2010.12.02

Түүхэнд бичигдэхээр

Хуулийг хугацаанд нь баталчих гэсэндээ гишүүд хуудуутай төсөл автоматаар кноптожээ. Тэдний энэхүү санаатай болон санамсаргүй үйлдэл нь ойрын 10 жилийн төсвөөс даруй 20 дахин их алдагдалтай гарсныг тэд мэдсэн ч мэдээгүй царайлав. Зарим нэг нь үүнийг одоо хэр нь ухаараагүй явна. Эцэстээ эрсдэл ихтэйгээрээ түүхэнд бичигдэхүйц төсөв баталсан талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тодотгов. Алдагдал ихтэй, инфляци хөөрөгдсөн төсөв болох нь хэмээн эдийн засагчид төдийгуй Дэлхийн банк, Монголбанкнаас сануулж, анхааруулсаар байтал эрх баригчид үүнийг үл ажирсан. Ирэх оны төсөв алдагдал ихтэй болох хэд хэдэн шалтгаантай талаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Хөгжлийн үе манай улсын хаалгыг тогшиж буй учир бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний төсөв зарцуулах нь шаардлагатай гэнэ. Засгийн газраас ирэх жил хөрөнгө оруулалтад 76 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгаж оруулж ирсэн. Энэ нь гишүүдийн гэх тодотголтой тэрбум төгрөг дахин төсөвт суух нь гэсэн хардлага төрүүлснээс болж асуудал дэгдсэн. Иймээс Засгийн газар төсвийн төслийг дахин өргөн барихдаа хөрөнгө оруулалтыг 600 орчим тэрбум төгрөг болгон оруулж ирсэн юм. Ийнхүү хөрөнгө оруулалт 500 орчим тэрбумаар нэмэгдсэн нь төсвийн алдагдал ДНБ-ий 8.6 хувь болоход нөлөөлжээ.

 

Түүнчлэн 2011 он бол сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохын өмнөх жил. Иймээс дөрвөн жилийн хугацаанд хийгээгүй олон ажлаа шудардаг уламжлалтай. Эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр 60 хувьтай байгаа тул үлдсэнийг нь нөхөх зарчмаар тодорхой хэмжээний хөрөнгө нэмэгдэхэд төсвийн алдагдал ДНБ-ий 9.9 хувь болжээ. Үүний гол буруутан нь Хүний хөгжил сангаас иргэн бүртээ cap болгон тараах 21 мянган төгрөг хэмээн Ц.Даваасүрэн тайлбарлав. Үүнд 703 тэрбум төгрөг шаардлагатай. Өөрөөр хэлбэл. нийт төсвийн 1/4 нь дээрх сонгуулийн амлалтад зарцуулагдаж байгаа аж. Уг нь энэ мөнгөөр 400-500 км зам тавихад хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө. Эсвэл нефть боловсруулах үйлдвэр ч байгуулчих боломжтой талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг онцлов. Бэлэн мөнгөний эхлэл 70 мянган төгрөгийг тараахад инфляци хөөрөгдөж, өдгөө хоёр оронтой тооноос буухаа больсон. Үүнийг Ц.Даваасүрэн тайлбарлахдаа тухайн үед нийлүүлэлт бага байдаг гэдгийг урьдчилан тооцоолоогүй. Нэгэнт нийлүүлэлт байхгүй газар эрэлтийг бий болгосноор инфляци хөөрөгдсөн гэх юм. Тэгвэл Монголын төдийгүй олон улсын эдийн засагчид иргэн бүрт cap болгон 21 мянган төгрөг тарааснаас инфляци 20 хувь болтлоо хөөрөгдөнө гэж сануулсаар атал үгийг нь авахгүй байгаа шалтгааныг асуухад эрсдэлтэй гээд суугаад байвал ямар ч асуудал шийдэгдэхгүй гэх юм. Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "Сөрөг үзэгдэл бий болно. Иймээс иргэд мөнгөө бэлнээр нь авахаас илүүтэйгээр хэсэг бүлгээрээ нэгдэж бүтээн байгуулалтад зарцуулаасай гэж уриалмаар байна" гэв. Иргэд 21 мянган төгрөгөө бэлэн болон бэлэн бусаар авдаг юм байж. Тэгвэл 76 гишүүнд ногдох 21 мянган төгрөгийг нэгтгэвэл 19.1 сая төгрөг болно. Эрх баригчид өөрсдөө санаачлага гаргаж энэ мөнгөөрөө жижиг ч болов бүтээн байгуулалт хийж, иргэдээ уриалбал илүү үр дүнтэй болов уу гэсэн санааг сэтгүүлчдээс дэвшүүлэв. Хэвлэлийн бага хуралд оролцсон гурван гишүүн дээрх санааг дэмжиж, үнэхээр тийм санаачлага гардаг юм бол дэмжинэ гэж байв.

 

Ирэх оны төсвийг хэлэлцэж эхлэх бүрт гишүүд тойрогтоо хэдэн төгрөг салгачих санаатай хэл ам билүүддэг. Уг нь дэлхийн жишгээр ирэх оны төсвийг хэлэлцэхдээ парламентын гишүүд нь орлого дээр л санаагаа уралдуулахаас бус зарлага дээр санал хэлэх эрхгүй байдаг аж. Гэтэл 2011 оны төсвийг хэлэлцэхэд гишүүдээс 400 орчим тэрбум төгрөгийн санал нэмж тусгах хүсэлт ирсэн байх юм. Мэдээж үүнийг нь бүрэн тусгаагүй ч тодорхой хэмжээгээр төсөвт суулгажээ. Гадныхныг дуурайх дуртай эрх баригчид дээрх хуулийг Монголдоо хэрэгжүүлээд эхэлбэл мөнгө олох санаагаа уралдуулж, улмаар бүтээн байгуулалтын ажилд санаагаа чилээх бус уу. Ямартай ч 2011 оны нэгдсэн төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн хуулийн төслүүдийг баталснаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн үр дүнгийн үзүүлэлтэд тодорхой өөрчлөлтүүд гарчээ. Тухайлбал, Монгол Улсын төсвийн                тэнцвэржүүлсэн орлого 3.2 их наяд байсныг 3.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн                орлогод нийцүүлсэн зарлага 3.9 их наяд байсныг 4.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 670.7 тэрбум төгрөг байсныг 779.5 буюу ДНБ-ий 9.9 хувь болж өргөн барьсан төсвийн төслөөс алдагдал 1.3 хувиар нэмэгдсэн аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.