У.Хүрэлсүх: Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох ёстой
2019.09.10

У.Хүрэлсүх: Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох ёстой

Бидний өвөг дээдэс Хүннүгийн ноёд язгууртнуудын булшийг одоогоос 95 жилийн өмнө Оросын археологчийн удирдсан баг Ноён уулнаас олсон байдаг.

Эдгээр булш нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогдож байна.

Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Даваа гараг бүр хийдэг хурлынхаа үеэр Ноён уулыг онгон дагшин байдлаар нь авч үлдэх ёстой. Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болгожээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарь ёсоор маргааш болно.

Эргэн сануулахад, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017.08.15-нд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй “Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгуулах шүүх хурал болж байсан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт байрлах Ноён-Уулын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлт гаргасны дагуу тухайн ашиглалтын лицензийг Дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл Засгийн газар болон “Сентерра гоулд” ХХК ямар нэгэн байдлаар олборлолт хийж, ашиглахыг бүрэн хориглосон шийдвэр гаргаад хоёр жил өнгөрсөн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д зааснаар хэрэг маргааныг эцэслэн шийдэгдэх хүртэл лиценз бүхий дөрвөн талбайд уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг зогсоох тухай шүүгчийн тогтоол гарч байсан билээ.