Он Сан Сү Чи: “Хэрэв би өөрийн дарангуйлагчдыг үзэн яддаг байсан бол би өөрөө өөртөө ялагдсан байх байсан...”
2010.06.03

Он Сан Сү Чи: “Хэрэв би өөрийн дарангуйлагчдыг үзэн яддаг байсан бол би өөрөө өөртөө ялагдсан байх байсан...”

“Эрх чөлөөний төлөө тэмцэгч” нэрээрээ эх орондоо төдийгүй дэлхийд алдартай улс төрийн удирдагч эмэгтэй Он Сан Сү Чи нь Мьянмар буюу хуучин Бирм улсын үндэсний баатар бөгөөд одоог хүртэл өөрийн орны цэргийн диктатур дор гэрийн хорионд амьдардаг билээ.

Гадагш явуулахын тулд шахаж байсан эх орноосоо гарах л юм бол дахин ирж чадахгүйд хүрнэ гэдгээ мэдэж байсан тул өөр оронд өвчтэй байсан эр нөхрөө нас барахад ч дэргэд нь байж чадаагүй, амьдралынхаа олон жилийг эсэргүүцэл тэмцэлтэй нүүр тулан тэмцэж, мөн шорон болон гэрийн хорионд өнгөрөөсөн ардчиллын тэргүүлэх лидер болох түүнийг яагад удаан хугацааны туршид диктатур дэглэмийг уйгагүй хамгаалан тэрсэлдэж буй сөрөг хүчнийхэндээ алагдчихаагүй амьд байгаа юм бол гэсэн асуултыг дэлхий нийтээр сонирхсон хэвээр байдаг байна. Үүнд өгөх энгийн хариулт бол тэд тэрхүү “боломжоо” алдчихсан юм. Сү Чи 1989 онд баривчлагдан гэрийн хорионд орсон бөгөөд энэ нь түүний тэргүүлдэг Үндэсний Ардчилсан Холбоо Бирм улсын сонгуульд өрсөлдөгчөөсөө хол давуу түрүүлсэн үйл явдлаас хэдэн сарын өмнөхөн болсон аж. Дарангуйлагчид сонгуулийн үр дүнг үл тоож, өмнө нь шоронд хорьж амжаагүй байсан тус холбооны бүх удирдагчдыг баривчлах хөдөлгөөн өрнүүлжээ. Гэвч тэдний хүлээж байгаагүй нэгэн зүйл тохиолдсон нь Сү Чи Нобелийн Энх Тайвны Шагнал хүртсэн хэрэг байв. Дэлхийн хараа гэнэт энэхүү гэртээ цоожлогдчихсон, шагналаа авахын тулд гадагш гарахаас хориглогдсон ядруухан эмэгтэй дээр туссан юм.

Тиймээс түүний хянагчид ч мөн адил олон улсын харцанд өртсөн ба Сү Чиг алахыг завдах нь аллага болоод боолчлолыг өөрийн бодлогын үндсэн тулгуур болгодог тус вант улсын хувьд ч хэтэрхий хуумгай хэрэг болох нь ойлгомжтой болжээ.

1995 онд түүний хорионы дэглэмийг бага зэрэг сулруулсан тул тэрээр зочид болон цөөн тооны сурвалжлагчтай уулзах боломжтой болсон байна. Тэрбээр өөрийн өдрийн хуваарийн талаар Азийн ТВ-ийн сурвалжлагчид хэлэхдээ: “Би өглөө 4:30-д босдог. Нэг цаг бясалгал хийдэг. Тэгээд Английн BBC сонсдог. Дараа нь VOA /Америкийн Дуу Хоолой/-г бирм хэл дээр сонсдог. Мөн BBC-г бирм хэл дээр сонсдог. Хэрэв чадвал Бирмийн Ардчилсан Дуу Хоолойг сонсдог, гэвч энэ нь ихэвчлэн тийм ч тод биш байдаг. Тэгээд мэдээж усанд орж, өглөөний цайгаа уучихаад үлдсэн өдрөө унших, гэрийн ойролцоо алхах болон бага зэрэг хөгжим тоглох гэсэн хэсгүүдэд хуваадаг. “ гэжээ.

Клементс-д өгсөн ярилцлагандаа тэрээр “Та ард түмнийхээ ардчиллын төлөө тэмцэлд зүтгэж эхэлсэн цагаас хойш биеийн хувьд эрх баригчдын гарт байсан. Тэгвэл тэд таныг сэтгэл санаа, сэтгэхүйн хувьд дарангуйлж байсан уу?” гэсэн асуултанд хариулахдаа:  “Үгүй. Энэ нь магадгүй би тэднийг хэзээ ч үзэж ядаж сураагүйтэй холбоотой байх. Хэрэв би тэгж сурсан бол үнэхээр тэдний дарангуйлалд өртсөн хэрэг болох байсан. Та Жорж Элиотын ‘Дундын жагсаал’ хэмээх номыг уншсан уу? Тэнд Доктор Лидгэйт хэмээх дүр байдаг. Түүний гэрлэлт түүний гутрахад хүргэдэг. Түүний талаар нэг зүйлийг би санадаг юм. Тэрээр түүний урмыг хугалж байсан эхнэрээ дахин хайрлаж чадахаа болих вий гэж айж байсан юм. Түүний тухай тэрхүү зүйлийг анх уншаад би харин ч гайхаж байсан. Гэвч энэ нь би тэр үед маш гэнэхэн байсан гэдгийг харуулж байгаа юм л даа. Миний хандлага болохоор – харин ч тэр эрэгтэй эхнэр нь түүнийг хайрлахаа больчихсон байх вий гэж айх ёстой юм биш үү? гэсэн бодол байсан.  Гэвч одоо бол би тэр яагад тэгснийг ойлгож байгаа. Хэрэв тэр эхнэрээ хайрлахаа больчихсон байсан бол тэр бүхэлдээ ялагдчихсан байх байсан. Тэгвэл түүний бүхэл амьдрал нь түүний урмыг хугалах байсан.  Харин тэр эмэгтэйнх нь хийсэн зүйл болоод түүнд ямар байсан зэрэг нь нэлээд өөр зүйл. Надад үргэлж ингэж санагддаг-хэрэв би үнэхээр өөрийн дарангуйлагчдыг үзэн яддаг байсан бол би өөрөө өөртөө ялагдсан байх байсан юм шүү гэж. “

Гэсэн хэдий ч 1995 оны Vanity Fair-д хэвлэгдсэн нийтлэлд тэрээр өөрийн зовлон зүдгүүрийн талаар хэлэхдээ “Заримдаа надад хоол авах ч мөнгө байдаггүй байв. Тэжээлийн дутагдлаас би маш сул дорой болж, үс минь унаж, орноосоо босож чадахгүйд ч хүрдэг байсан. Би өөрийнхөө зүрхийг сүйтгэчихлээ гэж айж байсан. Хөдлөх бүрд миний зүрх хүчтэй цохилоод, надад амьсгалахад бэрх байдаг байв. Би хэвийн 55 кг жингээсээ 43кг хүртлээ турсан. Би өөрийгөө өлсгөлөнгөөр бус харин зүрхний сулралаар үхэх нь дээ гэж бодож байв. Мөн миний нүд муудаж эхэлсэн. Гэвч тэр бүхэн намайг эзэмдэж чадаагүй юм даа.”

Түүний гэр бүл нь гадаадад байх үед тэднийг нэвтрэн орохыг хориглож байсан тул  нөхөр нь Лондонд хорт хавдраар өөд болоход уулзаж чадаагүй аж. Ерөнхий түшмэд түүнийг оршуулах ёслолд нь очиж оролцох байх гэж найдаж байсан ч тэр бодит байдлыг сайн ухаарч байсан. Тэрбээр их тайвнаар “Надад хэрэгтэй бүхнийг минь ойлгож чаддаг гайхалтай сайхан нөхөртэй байсан болохоор би их хувьтай хүн, надаас үүнийг хэн ч авч чадахгүй” гэж хэлжээ.

Энэтхэг, Англи зэрэг улсад боловсрол эзэмшсэн, хүчирхийлэлгүй ардчиллын төлөө тэмцэгч Он Сан Сү Чи энх тайвны төлөөх зүтгэлээрээ Нобелийн Шагнал болон дэлхийн өөр олон хүндтэй шагналуудыг хүртжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.