Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол-Оросын бизнес форумд оролцов
2019.12.04

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол-Оросын бизнес форумд оролцов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.12.04/ Москва хотноо зохион байгуулагдсан ”Монгол-Орос: Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.

Тус айлчлалын тохиолдуулан манай талаас Монгол Улсын Гадаад харилцааны яам, МҮХАҮТ хамтарч Евразийн эдийн засгийн холбоо болон Оросын ХАҮТ-тай хамтран ”Монгол-Орос: Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг Москва хотноо зохион байгуулж байгаа нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд хэлхээ холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломж бололцоог нээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой арга хэмжээ аж.

Энэ удаагийн арга хэмжээнд Монголын 50 гаруй бизнес эрхлэгчид болон манай томоохон экспортын компаниуд оролцож байгаа бөгөөд уг бизнес форумын үеэр хувийн хэвшил хоорондын  баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой байв.