Д.Сарангэрэл: Монголд коронавирус бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөж ирэх магадлал өндөр
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс дараах зүйлийг тодрууллаа.
-Эрүүл мэндийн яамнаас иргэдийг коронавирусээс хамгаалах, сэрэмжлүүлэх чиглэлээр ямар ажлыг зохион байгуулж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Коронавирусийн анхны тохиолдол энэ оны нэгдүгээр сарын 6-нд бүртгэгдсэн. Хэдийгээр Монгол Улсад албан ёсоор бүртгэгдээгүй ч Эрүүл мэндийн яамнаас энэ чиглэлд анхаарч ажиллаж байна. Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай байнга холбоотой, хамтарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тус байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, дагаж байна. Ер нь, нийтийг хамарсан өвчин зовлон, аливаа нэг гамшгийн үед Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах тухай Монгол Улсын Шадар сайдын 08 тоот тушаал гэж байдаг. Энэ журмын хүрээнд бүх байгууллага зохион байгуулалтад орж ажиллах, байнгын бэлэн байдалд байдаг.
Харин коронавирус бол шинэ төрлийн вирус. Товчхондоо уушгины хүнд хэлбэрийн хатгаа үүсгэдэг вирус гэж ойлгож болно.
БНХАУ бол олон улсын нислэг ихтэй, олон сая хүн амтай, агаарын болон хил, нисэх онгоц, ус, далайн тээвэр зэрэг олон чиглэлийн гарцтай орон. Энэ утгаараа энэхүү шинэ төрлийн вирус зөөвөрлөгдөх өндөр магадлалтай гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд, АНУ-д нэг тохиолдол илэрлээ шүү дээ. Японд нэг, Тайландад хоёр, Солонгост нэг, АНУ-д нэг бүртгэгдлээ. Энэ вирусээр 198 хүн өвчилсөн, гурван хүн нас барсан гэдэг мэдээлэл бий. Түүнчлэн эрүүл мэндийн 14 ажилтан халдвар авсан байна. Тэгэхээр коронавирус хүнд халддаг болох нь тогтоогдож байгаа юм.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яг ямар зөвлөмж ирүүлж байна вэ?
-Хяналтаа чангатгаж, бэлэн байдлаа хангахыг зөвлөж байгаа. Хяналтаа маш идэвхтэй хийх хэрэгтэй. Дээр нь бэлэн байдлаа хангах шаардлагатай. Ганцхан Монгол Улсад биш бусад оронд ч гэсэн энэхүү зөвлөмжөө хүргүүлсэн юм билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал нь энэхүү вирусийг нийгмийн ноцтой асуудал мөн эсэхээр тодорхойлохоор хуралдсан гэдэг мэдээлэл байна. Харин манай улсад өнгөрсөн 10-ны өдөр БНХАУ, Хонгконгоос онгоцоор халдварласан байж болзошгүй зургаан хүн ирсэн.
-Бүгд Монгол Улсын иргэн үү?
-Тийм. Эрүүл мэндийн яамнаас мэргэжлийн хяналт болон хил, гаалийнхантайгаа хамтарч ажилладаг. Хэн ямар шугамаар аль улсад зорчсон эсэхээс эхлүүлээд мэдээлэлтэй байдаг. Зургаан сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарласан. Шинжилгээгээр коронавирус биш болох нь тогтоогдсон.
-Ямар, ямар байгууллагатай хамтарч ажиллаж байна вэ?
-Бид Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зооноз судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтарч ажиллаж байна. Энэ бүх газраас бүрдсэн мэргэжлийн үнэлгээний баг гарган ажиллаж байна. Энэ баг маань эрсдэлийн үнэлгээний судалгаагаа хийчихсэн. Манай улс дунд зэргийн эрсдэлтэй байна гэдгийг тодорхойлсон.
Хэдийгээр Монгол Улсад коронавирус албан ёсоор бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөж ирэх магадлалтай гэж үзсэн.
Ер нь, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг дунд зэргийн эрсдэлтэй улсын тоонд оруулсан байна билээ. Харин дэлхийн нийтийн түвшинд нь эрсдэл бага гэж үзсэн байна. Монгол Улс бэлэн байдлыг хангах Ажлын хэсгийг гарган ажиллаж байна. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төрөлжсөн эмнэлэг зэрэг бүх байгууллагад бэлэн байдлыг хангах албан даалгавар хүргүүлсэн. Бүх газартай онлайн хурлаа хийчихсэн, үүрэг чиглэлээ өгчихсөн явж байна. Үүнээс гадна Гадаад харилцааны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргүүлсэн.
-Эдгээр байгууллага эхнээсээ сэрэмжлүүлэг, мэдээллээ гаргаад эхэлсэн байгаа харагдсан шүү?
-Тийм. Найман төрлийн сэрэмжлүүлгийн хэвлэл, олон нийтийн сүлжээгээр түгээж байна. Түүнчлэн өглөө бүр мэдээлэл, зөвлөмжийг авч байна. Энэхүү коронавирус эмчилгээгүй. Шинэ төрлийн вирус болохоороо дэлхийн нийт хараахан эмчлэх аргыг нь олоогүй байна. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдвар авсан хэр нь хөнгөн байгаа үед вирусийн эмчилгээ хийх, хүндэрсэн үед нь антибиотик эмчилгээ хийх зөвлөмжийг ирүүлж байна. Яг одоо энд чиглэсэн вакцин, эмчилгээ алга. Оросын эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцин гаргахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Хүнд халддаг вирус тул сэрэмжлүүлэг, бэлэн байдлаа хоёр дахин эрчимжүүлэх шаардлагатай гэж үзээд ажиллаж байна.
-Ингэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын лабораториудад хяналт, шалгалт явуулсан гэх мэдээлэл бий. Энэхүү шалгалтаар нэр бүхий 28 лаборатори шаардлага хангаагүй гэх мэдээлэл хэр бодитой вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын 28 лабораторид хөндлөнгийн шалгалт хийгээгүй.
-Тэгэхээр ташаа, худал мэдээлэл гэсэн үг үү?
-Тийм. Зөвхөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар зогсохгүй B, C вирусийг эрт илрүүлэлтийн хүрээнд 2016 онд 22 лаборатори шалгарч, илрүүлэх шинжилгээ хийх эрх авсан байдаг. Энэ 22 лаборатори Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажилладаг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ч гэсэн энэ мэдээлэл худлаа гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 28 лаборатори 90 мянган хүний шинжилгээг буруу гаргасан гэх асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ер нь энэхүү мэдээлэл гарсныг далимдуулж 28 лабораторийн удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөж байна. Мэдээллээ жигдлэх бодолтой байна. Харин албан ёсоор баасан гарагт мэдээлэл хийх болно.