Иргэдэд ээлтэй хотын шийдлийг Нийслэлийн НАМЭХ-ноос дэвшүүлэв
2019.12.05

Иргэдэд ээлтэй хотын шийдлийг Нийслэлийн НАМЭХ-ноос дэвшүүлэв

Эх сурвалж: Өглөөний сонин, М.Хангал

МАН-ын дэргэдэх Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ноос “Гоо сарнай-2019” форумыг Өнгөрсөн баасан гарагт “Иргэдэд ээлтэй хотын шийдлүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.

Нийслэлийн НАМЭХ нь хоёр жилд нэг удаа “Гоо сарнай” наадмыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд салбар бүрийн манлайлагч бүсгүйчүүдийг өргөмжилж, нийгэмд таниулах, үлгэр дуурайл үзүүлэх мөн нийгэмд тулгамдаж буй асуудлаар дуу хоолойгоо хүргэх зорилготой уг наадмыг зохион байгуулж иржээ. Тиймээс энэ жилийн “Гоо сарнай форум-2019”-ын үеэр нийслэл, дүүргийн НАМЭХ-ны удирдлага, гишүүд, “Гоо сарнай”-н эзэд, хотын хөгжил, гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд хөгжлийн асуудлаар мэргэшсэн судлаачид, зөвлөхүүд, төсөл, хөтөлбөрийн ажилтнууд нэгэн дор чуулж иргэдэд ээлтэй хотын хөгжлийн талаар нээлттэй хэлэлцлээ. 

“Иргэдэд ээлтэй хотын шийдлүүд” форумын үеэр УИХ-ын гишүүн, Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг

“Орчин үеийн хотын хөгжил, чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавьсан бол хот төлөвлөлтийн мэргэжилтэн Т.Алдарсайхан “Ногоон хотын шийдлүүд ба эрчим хүчний хэмнэлттэй сургууль, эмнэлгийн барилгын дулаалга”, Жендэрийн хорооны зөвлөх Ш.Солонго “Нийслэлийн жендэрийн нөхцөл байдлын судалгаа”, Дэлхийн банкны засаглалын мэргэжилтэн Д.Амарбаясгалан “Нийслэлийн эрүүл мэнд, боловсролын салбарын бодлогын хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж”, “Өрнөл проект” ХХК-ийн архитектор Ш.Оюундарь “Явган зорчигчид ээлтэй хот” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Нийслэлийн НАМЭХ-ноос өмнө нь салбар салбарыг манлайлж байгаа гоо бүсгүйчүүдийг өргөмжилдөг байсан бол энэ жилээс хүрээгээ тэлж форум зохион байгуулсан нь иргэдэд ээлтэй Улаанбаатар хотын төлөөх ажил хэрэгч шийдлүүд байв. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудалд эмэгтэйчүүдийн оролцоо чухал болохыг форумд оролцогсод онцолж байлаа. НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч, хатагтай Ц.Нацаг­долгор “Улаанбаатар хотыг улам сайхан болгож, шинэ сэтгэлгээгээр хандахад эмэгтэйчүүд бидний оролцоо чухал билээ. НАМЭХ ээлжит долдугаар чуулганаа хийж, томоохон өөрчлөлт хийсэн. Их хурал, Бага хуралтай болсон. Бодлогын зөвлөлтэй болсон. 125 бүсгүйг Бага хуралдаа сонгосон. НАМЭХ хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахын хажуугаар нийгэмд манлайлагч эмэгтэйчүүдийг бэлтгэдэг. Тэгэхээр нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд форум зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байсан” хэмээн “Гоо сарнай-2019” форумын ач холбогдлыг танилцууллаа.

Дашрамд дурдахад, Нийслэлийн НАМЭХ-ны үүсэл 1994 онд тавигдсан бөгөөд эдүгээ 25 дахь жилдээ нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн нийслэлийн эмэгтэйчүүдээ манлайлан мянга мянган эмэгтэйчүүдийг хамруулан нийгэмд чиглэсэн олон төсөл, хөтөлбөр зохион байгуулж ирсэн төдийгүй Канад, Бээжингийн эмэгтэйчүүдийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ.


Б.Саранчимэг: Улаанбаатар хот ногоон хөгжлийг тогтвортой баримтлах учиртай

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангаж иргэдэд ээлтэй, ухаалаг, эко хотыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чухал болохыг форумын үеэр хөндсөн. Энэ талаар Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Тогтвортой хөгжил, иргэдэд ээлтэй хот” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр “Тогтвортой хөгжил гэдэг бол ирээдүй үеийнхээ боломжийг алдагдуулахгүйгээр одоо үеийнхээ хэрэгцээг хангахыг хэлдэг. 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийнхөө бодлогыг тодорхойлсон. Үүнийг дагалдан Монгол Улс 2016 оны хоёрдугаар сард тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойлж, 2030 он хүртэлх үзэл баримтлалаа боловсруулсан. Тогтвортой хөгжлийн бодлогод хотын хөгжил, иргэдийн оролцоог хангасан тухай заалт бий. Бид тогтвортой хөгжлөө тодорхойлохдоо тэгш бус байдал, агаар орчны бохирдол гэсэн хоёр асуудлыг дэвшүүлсэн. Аливаа эдийн засаг болоод нийгмийн байдалд тэгш бус байдал гардгийг арилгах, ядуурлыг бууруулахад илүү анхаарах шаардлагатай байгаа. Хууль эрх зүйн хувьд тэгш байдлыг бий болгох, нийгэм, эдийн засгийн асуудлыг хүртээмжтэй байлгахад анхаарах ёстой.

Монгол Улс 19 жилийн дараа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр баялгийн үр өгөөжийг шударга хүртээх эрх зүйн үндсийг тогтоох ёстой гэх заалт орсон. Нөгөө талаар нийгмийн хангамжийг тэгш хүртээмжтэй хүргэх асуудалд санаачилга гаргаж гурван ээлжээр хичээллэх сургуулиудыг арилгах үүднээс УИХ-д байгаа эмэгтэй гишүүд санаачилга гаргаж 2019 онд 117 сургууль, 2020 онд 32 сургуулийг шинээр барихаар болсон. Нөгөө талаар МАН-ын мөрийн хөтөлбөрт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах зорилт тавин 2019 онд 144 цэцэрлэг, 2020 онд 61 цэцэрлэг байгуулагдахаар төсөв батлагдаад байна. Албан байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй болох хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн. Мөн эрүүл мэндийн асуудал чухал байгаа.

Би Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд эрүүл мэнд, боловсролын салбарт анхаарч ажилладаг. Амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх үүднээс Биеийн тамир, спортын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалаараа эмнэлэгт үзүүлэхээс гадна бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлдэг болсон. Мөн УИХ-аас цалинтай ээж хөтөлбөрийг баталсан. Ээжүүдийг төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор нийгмийн даатгалыг 1.5 жилээр нэмэх боломжийг бий болгосон. УИХ-ын гишүүнийхээ хувьд би шатрын лобби бүлгийг ахалдаг. Энэ дагуу сурагчдыг шатрын спортоор хичээллэх боломж бүрдүүлэхэд анхаарч байна. Дэлхийн шатрын сонирхогчдын тэмцээнд оролцоод явж байхад дэлхийн удирдагчид шатрын спортыг дэмждэг болох нь харагдсан. Тэгэхээр монгол хүүхдүүдээ шатрын спортод дурлахад чадах бүхнээ хийх болно” хэмээгээд “Өнөөдөр Улаанбаатар хотод маань агаар, хөрс, усны бохирдлын асуудал тулгамдаад байна. Дэлхий даяар агаар, орчны бохирдолтой тэмцэж байгаа цаг үед Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 78.6 хувиар доройтчихсон байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Хотжилт нь цэвэр усны нөөцөд нөлөөлж байгаа. Тиймээс олон жил ярьж байгаа ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж мэргэжлийн хүмүүстэй уулзаж байхад сэтгэл эмзэглүүлсэн олон тоо баримттай танилцаж байлаа. Үүнийг арилгахын төлөө манлайлагч эмэгтэйчүүд хамтарч байгальдаа ээлтэй хөгжлийн төлөө ажиллах шаардлагатай байна. Манай хоёр хөрш ногоон хөгжлийг дэмжиж, агаар орчны бохирдлыг бууруулж чадаж байна. Хятадад ногоон хөгжлийн экспо болоход Ши Жинпин “Дэлхийн ногоон байгууламжийн ¼-ийг бид бий болгох болно. Дан ганц эдийн засгийн хөгжлийг анхаарахаас илүүтэй ногоон хөгжлийг дэмжиж ажиллах цаг ирлээ” хэмээн мэдэгдсэн. Москва хотын дарга улсын хөгжил гэдэг бол явган хүмүүст ээлтэй байх ёстой гэдэг үүднээс явган замуудыг өргөтгөж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг бий болгосон. Тэгэхээр аливаа зүйлийг төлөвлөлтийн дагуу шийдвэртэй хийх хэрэгтэй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 2010 онд байгуулж байхад бүтэхгүй төсөл гэдэг яриаг гаргаж байсан. Тухайн үед олон эсэргүүцэлтэй тулгарч байсан ч таван жилийн дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 27 хувийг бүрдүүлж чадсан.

Улаанбаатар хот 1.4 сая хүн амтай ч 600 мянган хүнд зориулсан төлөвлөлттэй. Өнөөдөр бид хийсэн төлөвлөлтөө эвдэхгүйгээр цааш явах ёстой. Нью-Йорк хот 100 гаруй жилийн өмнө гарч байсан төлөвлөлтөө баримталж ажилладаг юм билээ. Тэгэхээр бид ногоон хөгжлийг бүхий л салбарт дэмжиж, тогтвортой баримтлах ёстой. Сөүл хотын төвд манайхаар бол Сэлбэ шиг голыг сэргээн тохижуулсан нь өнөөдөр хүн болгоны очих дуртай газар болсон. Үүн шиг Улаанбаатар хотод ухаалаг ногоон хөгжлийг тогтвортой баримталж ажиллахыг дэлхийн хотууд сануулж байна. Үүнд эмэгтэйчүүд манлайлж ажиллахыг уриалж байна” хэмээн илтгэлийнхээ үеэр онцоллоо. 


Орчин үеийн хотын хөгжлийн чиг хандлага

Дэлхийн хотууд эрчимтэй хөгжсөнөөр 2025 он гэхэд дэлхийн хүн амын 2/3 нь хотод амьдрах судалгаа бий. Монгол Улсын хувьд хүн амын хагас нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч буй. Иймд бид хөгжиж буй улсын хувьд дэлхий нийтийн хадлагаас хоцорч болох­гүйг “Гоо сарнай-2019” фору­мын үеэр мэргэжилтнүүд хэлж байв.

Хотын хүн ам өсөж байгаа тохиолдолд хязгаарлагдмал нөөцийг зүй зохистой ашиглах нь тулгамдсан асуудал болжээ. Хот тэлэхийн хэрээр орон сууцны хямрал болон ядуусын хороолол буюу албан бус хороолол баригддаг байна. Улаанбаатар хотын захын гэр хорооллууд үүний нэг хэлбэр аж. Хотууд хөгжих тусам газар нутаг нь томорсоор байдаг. Ингэснээр засаглалын асуудал дэхийн хотуудад тулгамдаж эхэлжээ. Байгаль орчны нөлөөлөл мөн нийгэм, эдийн засгийн боломжуудтай зэрэгцэн хотын цаашдын ирээдүйд чухалд тооцогдох болсон байна.

Үнэндээ хот бол хүмүүсийн бөөгнөрөл. Тэгэхээр хот хүн төвтэй хөгжих учиртайг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх болж. 21 дүгээр зуунд хотууд хүний хөдөлгөөн, тав тухыг анхаарч хүний боломжид тохирсон төлөвлөлттэй, янз бүрийн сонирхлын бүлгийн хүмүүсийн эрх ашгийг хангасан байхыг эрхэмлэх болжээ. Хүн төвтэй хотын амжилттай жишээгээр Нью-Йорк хотын төвийг нэрлэдэг байна. Учир нь тус хот төвийнхөө дүүрэгт машин зорчдог байсан замыг явган хүнд зориулсан замаар сольсон шийдвэрээрээ эл алдрыг хүртжээ. 2009 онд гаргасан эл шийдвэр нь хэсэг бүлэг хүний эсэргүүцэлтэй тулгарсан ч иргэдийн тайван амгалан зорчих боломжийг нээснээс гадна худалдаа үйлчилгээний салбарыг дэмжсэн бодлого болж чадсан гэнэ.

Дэлхийн хотуудад нийт эрчим хүчний хэрэглээний 60-80 хувь төвлөрч, хүлэмжийн хийн 70 хувь үйлдвэрлэгддэг. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй байшин хотуудын сонголт болжээ. Энэ нь технологийн хөгжлийг өөртөө агуулсан ухаалаг хотуудын хөгж­лийн эхлэл юм. Дэлхий нийт цаашид ухаалаг хотуудыг хөгжүүлэх болно гэд­гийг мэргэжилтнүүд хэлдэг байна. Мэдээж Улаанбаатар хот соёлын онцлогтой хот болон хөгжих нь олон улсын хэмжээнд аялал жуулчлал хөгжүүлэхээс гадна тухайн хотынхоо иргэдэд тав тухыг өгдөг байна. Хотуудад тэгш бус байдал нэмэгдэх байдал цаашид үргэлжлэх бөгөөд соёлын онцлог нь энэ ялгааг халхлах боломж олгодог болохыг хот төлөвлөлтийн мэргэжилтэн Т.Алдарсайхан зөвлөж байв.

* * *

Ногоон хотын шийдэлд сургуулийн орчин нөлөөлөх нь

Хотын хөгжилд шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа хүчин зүйлсийг хот тогтмол хянаж байх учиртай аж. Орчин цагт эрчим хүчний хэмнэлттэй байхыг хотууд шаарддаг болсон ба энэ нь ногоон хотын үндсэн шаардлага юм. Ногоон хот гэдэг нь амьдралын ая тухтай таван байдлыг хангах, хог хаягдлыг багасгах, дулаан алдагдлыг хамгийн бага түвшинд байлгаж, эрчим хүчний нөөцийг хадгалах замаар иргэнд ая тухтай орчин бүрдүүлэхэд анхаарах явдал юм байна. Ногоон эдийн засаг нь нийгмийн тэгш хүртээмж. Хамгийн гол нь нөөцийг хэмнэхэд иргэдийн зөв хадлагыг бий болгох нь хотын хөгжилд чухал үүрэгтэй аж.

Улаанбаатар хотын 2030 оны хөгжлийн чиг хандлагад амьдралын таатай орчин бүрдүүлсэн эрүүл, аюулгүй ногоон хотыг бий болгоно гэсэн үндсэн чиглэл тусгагдсан. Гэхдээ үүнд чиглэсэн үйл ажиллагааг бид хийж чадаж байна уу гэдгийг бодох учиртай. Тиймээс иргэн бүрийн оролцоо чухал болохыг бүсгүйчүүд дурдаж байв.

Үүний тулд эн тэргүүнд эрчим хүчний хэмнэлттэй амьдралын хэвшлийг бий болгох учиртай ажээ. Ганцхан судалгааг иш татахад төрийн өмчийн 137 сургууль, 231 цэцэрлэг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаагаас 77 сургууль, 132 цэцэрлэг дулааны алдагдалтай байдаг юм байна. Дулаан алдагдал нь их хэмжээний зардлыг шаарддаг бөгөөд тав тухтай орчин бүрдүүлж чаддаггүй. Дулаан алдагдлыг бууруулснаар эрчим хүчийг 40-60 хувь хэмнэх боломжтой ба амьсгалын замын өвчлөлийн 44-80 хувиар бууруулах, өвчлөлд зарцуулах зардлыг 65 хувиар хэмнэх боломжтой гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр бид ирээдүй хойчдоо анхаарал тавьж, сурах орчинг нь сайжруулах нь ногоон хотын шийдлийн нэгэн хэлбэр болохыг “Гоо сарнай форум” онцоллоо.

* * *

Богино замын хот

Хот руу төвлөрөх хандлага нь амьдрах таатай орчин болон ажлын байрны төвлөрөлтэй холбоотой байдаг ажээ. АНУ-д нийт ажлын байрны 62 хувь нь нийт газар нутгийн 10 хувьд буюу томоохон хотуудад төвлөрдөг аж. Хүн амын тал нь амьдардаг Улаанбаатар хотын хувьд энэ үзүүлэлт өндөр гарах нь дамжиггүй.

Иймд дэлхий нийтэд богино замын хот гэдэг ойлголт тэлэх болжээ. Шаардлагатай объектууд нь явганаар 10 минутад алхах зайд байрлах тухай ойлголт бөгөөд орчин үеийн хотууд үүрэг зориулалтаар нь ангилсан бүсүүдээс бүрдэх болсон байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны хороолол болон үйлдвэрлэлийн бүсийг тус тусад нь байрлуулах явдал. Нэг цэгээс нөгөө цэгт хүрэх хөдөлгөөний хязгаарлах үүднээс хэрэгцээт зүйлсийн холимог бүсчлэлийг бий болгох нь богино замын хотын үндсэн зарчим. Ингэснээр хотын эдийн засгийн чадамж дээшилж, иргэдийн тав тухтай амьдрах орчин бүрддэг байна. Дэлхийн явган замын хотуудын сонгодог жишээ нь Амстердам, Нью-Йорк, Копенгаген, Монреал, Мельбурн хотууд нэрлэгддэг байна.

2014, 2016 онуудад нийгмийн хөгжлийн судалгааны байгууллагууд явган замын хотууд бизнесийн хөгжлийг хэрхэн дэмжиж байгааг судалсан байна. Үр дүнд нь явган замын хотуудын бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь бусад хотуудаас 38 хувиар өндөр гарчээ. Явган замын хот нь оршин суугчдад тав тухтай орчин бүрдүүлж, ашиг орлого олох боломжтой бусад салбарыг дэмжиж өгдөг байна. Ийм хотын хүн амын тоо тогтмол өсөж, эдийн засгийн бүтээмжээ тэтгэдэг юм байна. Зөвхөн АНУ-д гэхэд 31 хотод 619 явган зорчигчийн бүс байгуулсан байдаг нь тухайн хотуудын нийт орон зайн дөнгөж нэг хувийг эзэлдэг байна. Эдгээр хотууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 54 хувийг үйлдвэрлэдэг гэсэн судалгаа гарчээ.