Ж.Ганбаатар: Төсвийн урсгал зардлыг хэмнэх боломж ХАНГАЛТТАЙ бий
2020.04.14

Ж.Ганбаатар: Төсвийн урсгал зардлыг хэмнэх боломж ХАНГАЛТТАЙ бий

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд нэг зүйл тодруулъя. УИХ 2020 оны улсын нэгдсэн төсвөө баталчихлаа. Улсын төсвийг хэр болсон гэж үзэж байгаа вэ?

-Би шүүмжлэгч талдаа гишүүн. Хувийн хэвшлийн төсөвтэй улсын төсвийг харьцуулдаг. Монгол Улс төсвийн зардал талдаа хяналт маш сул. Урсгал зардал гэдэг нь бидний цалин, бусад зардал. Төрийн байгууллагуудаас гадна төрийн өмчит компаниуд гээд бий. Дийлэнх нь алдагдалтай ажилладаг мөртлөө дарга нь таван сая төгрөгийн цалинтай, машин унахаас эхлээд хангамжтай, гадаад дотоод руу явж, нэг нэгийгээ байраар шагнаж урамшуулдаг.

Энэ бүхнээс эрүүл биш гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Үүнийг нь төсвөөс байнга санхүүжүүлнэ. Банкнаас зээл аваад цалингаа тавиад, машин аваад уначихна. Тэгээд ажлаасаа халагдаад явчихна. Дараа нь түүнийг нь төсвийн мөнгөнөөс төлнө. Ард түмний халааснаас, нөгөө ЖДҮ-ийнхэн чинь төлнө гэсэн үг. Төсвийн урсгал зардлыг хэмнэх боломж хангалттай бий. Харамсалтай нь хяналт алга. Хөрөнгө оруулалтын зардал бол нийгмийн салбарт түлхүү явдаг. Гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжтэй болгоё, эмнэлгүүдэд анхаарал хандуулъя, төмөр зам барья, нефтийн үйлдвэртэй болъё гээд.

Хөрөнгө оруулалтын зардлуудыг би харин ч бага байна гэж харж байгаа. Хөрөнгө оруулалтын зардлыг нэмэх ёстой. Харин урсгал зардал дээр маш үрэлгэн, нэг хүний хийх ажлыг 10 хүн, 10 хүний ажлыг 100 хүн хийж байна гэж хүмүүс ярьж байна. Үнэн. Үүнийгээ засах ёстой. Төрийн албаны тухай хуульд, бүр Үндсэн хуульд төрийн албаныхныг дархлаатай болгож, хэзээ ч ажлаас нь халдаггүй, ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй заалт оруулах гэхэд би үүнийг ганцаараа эсэргүүцэж болиулсан.

Тэгэхэд гишүүд болон олон хүн хажуунаас, танхимаас, дээрээс “Чи Үндсэн хуулийг гацааж байна” гэж дарамталсныг санаж байгаа байх. Яагаад төрийн албан хаагч хүн энгийн иргэнээс давуу эрхтэй байх ёстой юм. Яагаад төрийн албан хаагч гэхээр Үндсэн хуулийн хамгаалалттай, дархлаатай байх ёстой гэж. Ийм байж болохгүй. Зүгээр адилхан л байх хэрэгтэй. . .

Сэтэрлэсэн гэдэг шиг л зүйл болно биз дээ?

-Ёстой тэгнэ. Миний саналыг дэмжсэн гишүүд бий. Тэр гишүүдийнхээ хүчээр энэ заалтыг болиулсан. Болиулсандаа ч сэтгэл хангалуун байгаа. Хүнийг хийж буй ажил, зүс царайгаар нь юм уу, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, нэгийг нь өндөрт өргөж, нөгөөг нь хуулиар дарамталж болохгүй. “Төрийн албаны тухай хууль” гээд УИХ дахь манай намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн санаачилсан хууль байгаа.

Түүнд төрийн албаныхан нийт хөдөлмөр эрхлэлтийн насныхны 10 юм уу 12 хувиас ихгүй байх ёстой гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаад дэмжлэг авж чадаагүй. Төрийн өмчит үйлдвэрийн газарын ажилтан албан хаагчдыг оруулаад өнөөдөр 250 мянга орчим төрөөс цалин авдаг төрийн албан хаагчид байна. Би бол 120, 130 мянгад барихыг хичээх ёстой гэж байгаа.

Тэгвэл тухайн 120 мянган хүнд өөрт нь хэрэгтэй. Учир нь цалин нэмэгдэж, анхаарал нь сайжирна, ард түмний дунд нэр хүнд нь өсөх сайн талтай. Одоо төрийн алба бол ард түмний дунд нэр хүнд муутай, авлигачид, хахуульчид, дарамтлагчид гэдэг юм уу. Тэгж муугаар хэлэгддэг нэр хүнд нь засарна. Төрийн албаны нэр хүнд өснө. Мундаг, өндөр боловсролтой хүмүүс очиж ажиллана.

Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс