Дэлхийн бадарчин
2010.10.12

Дэлхийн бадарчин

Европын холбоо эгнээгээ саяхнаас “шинэ Европ”- оор сэлбэснээс өөрийн шинэ оршин суугчид болох сая сая цыган хүмүүсийг нийгэмдээ дасгаж идээшүүлэх айхтар асуудалтай түүхэндээ анх удаа тулгарав. Манай гариг дээр 18 сая цыган байна. Тэдний 7-8 сая нь Европ тивд аж төрж буй.

Хүйтэн дайны дараа Европ дахин үндсэндээ хил хязгааргүй болсон. Энэ нь ялангуяа “евро” хэмээх нэгдмэл мөнгөн тэмдэгттэй болсон орнуудын ард түмэнд таатай нөхцөл бий болгов. Тэд виз авах, валют солиулах хэрэггүй болж, хөл дүүжлэх унаа л олдвол Европ дотроо дураараа “тэнэж”, хаана ч очоод гэртээ байгаа юм шиг байж болох болсон. Нөгөө талаар ийм задгай зайдан байдал нь юуны түрүүнд Европын амьдрах нөхцөл аятайхан орнууд руу орж ирэх цагаачдын урсгалыг эрс нэмэгдүүлэв.

Хуучин социалист гэгдэж байсан орнуудаас цыган хүмүүс цагаачлах нь Францын төдийгүй Итали, Герман, Испанийн эрх баригчдын толгойны өвчин боллоо. Цыганууд хамгийн удаан амьдарч буй улс нь Европт Франц юм. Энд байгаа цыганы 95 хувь нь Францын иргэний харьяалалтай байдаг. Францад байгаа цыганаас бусад цагаачид юуны урьд ажилтай болохыг, үгүй ядаж л ямар ч аргаар хамаагүй бүртгүүлчихийг эрмэлздэг байна. Гэхдээ нүүдэлчин цыгануудын хувьд энд ажилд авахдаа ялгаварлах явдал байдаг. 

Ер нь ч дуртай цагтаа ажлаа хаяж, өөр хот руу, түүгээр ч барахгүй өөр улс руу яваад өгөхөөсөө буцахгүй хүмүүсийг ажилд авъя гэх хүн олон байхгүй нь мэдээж. Түүнээс гадна тэтгэврийн хөгшний гараас хэдэн франкийг нь цыган охидууд гэгээн цагаан өдрөөр шүүрч аваад зугтах нь цөөнгүй. Тэгэхэд тэр хавьд явсан франц хүмүүс айсан, харамссандаа элий балай болох шахсан хөөрхий хөгшин рүү ухасхийж байдаг юм. Цыгануудыг ирсэн газар руу нь буцаах гэж Франц улс албан ёсоор нэг бус удаа оролдож байв.


Европын асуудлаарх Францын Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лелуш энэ оны хоёрдугаар сард Румынд айлчлахдаа эндээс цыганууд олноороо Франц руу хууль бусаар цагаачилж буй болон хүний наймааны асуудлыг хөндсөн юм. Түүний хэлснээр бол Румыний олон мянган цыган Францад суурьшсан бөгөөд тэдний тун ялихгүй хэсэг нь ажил эрхэлдэг, ихэнх нь маш тарчиг амьдардаг байна.

Тэднийг Румын руу буцаахдаа Франц улс насанд хүрсэн хүн бүрт 300, хүүхдэд 100 евро олгох төдийгүй тэнд очоод тохижиход нь хамтарч ажиллахаар амласан. Өнгөрсөн онд яг ийм маягаар 8000 цыганыг Румын руу буцаасны 2000 нь Парисын дүүргийнх байсан юм. Францын эрх баригчид хууль бусаар амьдарч байгаа цыгануудын хийдэг гэмт хэргийн эсрэг хамтарсан арга хэмжээ авч буйг буруутгах аргагүй. 

Жолооч нарын баримт бичгийг шалгаж байхад зам дээр тавьсан саадыг машинаараа дайрч гарах гэсэн цыган залууг цагдаа нар буудсанаас үүдэж бүлэг цыган сүх, бороохойгоор зэвсэглэн өдрийн цагаар Сент-Эньян гэдэг жижиг хотын цагдаагийн байгууллагын байр руу дайрсан билээ. Аюулгүй байдлыг хангах үүднээс эрх баригчид цэргийн хүч хэрэглэсэн юм. Энэ цыган залуу өмнө нь бас ийм зөрчил гаргасан бөгөөд тэр үедээ цагдаагийн аминд хүрэх шахсан байв. Ерөнхийлөгч Николя Саркозигийн санаачилгаар Елисейн ордонд хийсэн тусгай хуралдаан гурван сарын хугацаанд цыганы 300 хот айлыг нүүлгэхээр шийдвэрлэсэн юм. 

Аюулгүй байдлаа хангах арга хэмжээг Францын Засгийн газар цаашдаа ч чангат гахаар төлөвлөж буй. Цыгануудын дундахь гэмт хэргийн эсрэг тэм цэхдээ Румын, Болгарын цаг даагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Италийн ДЯЯ-ны баримтаас үзвэл урьдаас төлөвлөсөн хүн амины хэргийн 15, хүчингийн хэргийн 16, орон байр, орд харш руу дайрч дээрэм тонуул хийх хэргийн бараг 20 хувийг нь Румынээс цагаачилж ирсэн цыган хүмүүс үйлдэж байгаа аж. Тэдний лагерийг устгах ажлыг Италид нэгэнт эхлээд байна. Итали, цыган хүмүүсийн хооронд зөрчил үүсэх нь ч нэмэгдэж. Ромын захын нэгэн дүүрэгт есөн итали залуу гурван цыганыг зодож, нэгийг нь эмнэлэгт хүргэхээс аргагүй болсон аж. Орогнуулж буй цагаач цыганы тоогоор Испани улс Европтоо хоёрт орж байна. Энэ улс 45 сая хүн амтайн таван сая нь гадаадын иргэн. 

Өнөөгийн байдлаар Румыний 50 мянган цыган энд байнга оршин сууж буй. Эдний 20 мянга нь Мадрид хотод байдаг. Үндэстний энэ цөөнхийг идээшиж дасахад нь туслах тусгай хөтөлбөрт Испанийн Засгийн газар жил бүр ихээхэн хөрөнгө зардаг ч үр дүн бараг байхгүйтэй адил байна. Хотын үйлдвэржсэн дүүрэгт мөнгийг байж болох бүхий л аргаар олон аж төрж буй цыган олон байгаа. Тэд хүүхдээрээ хулгай хийлгэхээс ч буцахгүй. Тус улсын хуулийн хүрээнд аж төрөхийг огт хичээхгүй. Энэ байдал нь испаничуудын дургүйг хэчнээн хүргэдэг ч Италид болсон шиг үйл явдалд одоогоор арай хүрээгүй байна.

Европын холбооны орнуудад аж төрж буй цыганы тоо 10 сая шахаад байна. Онцлог нь тэд тухайн нийгмийнхээ дүрэм журамд захирагдахдаа их муу. 2004 оны байдлаар цыганы тоогоор Европын холбоонд Словак, Унгар, Чех толгой цохиж байсан бол 2007 онд Болгар, Румын улсууд тэдний эгнээнд орж иржээ. Гэтэл зургаан цыган хүний нэг нь байнга өлөн зэлм үүн, 70 хувь нь ямар ч бичиг баримтгүйгээс нийгмийн аливаа халамжаас гадуур, хүүхдүүдийн нь дөнгөж 20 хувь нь дунд сургууль төгсөж байна. 

Хүүхдийн үхэл Европын орнуудынхаас дөрөв дахин их. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Иоханнес Линн “Дорнод Словакт байгаа цыганууд XII зууны үеийнх шиг амьдарч байна” хэмээн дуу алдсан гэдэг. Арай нэг дөнгүүр амьдарчих арга хайсан цыганууд Румынээс гарч Итали, Испани, Франц, Португалиар бэдэрнэ. Чех, Словакийн цыга нууд Англи, Финланд, Шведийг зорино. Унгарт 800-900 мянган цыган байгаа нь хүн амын нь 10 хувь гэсэн үг. Тэд энд социализмын үеэс л жаргалаа эдэлж байсан. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхөд харин хамгийн ихээр доройтсон. Унгарын цыгануудын 95-96 хувь нь социализмын үед аж үйлдвэр, барилга, ХАА-н салбарт ажиллаж байлаа. Тэд тогтмол орлоготой, улсаас сууц авчихдаг, хүүхдүүд нь цэцэрлэг, сургуульд явдаг байсан. Дээд боловсролтой болсон цыган ч олон байв. Тэгвэл одоо Унгарын ажилгүйдлийн түвшин 11-12 хувь байхад цыгануудын 50 хувь нь ажилгүй байна. Энэ нь цыган хүн олноор ажиллаж байсан хүнд аж үйлдвэр, ХАА-н салбарууд 1990-ээд оны өөрчлөлтөд илүү өртсөнтэй холбоотой аж. Эцэст нь Унгарын төр ажилгүй цыгануудад тэтгэлэг олгож буйгаас нийгмийн ачааллаа даахаа байхад хүрч байна.

 1990 он хүртэл 300 мянга орчим байсан Чехийн цыган өөрчлөлт шинэчлэлтэд бэлэн бус байв. Одоо эд 600 мянга болоод буй. Боловсрол муутай, мэргэжлийн бэлтгэл байхгүй байсан нь эндхийн цыганууд ажилгүй болоход сүрхий нө- лөөлжээ. Эдийн засагт улсын хэвшил үгүй болсон нь цыгануудыг ширвэж орхисон байна. Ингээд тус улс даяар ядуучуудын хо роолол бий болж, тэр нь гэмт хэргийн үүр уурхай болов. Гэлээ ч цыганууд нь Канад, Англи руу олноор цагаачилж, Устье-на-Эльбе хотын Матични гудамжийг цыган болон цыган биш хүмүүсийнх болгон хувааж, Литвинов хотод мөргөлдөөн болох хүртэл асуудалд хэн ч анхаарал хандуулсангүй. Дээрх үйл явдлуудын дараа л цыганы талаар Засгийн газрын баримтлах бодлогын өнгө арай гэж ялгарч эхлэв. 2008 оны эхнээс цыганы асуудал эрхэлсэн Агентлаг ажиллалаа. 

Гэхдээ олон мэргэжилтний үзэж буйгаар ажил хийлгэлгүйгээр мөнгө өгөх одоо гийн тогтолцоо хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээ рүү хөтөлж байгаа аж. Хүүхдийн тоо нэмэгдэх тусам нийгмээс үзүүлэх халамж ихэснэ. Ийм тохиолдолд ажил хийснээс хүүхэд төрүүлэх нь ашигтай. Хүүхэд төрүүлэх нь Чехийн цыгануудын гол бизнес болж хувирчээ. 2002 оны хүн амын тооллогын дүнгээр бол Орост 183 мянган цыган амьдарч байв. Тэгэхдээ бие даасан шинжээчид 250 мянга байгаа гэж үздэг.

 

Тэд Үндсэн хуулиар хүмүүст олгосон бүх эрхийг эдэлдэг. 1956 онд ЗХУ-ын Сайд нарын зөвлөлөөс гаргасан шийдвэрээр тэднийг суурин амьдралтай болгож 90 гаруй хувь нь түүнд хамрагдаад байлаа. Хүүхдүүдийг нь сургуульд хамруулах үйл явцыг цыганууд хүч хэрэглэж байна гэж үздэгээс сургуульд гүйцэд сурах нь нэн ховор. Эцэг эх нь өөрсдөө боловсролгүй учраас боловсрол гээч юм хүний амьдралд ямар хэрэгтэйг ухаардагг үй. Уншдаг, бичдэг байхад л хангалттай гэж үзнэ...

ЦЫГАНУУД ХААНААС ГАРАЛТАЙ ВЭ


“Цыган”-ыг Өрнөд Европт “ром” юм уу ердөө л “тэнэмэл хүмүүс” гэж нэрлэдэг байна. Испанид тэднийг “ехиптян” гэдэг үгийн гажсан хэлбэр болох “хитан” гэдэг үгээр төлөөлүүлдэг. Энэ нь Баруун Европт анх үзэгдэх болсон цыганууд өөрсдийгөө “Бага Египетээс” ирсэн гэдэг байсантай холбоотой. Герман хэлээр ярьдаг ард түмнүүд болохоор “мануш” гэх бөгөөд романи хэлээс хөрвүүлбэл “хүн гээч амьтан” гэсэн утгыг илэрхийлнэ. Цыгануудын нэлээд нь тухайн үеийн Богемоос ирж байсан учраас “богемчууд” гэж нэрлэх нь ч байв.

 

Эцэст нь одоо Пакистаны нутагт байгаа Энэтхэгийн Синд мужийн нэрээр “синти” гэдэг ч байна. Харин орос хэлэнд орж ирсэн “цыган” гэх үг нь “хэнд ч үл хамаарах хүмүүс” гэсэн утгатай “ацийганист” гэдэг грек үгнээс үүсэлтэй аж. Олон янзын нэрнээс “хүн” гэсэн утга агуулдаг “ром” гэдэг нэрийг илүүд үзэж буйгаа 1971 онд Цыганы дэлхийн зөвлөл зарласан байдаг. Одоо Францад 400 мянга, Румынд 2.5 сая ор чим, Болгар, Испанид тус бүр 800 мянга, Италид 140 мянган цыган оршин сууж буй.

 

Цыгануудыг XI зууны Энэтхэгийн зүүн хойд нутгаас өвөг дээдэс нь гаралтай нүүдэлчин ард түмэн гэж үздэг. Тэд цаашдаа Бага Азид үзэгдэх болж, чухам эндээс Европ хийгээд манай гаригийн бусад хэсэгт тархсан аж. Энэ ард түмэн өөрийн гэсэн газар нутаггүй ч нэг түүх, санскрит хэлний нэг төрөл болох романи хэлээрээ хоорондоо нэгддэг. Европ дахин бусад нүүдэлчин ард түмний адилаар цыгануудад итгэл муутай, хардсан сэрдсэн байдлаар хандсаар ирсэн.

 

Тэднийг XIV зуунаас хүчээр суурин амьдралд шилжүүлэхийг оролдож эхэлсэн. Румынд бүр 1856 он хүр тэл цыгануудыг боолчилж байсан юм. Одоо 90 хувь нь суурин амьдралтай болоод байгаа. Тэглээ ч гэсэн цыганууд маш ядуу амьдарч буй. Дундаж нас нь Европын орнуудын хүн амаас лав 10-15 жилээр доогуур байдаг.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.