Дэлхийн эмч нарын өдрийн мэнд дэвшүүллээ
Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа эрүүл мэндийн мөнхийн манаанд зогсож аюулт өвчинтэй нүүр тулан тэмцэж байгаа нийт эмч нартаа Дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэж мэндчилгээ дэвшүллээ.
Нийслэлийн иргэдэд харьяа 29 эрүүл мэндийн байгууллага, 142 өрхийн эрүүл мэндийн төв, 1267 хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, клиник, 1200 эмийн санд нийт 15 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна.
2019 онд Нийслэлийн Боловсролын газрын харьяа үйл ажиллагаа явуулж байсан 3 хүүхдийн клиник сувилал Эрүүл мэндийн газрын харьяанд буцан шилжиж ирснээр харьяа байгууллагын тоо 29 болж нэмэгдсэн. Баянзүрх дүүрэгт 26 ортой хүүхдийн эмнэлэг, Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн тасгийн 30 ортой өргөтгөл шинээр баригдаж ашиглалтад орсноор нийслэлийн хүүхдийн нийт орны тоо 1033 болж нэмэгдлээ.
Цаашид тусламж, үйлчилгээний нэр төрлийг шат дараатай нэмэгдүүлэх зорилтыг тавин 2020 онд Хүүхдийн тусламж, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт Тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулах, зарим дүүргүүдэд Яаралтай тусламжийн тагийг нээн ажиллуулахаар бэлтгэлийг хангаж байна.
Бид Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн загвараар бусад дүүргийн эмнэлгүүдийг шинээр байгуулах зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал: АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих ЭМСХХ-6 төслийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт уг загвараар жишиг нэгдсэн эмнэлэг барихаар санал оруулж батлагдсан. Энэ жишиг эмнэлэг нь орчин үеийн оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан ба үндсэн мэргэжлээр 7-с дээш төрлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
ЭМСХХ-4 төслийн хүрээнд хэрэгжиж буй Сонгинохайрхан дүүргийн Жишиг Нэгдсэн эмнэлэг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 300 ортой Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг, нийслэлийн төсвөөр Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн барилга баригдаж, 2020 онд ашиглалтад орно.
Дүүргийн эмнэлгүүд жил ирэх тусам улам чадавхжиж байна. Зөвхөн дотоодын стандарт шаардлагыг хангаад зогсохгүй олон улсын стандарт шаардлагыг ханган ажиллаж байна. 2019 онд 2 эмнэлэг олон улсын лабораторийн болон чанарын стандартын шаардлагыг ханган батламжаа гардан авлаа.
Сүүлийн 2 жилд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас 120 гаруй эмч, мэргэжилтэн гадаадын 12 оронд эх барих эмэгтэйчүүд, мэс засал, гэмтэл, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, дүрс оношилгоо, уламжлалт сэргээн засах, сүрьеэ, наркологи, шүдний чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцуулсан.
2016-2019 онд улс, нийслэлийн төсвөөс, гадаадын зээл тусламж болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн эрүүл мэндийн салбарт:
- 1. 6,0 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн байгууллагын барилгын засварт;
- 2. 9,4 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж;
- 3. 3,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн автомашин;
- 4. 19,3 тэрбум төгрөгийг эмнэлгийн барилга барихад тус тус хөрөнгө оруулалт хийсэн байна.
Та бүхнийхээ мэргэжлийн баярын энэ өдөр чин сэтгэлийн халуун мэнд хүргэж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.