Л.Энхболд: Хэн нэгэнд таалагдах гэж тойрог, мандатыг хуваарилж болохгүй
Эх сурвалж: Үндэснийн шуудан сонин, 2020.01.27 №17(3482), сэтгүүлч Б.Бадралмаа
УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.
-УИХ-ын чуулган завсарлахад хэдхэн хоногийн хугацаа үлдлээ. Энэ намрын чуулган хэр үр дүнтэй болсон гэж та үзэж байна вэ?
-Өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн, томоохон асуудлаа шийдвэрлэж чадсан үр дүнтэй чуулган боллоо. Олон жил дамнан ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэн баталсан. Үүнийг дагасан олон хуульд өөрчлөлт орно. Тэгэхээр ирэх хаврын чуулган ч гэсэн ачаалалтай байх нь гэж харж байна. Одоо чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн болон Аймаг, нийслэлийн орон нутгийн сонгуулийн тухай зэрэг цаг хугацаанд нь батлах ёстой хуулиудаа хэлэлцэж байна.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Төсвийн тухай хууль баталснаас хойш чуулганы ирц бүрдэхгүй, хуралдахгүй байх тохиолдол цөөнгүй гарсан. Энэ нь чухал асуудал хэлэлцэх хугацааг алдсан хэрэг биш үү?
-Шинэ оны босгон дээр гишүүд тойрогтоо ажиллах, томилолтоор явах зэрэг олон ажил амжуулсан. Тиймээс ирц хүрэхгүй, хуралдахгүй байсан нь үнэн. Одоо үйл ажиллагаа жигдрээд хэвийн үргэлжилж байна. Оны дараа бид Эрүү, Зөрчлийн тухай хуулийг баталж, малын хулгайн гэмт хэргийн санкцыг нэмсэн, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой өөрчлөлт оруулж, дуулиантай хэргүүдийг дахин шалгахаар болж байна. Мөн ахмад настны тэтгэвэр барьцаалж авсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх, хүүхдийн мөнгийг ялгалгүй олгох, тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмэх зэрэг нийгмийн болон эдийн засгийн ач холбогдол бүхий хуулийг баталсан. Тиймээс энэ удаагийн чуулган үр дүнтэй болсон гэж үзэж байна. Энэ намрын чуулганаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Орон нутгийн сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үлдсэн.
-Гишүүний тань хувьд энэ чуулган хэр ачаалалтай байв. Ямар хуулийн төсөл санаачилж, хэчнээн ажлын хэсэгт ажилласан бэ?
-Намрын чуулганд хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан. Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх, Үндсэн хуульд стратегийн ордын өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээх гэсэн хуулийн төсөлд голлон ажиллалаа. Мөн Малын хулгайтай холбоотой хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун болон бусад нэр бүхий гишүүний хамт өргөн барьсан. Мөн Хүний эрхийн тухай хуулийн төсөл, Өмчийн тухай хууль, Эрүүгийн хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн орон нутагтай холбоотой ажлын хэсэгт ажиллаж, саналаа тусгуулсан.
-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг сонгуулийн шоу, Эрүүгийн хуулиар хэргийг сэргээн, шалгах боломжгүй гэж зарим хуульч тайлбарлаж байна. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ хуулийг хэдэн Их хурлын гишүүн тойрч сууж, ярьж байгаад шийдээгүй. Хуулийг боловсруулахад Улсын ерөнхий прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, АТГ, Цагдаагийн ерөнхий газрын бүрэлдэхүүн дэд ажлын хэсэгт ажиллаж, олон талаас нь ярилцаж энэ шийдвэрийг гаргасан. Ингэхдээ авлига, албан тушаалын гэмт хэргийг сэргээн, шалгах гаргалгаа бий гэдгийг албаныхан тодорхойлсон. Тиймээс энэ хууль хэрэгжих бүрэн боломжтой.
-Мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой хуульд зорчих эрхийг хязгаарлана гэсэн заалт орсон. Үүнийг хэрэгжүүлэх боломж нөхцел нь манайд бүрдсэн юм уу?
-Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах заалт орсон. Шүүхээс ямар хязгаарлалт тогтоохыг шийднэ. Хуулийн хэллэгээр оруулаад ирсэн ч техник, хэрэгсэл хараахан хангагдаагүй байгаа. Үүнийг хэрэгжүүлэгч байгууллагууд шийдвэрлэнэ.
-Валютын ханш он гарснаас хойш өссөн. Эдийн засаг цаасан дээр өсөж байгаа ч иргэдийн амьдралд өөрчлөлт гарахгүй байна. Халамжид дулдуйдсан бодлогыг та хэрхэн харж байна?
-Ардчилсан нийгэмд хавтгайрсан халамж зохистой шийдэл биш. Саяхан ахмадуудын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэлээ. Энэ бол түр зуурын амь аргацаасан амь тариа. Иймд тэтгэврийн реформ хийх хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгө нь оршуулгын зардлаас хэтрэхгүй байна. Тэгэхээр энэ хурааж байгаа мөнгөө эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь хүртээх чиглэлийн бодлого баримтлах шаардлагатай.
-УИХ-ын сонгуулийг томсгосон тойрог, олон мандат хувилбараар явуулахаар болсон. Одоо харин тойрог, мандатын хуваарилалт хийх ажил үлдээд байна. Нэг мандаттай аймгуудын мандатын тоог нэмэх ёстой. Нийслэлийн мандатын тоог хасах нь зөв үү?
-Үүнийг олон ургальч үзлээс ярилцах ёстой. Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн байдлаас хамаарч тойргоо хуваарилна. 2016 оны сонгууль шиг эрээвэр , хураавар болгож, хэн дуртайд нь таалагддаг байдлаар хуваарилж болохгүй. Зарчмаа барьж ажиллах ёстой.