Н.Энхболд: Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатарт цэрэг татлага явагдахгүй
2020.04.09

Н.Энхболд: Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатарт цэрэг татлага явагдахгүй

Улсын онцгой комисс өнөөдрийн /2020.04.09/ хуралдаанаар цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэнэ. Гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд хэлсэн.

Түүнчлэн дээрх иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг шуурхай штаб Засгийн газрын чиглэлийн дагуу ярилцаж байна.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу өчигдөр /2020.04.08/шуурхай штабаар хэлэлцсэн. Энэ бүх асуудлыг Улсын Онцгой комиссын хуралдаанаар авч хэлэлцэнэ.

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.

-Энэ оны тавдугаар сард цэрэг татлага болно. Хяналтын тоог Засгийн газар тогтоосон. Хилийн боомтуудад тусгаарлах хяналтын үйл ажиллагаа явуулж байгаа аймгуудад буюу Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатарт цэрэг татлага явагдахгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын дагуу цэргийг бүртгэх урьдчилан шалгах, ачих тээвэрлэх ажлыг олон хүнийг нэг дор цуглуулалгүй нарийн зохион байгуулалттайгаар зохион байгуулна.

Мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Оюутан цэрэг” хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлэхгүй. Сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулах ажлыг энэ удаад ярьсангүй. Энэ асуудлыг БСШУСЯ-наас эхлээд ирүүлэх байх.

Маргааш эдийн засгийн багц арга хэмжээтэй холбоотой хууль батлагдана. Үүнтэй холбоотойгоор хувийн сургуулиудын төлбөрийг буцаах эсэхийг шийднэ. Боловсролын яамны зүгээс энэ жилийн төлбөрийг ирэх жил шилжүүлэх санал гаргасан байна. Бэлтгэл болон техникийн ажил дуусаагүй байгаа тул хөл хориог сунгах асуудлыг авч хэлэлцээгүй. Нэг зүйлийг хэлэхэд, хүүхдүүд улирахгүй гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг хэлэв.

Мөн тэрбээр хэлэхдээ, 0-12 насны хүүхэдтэй эхчүүд дөрөвдүгээр сарын 30 хүртэл гэрээсээ ажиллах боломжтой. Ажил олгогчид үүнийг анхаарч, хэрэгжүүлэх шаардлагатай байна.