байж мэднэ гэх бодол төрсөн. Нарын-Кала цайзыг Оросын хамгийн үзүүштэй 100 газрын нэг гэлцдэг юм билээ. 

Газрын тосны Избербаш хот Каспийн тэнгисийн эрэг дээрх амралтын хотын нэг болжээ. Махачкалагаас 65 км-т орших энэ хот 1932 онд байгуулагдсан. Хуучин нэр нь Изберг. Тэнд бид “Избербашский” гэдэг нэртэй Оростоо томоохонд тооцогддог дарс, коньякны үйлдвэрээр

орсон. “Избербаш” коньяк нь тун сайн чанарынх, борлуулалт ч сайтай байдаг бололтой. “Ийз бир баш” нь кумык хэлний “Уулан дээрх мөр” гэсэн үг гэнэ. “Izberbash” нэртэй “ариун идээ” таарвал амсаад үзээрэй гэж зөвлөе.

5. Каспийск хотын тухай цөөн үг

Каспийск бол Махачкалагийн дагуул хот. Каспийн тэнгисийн эрэг дээр байрладаг. 100 мянга гаруй хүнтэй. Өвөлдөө хасах 10 хэмээс дээш хүйтэрдэггүй ч чийглэг учраас ерөнхийдөө хүйтэвтэр, зундаа бол сүрхий халуун газар. Залуучууд ихтэй, оросууд хүн амын 10 орчим хувийг нь эзэлдэг, аюул багатай тайван хот. Шашны ялгаа гаргаад байдаггүй, ерөнхийдөө хуучны уламжлалаа эрхэмлэдэг учраас охид бүсгүйчүүд нь хэт задгай хувцасладаггүй, залуус нь ахмадуудаа ихэд хүндэлдэг нь алхам тутамд анзаарагдана. 

Оросын засгийн газрын тэргүүн Д.Медведев 2017 онд Каспийск хотыг нийгэм-эдийн засгийн тэргүүлэх бүс болгон хөгжүүлэх тухай тогтоолд гарын үсэг зуржээ. Өөрөөр хэлбэл энэ хотын өмнө ихээхэн ирээдүй бий гэсэн үг. 

ОХУ-ын хувьд Каспийск стратегийн чухал хот. Өнгөрсөн оны наймдугаар сарын 15-нд ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Каспийск хотод орчин үеийн тэнгисийн цэргийн бааз байгуулна гэдгээ мэдэгдсэн. Цэргийн чухал объектууд байрладаг нь л саад болчихгүй бол аялал жуулчлал хөгжихөд маш тааламжтай газар юм.

Б.Галаарид