Тээврийн компаниудын төлөөлөл салбартаа хандив өргөлөө
2020.03.09

Тээврийн компаниудын төлөөлөл салбартаа хандив өргөлөө

“Үндэсний Тээврийн Корпораци” ХХК, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн хамт олноос дэлхийн олон оронд тархаад буй коронавирусийн /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх онцгой нөхцөлд албан үүрэг гүйцэтгэж байгаа зам, тээврийн салбарын албан хаагчдадаа зориулж 10 сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандивыг Улсын Онцгой Комиссын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд гардуулсан бөгөөд “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн Ерөнхийлөгч С.Ганболд, “Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо”-ны ТУЗ-ийн дарга П.Солонго болон “Үндэсний Тээврийн Корпораци” ХХК-ийн гишүүн тээвэр зуучлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын төлөөлөл оролцов.

“Үндэсний Тээврийн Корпораци” ХХК (ҮТК) нь тээвэр логистикийн дотоодын зах зээлийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох, нийт оролцогчдод тэгш өрсөлдөх боломжийг хангах зорилгоор тус салбарт 10-30 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Туушин” ХХК, “Материал Импекс” ХК, “Монгол Экспресс” ХХК, “Илинкс Экспресс” ХХК, “Ландбридж” ХХК, “Монложистикс Ворлдвайд” ХХК, “Эй Си Даблью” ХХК, “Эс Би Ложистик” ХХК, “Азийн Зам” ХХК, “Ти Ай Ложистик” ХХК, “Аноджин” ХХК, “Ашли Транс” ХХК, “Нью Ложистикс” ХХК, “Монжап Стар” ХХК зэрэг нийт 14 тээвэр зуучлагчид нэгдэн байгуулсан компани юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ онцгой нөхцөл байдалд төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж, нэгдэж чадаж буй монгол түмнээрээ бахархаж буйгаа дурдаад халдварын голомтоос монгол иргэдээ авчрахаас эхлээд хорио цээрийн нөхцөлд өндөр зохион байгуулалттай ажиллаж буй зам, тээврийн салбарын нийт ажилчин, албан хаагчдадаа талархал илэрхийллээ.

Тэрбээр хандивыг аймгуудын автобуудал, хот хоорондын зорчигч тээврийн автобуснуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх, тээврийн жолооч нарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад нийцсэн хувцас, хэрэгслээр хангах зэрэгт зарцуулахыг холбогдох газар, хэлтсийн дарга нарт чиглэл болгов.

Олон улсад коронавирусийн халдвар тархаж буйтай холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 02 хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтын нүүрсний экспортыг бүрэн зогсоогоод байсан.

Харин Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар “уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах бэлтгэл ажлыг 2020 оны 03 дугаар сарын 15-ны дотор бүрэн хангах арга хэмжээ авах” чиглэл өгсний дагуу “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн гишүүн компаниудын зүгээс Гашуунсухайт, БНХАУ-ын Ганц мод боомтоор нүүрс тээвэрлэлтийг эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна.