Ж.Ганбаатар: СӨХ-г татан буулгаж огт болохгүй
2020.02.03

Ж.Ганбаатар: СӨХ-г татан буулгаж огт болохгүй

News.mn Сэтгүүлч Ш.Адъяамаа

УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


Намрын чуулганыг хугацаанд нь багтаан хаалаа, хэр үүргээ гүйцэтгэв?

-Олон чухал хуулийг баталсан түүхэн гэж хэлж болохоор намрын чуулган байлаа. Сүүлийн 20 гаруй жилийн турш, гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг  энэ удаагийн парламент 158 хоногийн турш тасралтгүй хэлэлцэн баталлаа. Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгох, УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, шүүхийг хараат бус, шударга болгох зэрэг асуудал энэ парламентын үед шийдэгдэж байна. Монгол Улсын парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын гурван чуулган үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүй юм байна. Энэ намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр  хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталлаа гэдгийг УИХ-ын дарга хаалтын үгэндээ ч онцолж хэллээ.

-УИХ-ын намрын чуулганы төгсгөлд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Уг хуулиар Сууц өмчлөгчдийн холбоо/СӨХ/-г татан буулгах гэж байгааг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийсэн иргэд таныг энэ хуулийг санаачилсан гэх юм. Уг нь Засгийн газраас өргөн барьсан байх аа?

-Барилга хот байгуулалтын яамнаас 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Орон сууцны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Гэтэл Ж.Ганбаатар гишүүн Орон сууцны тухай хуулийг өргөн мэдүүлж, СӨХ-г татан буулгах гэж зарим хүн хэвлэлийн бага хурал хийсэн. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнтэй хамтраад хууль санаачилна гэсэн ойлголт байхгүй. Эдийн засгийн байнгын хорооноос хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсгийг байгуулсан. Энэ хуулиар СӨХ-г татан буулгах заалт орж байгаа нь үнэн. Анх энэ хуулийг өргөн барьснаас нь хойш би ийм хуулийг баталж болохгүй гэж байнгын хорооны хуралдаан дээр Х.Баделхан сайд болон Төрийн нарийн бичиг даргатай нь санал зөрөлдсөн. СӨХ-г татан буулгахыг би дэмжихгүй байгаа атал энэ хуулийг намайг санаачилсан мэт болгож намайг харлуулах гэсэн зарим хүний оролдлого, хатгалга гэдгийг би ч мэдэж байгаа.

СӨХ-ны одоогийн үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэх тухайн орон сууцны иргэдтэй илүү ойр ажиллах энэ талаас нь хуулийн өөрчлөлтийг хийх шаардлага бий юу гэвэл бий. Түүнээс биш СӨХ-г татан буулгаад Орон сууцны конторт нэгтгэх нь маш буруу шийдэл. СӨХ нь муу ажиллаад, орон сууны контор нь сайн ажиллана гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Тиймээс Орон сууцны тухай хуулийн төслийг дэмжихгүй, 100 хувь эсэргүүцэж ирсэн.

Засгийн газар хуулийн төслийг өргөн барьснаас хойш над дээр УИХ-ын нэр бүхий гишүүд орж ирж энэ хуулийн төслийг дэмжиж, цааш нь хэлэлцүүлж өгөөч гэж намайг олон удаа ухуулах гэсэн нь ч үнэн. СӨХ-ны удирдлагаас надад бичиг ирсний дагуу би Орон сууцны тухай шинэчилсэн найргуулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр миний байр суурийг 100 хувь ойлгосон байх гэдэгт найдаж байгаа.

-СӨХ-г татан буулгаж оронд нь Орон сууцны контортой нэгтгэхийг нь та эсэргүүцэж байгаа юм уу, эсвэл уг хуулийн төсөлд бүхэлд нь шүүмжлэлтэй хандаж байгаа юм уу?

-СӨХ-г татан буулгахыг 100 хувь эсэргүүцэж байгаа. СӨХ-г татан буулгалаа гэхэд оронд нь үйл ажиллагаа явуулах орон сууцны контор бол маш хүнд сурталтай, олон хүнтэй байгууллага. Төлөх мөнгө, иргэдэд очих ачаалал нь улам нэмэгдэнэ гэсэн үг. Орон сууцны конторын үндсэн үүрэг нь ус, дулаан, цахилгааны асуудлыг хариуцах гэтэл дээр нь нэмээд СӨХ-ны үйл ажиллагааг давхар хариуцаад ажиллах нөөц ч байхгүй, мөн туршлага ч байхгүй. Үндсэндээ боломжгүй зүйл.

Хоёрдугаарт, бүх СӨХ-г татан буулгаснаар орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, бүртгэл, засвартай холбоотой асуудал эзэнгүй болно гэсэн үг. 1990 оны үеийнх шиг хуучин системдээ очно. СӨХ байгуулагдахаас өмнө орон сууцны конторт орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт энэ бүхэн харьяалагддаг байх үед орон сууцуудын орц, хонгил хог новшоор дүүрчихсэн байдаг байлаа. Яахав одоогийн СӨХ-д бүгд сайн ажилладаг гэж хэлэхгүй ч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших өнгөрсөн  хугацаанд үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсээр ирсэн.

“НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОХТОЙ АДИЛ ОРОН СУУЦНЫ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОРУУЛЖ ИРСЭН"
– Засгийн газар яагаад ийм хуулийг өргөн барих болсон юм бол. Ямар нэгэн ашиг сонирхол байна уу?

-Хэлж мэдэхгүй байна. Хуулийн төслийг өргөн барьсан салбарын сайдаас нь асуусан дээр байх.

-СӨХ болон түүний дарга гэж тухайн орон сууцанд амьдардаггүй гаднаас хүн ирж иргэдийн тав тухыг алдагдуулж байна. Иймд оршин суугчдын төлөөллөөс СӨХ байгуулах нь зөв гэсэн шүүмжлэл байнга байсаар ирсэн. Та ч гэсэн үүнтэй санал нийлэх байх?

-Муу, сайн ажиллаж байгаа СӨХ-үүд бий гэдэгтэй санал нийлнэ. Тэр үйл ажиллагааг нь яаж сайжруулах уу гэдгийг энэ хуулиар оруулж ирэх ёстой байтал “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой” адил хуулийн төсөл оруулж ирсэн. Угтаа  иргэдээс авч байгаа сар бүрийн СӨХ-ны төлбөрийг зөв зарцуулж байгаа эсэхийг яаж хянах вэ, яаж үүнийг сайжруулах уу гэдгийг энэ хуулиар оруулж ирэх ёстой. СӨХ-г байхгүй болгож сууц өмчлөгчид хэнд гомдол, саналаа гаргах уу энэ бүх асуудлыг тодорхой бус эзэнгүй болгож болохгүй.Энэ хуулиас сайн, сайхан зүйл олж харахгүй байгаа учир Орон сууцны тухай хуулийг би санаачлах нь байтугай огт дэмжихгүй. Намрын чуулганаар батлаж амжаагүй учраас Засгийн газар өргөн барьсан хуулиа эгүүлэн татах байх гэж бодож байна. Санаачилсан газар нь хуулийн төслийг аль ч хэлэлцүүлгийн үед нь татах бүрэн боломжтой.

-“2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Сонгуулийн тойргийн хуваарилалт зөв үү. Хүнээ бодсон бол нийслэлд арай олон байх байсан биш үү?

-Төрийн байгуулалтын байнгын хорооноос өгсөн тайлбараар бол сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулна гэсэн зарчмын дагуу тойрог, мандатын тоог хуваарилсан гэж хариулсан. Миний хувьд хариултыг 50:50 харьцаагаар ойлгож байгаа. Ер нь бол Улаанбаатар хотоос сонгогддог гишүүдийн тоо цөөхөн байгаа гэдэгтээ би санал нийлнэ.Нэгэнт батлагдсан тогтоолын төслийн талаар одоо буруу, зөв гэж ярих нь зохисгүй.

Баянгол дүүргийн хувьд улсын хэмжээний хамгийн том тойрог болсон. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүрэгт гурван мандат хуваарилагдсанаас нэг мандатад оногдох хүн амын тоо 78 мянган иргэн. Улсын дундаж нь 41 гаруй мянган иргэнд нэг мандат оногддог.

-Тойрог, мандат хуваарилдаг үндсэн зарчмыг баримтлах гэхээсээ илүүтэй тухайн эрх баригч нам өөрсдөдөө ашигтай байдлаар тойргуудаа зурдаг үе үеийн жишиг бий. Энэ удаад МАН тойрог мандатыг хуваарилах үндсэн зарчмуудыг баримтлав уу, эсвэл өөрсдөдөө ашигтай байхыг чухалчлав уу?

-Үндсэн зарчмуудыг барьж тойргийн мандатын тоог гаргасан. Түүнээс биш таны асуусан шиг намдаа ашигтай байх байдлаар хуваарилсан гэдэгтээ огт санал нийлэхгүй.