Тэтгэврийн шинэчлэл гурван үеийнхэнд БҮГДЭД ХАМААТАЙ
Монгол Ардын Нам бол гурван үеийн алтан хэлхээн дээр оршдог улс төрийн ууган хүчин. Бодлого шийдвэр, мөрийн хөтөлбөрөө ч энэхүү хэлхээн дээр суурилан боловсруулдаг.
Өнгөрсөн хавар Тэтгэврийн шинэчлэл яригдаж эхлэхэд залууст огт хамааралгүй, ахмадуудад зориулсан гэж ойлгогдож байсан бол саяхнаас одоогийн ахмадуудад хамааралгүй, залуучууд л хуримтлалтай болох боломжтой гэж мөн л өрөөсгөл ойлголт их явлаа.
Бидний санаачлан эхлүүлээд буй Тэтгэврийн шинэчлэл бол ахмад, идэр, залуу, ирээдүй хойч гээд нийгмийн бүх л давхарга, насны бүлгийнхэнд зориулсан бодлогын маш том ажил. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд ч хүрэхгүй байгаа ийм л тогтолцоог уг үндсээр нь шинэчлэх шаардлагатай. 1960-аад оны их төрөлтийн үеийнхэний тэтгэврийг өнөөдөр 1990-ээд оны бага төрөлтийн үеийн залуус төлж байна. Өөрөөр хэлбэл 3 залуугийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийлүүлээд нэг ахмадын тэтгэвэр болгон тарааж байгаа. Энэ нь ч хүрэлцэхээ болиод жил бүр улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас нэмж авдаг болсон.
Ийм тогтолцоог уг үндсээр нь сольж газрын доорхи баялагаа иргэддээ тэгш хуваарилах хамгийн төгс арга зам бол тэтгэврийн нэрийн дансыг мөнгөтэй болгож иргэн бүр хуримтлалтай, тэрхүү хуримтлал нь өсдөг, хүү бодогддог байх ёстой. Хамгийн гол нь тэрхүү хуримтлал нь үр хүүхдэд нь өвлөгддөг байх зарчмыг нэн тэргүүнд тавьж байна. Эдгээр бүх өөрчлөлтийг бид "Тэтгэврийн шинэчлэл"-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байна.
Залуус, идэрчүүд, ахмадууд бүгдэд зориулсан бодлогын шинэчлэл бол "ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ"