УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл батлагдлаа
2020.04.09

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл батлагдлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.09)  хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцууллаа. 

Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болгон өөрчилж, уг хуулийн 12.2.7 дахь заалтад “Онцгой байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль” гэсэн агуулгатай хэсгийг нэмэхээр болов. Түүнчлэн уг хуулийн 21.11 дэх хэсэгт “Онцгой байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор саналаа хүргүүлнэ” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэхээр болжээ.

 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй бол ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шатыг тогтоох, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг хялбаршуулан хэлэлцэх талаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болно” гэсэн, мөн “Энэ хуулийн 5.5-д заасан онцгой нөхцөлийн үед чуулганы байршлыг өөрчилж болно” гэсэн агуулгатай хэсгийг тус тус нэмжээ.

Улсын Их Хурлын гишүүн нь товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлж оролцох үүрэгтэй. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүн товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар үг хэлэх эрхийг нь хасах, санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим хэлбэрээр явуулах, харин нууц санал хураалтыг зөвхөн санал хураах хуудсаар авах, түүнчлэн энэ хуулийн 5.5-д заасан нөхцөлд хуралдааныг хаалттай явуулахаар бол хуралдааны дэгийг тусгайлан хуулиар зохицуулна гэсэн агуулгатай заалтыг хуулийн төсөлд нэмж тусгахыг гишүүдийн олонх нь дэмжив. Түүнчлэн онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 1 удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах, харин үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтоохыг нэмсэн байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжиж хуулийн төсөл батлагдлаа.