Дэлхий хэт том гүрний нүдээр
2010.11.30

Дэлхий хэт том гүрний нүдээр

 

WikiLeaks” сайтад нийтэлсэн АНУ-ын Төрийн Департаментын 251 мянган баримт бичгүүдийн ихэнх нь тус улсаас гадаад орнуудад сууж байгаа Элчин яамдын нууц захиа аж. АНУ өөрийн нөлөөг даян дэлхийд хэрхэн бэхжүүлэхийг эрмэлздэг нь эндээс илт харагдаж байлаа. Энэ бол АНУ-ын гадаад бодлогын сүйрэл.


АНУ үнэндээ Ангела Меркелийн талаар ямар бодолтой байдаг вэ? Тэр найдвартай холбоотон мөн үү? Өмнө нь энэ албан тушаалыг хашиж байсан этгээдийн муутгасан Вашингтон ба Берлиний харилцааг тэр үнэхээр залруулах гэж оролдсон уу? Эсвэл тийм ч дуртай байгаагүй юу?


2006 оны сүүлээр Герман улсад сууж байсан АНУ-ын Элчин сайд Уильям Тимкен Төрийн Департамент руу цахилгаан явуулахдаа “Тив дамнасан харилцаа жаахан сайжирсан. Гэхдээ канцлер Меркель харилцаагаа сайжруулах тал дээр зоригтой алхам хийхгүй байна” гэж ховложээ. Үүнийг мэдээж, магтаал гэж хэлэхгүй.


Америкчууд харин Германы Гадаад харилцааны сайд, ижил хүйстэн Гвидо Вестервеллегийн талаар юу гэж боддог бол? Одоо Берлинд сууж буй АНУ-ын Элчин сайд Филип Мерфи ээлжит мэдээгээ илгээхдээ түүний талаар “Бодол санаа, хэл яриа нь ямар ч утга агуулгагүй” хэмээжээ. “Вестервелле гадаад улстөрийн бодлого болон аюулгүй байдлын талаарх хүнд асуудлуудыг гүнзгий судалж, ойлгох шаардлагатай” хэмээн Мерфи дурдсан байв. Иймэрхүү тайлбарыг хэн ч нөхөрсөг зөвлөгөө гэхгүй. АНУ-ын дипломатчид бүх хүнийг нэг бол анд найз эсвэл дайсан хэмээн шууд л тодорхойлжээ.


Саудын Арабын хаан Абдулла бол тэдний найз. Яагаад гэвэл тэр хөрш иранчуудаа тэвчиж чаддаггүй аж. Абдулла хаан нэг удаа муллын дэглэмийг жигшин үздэгээ илэрхийлэн, “Тэдэнд ямар нэг тогтворгүй юм байна, эргэлзээгүй” гэж хэлжээ. Харин түүний холбоотон, Абу-Дабийн эмир Шейх ибн Зайд бол бас анд найз. Тэрээр “Ойрын хугацаанд Ирантай жирийн дайн хийх нь мэдээж, хэсэг хугацааны дараа Иранд цөмийн зэвсэг бий болсноос үүдэн гарах үр дагавраас хавьгүй дээр” гэж хэлсэн байна.


Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Клинтоны эмиссаруудын мэдээлэлд Азербайджаны нийслэл Баку хотод “Ираныг тагнадаг тусгай этгээд” байдаг тухай өгүүлжээ. Тэр нөхөр эх орон руугаа Ираны Үндэсний аюулгүйн Дээд Зөвлөлийн хуралдаан дээр бөөн маргаан дэгдэж, зодолдсон талаар мэдээлсэн байна. “Хувьсгалын харуулууд”-ын Штабын командлагч Мохаммад Али Джафари тэр өдөр улсынхаа Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай маргалдан, улмаар уурлан хилэгнэж, түүний нүүр лүү цохиж авсан аж. Яагаад гэвэл угийн хуучинсаг үзэлтэй Ерөнхийлөгч хачирхалтай мэт боловч энэ удаа хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг дэмжсэн байна.

Улстөрийн сүйрэл

“New York Times”, Лондоны “Guardian”, Парисын “Le Monde”, Мадридын “El Pais” ба “SPIEGEL” зэрэг сонин ойрын өдрүүдэд АНУ-ын Төрийн департаментын нууц баримтуудыг нийтэд дэлгэсээр байх болно. Бүх сонины тэргүүн нүүрэнд Америкийн дипломатчид гарч эхэлнэ. Ер нь АНУ-ын Төрийн департамент гадаад улс орнуудад суугаа Элчин яамдаасаа нийт 243 270 мэдээлэл авчээ. Тэрчлэн Төрийн департамент 8 017 удирдамжийг дэлхийн өнцөг булан бүрд суугаа Элчингүүдэд илгээсэн байна.

Америк хэрхэн дэлхийг захирахыг оролддог тухай нийтлэл, материалууд ийнхүү ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллээр гаргах байх. Энэ үйл явдал бол Америкийн гадаад улстөрийн бодлогын бүрэн сүйрэл. Хэт том гүрэн ийм аюултай мэдээллийг, ийм асар их хэмжээгээр алдсан тохиолдол хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй. Эдгээр мэдээллээс АНУ-ын гадаад улстөрийн бодлого түшиглэдэг суурь фундаментын талаар төсөөлөл авч болох юм. Америкт итгэсэн түншүүдийн нь итгэл найдвар урьд өмнө нь хэзээ ч ингэж их унаж байгаагүй.

Одоо тэдний хувийн үзэл бодол, зөвлөмж нийтэд ил тод болсон. Үүний зэрэгцээ түншүүдийнхээ талаар АНУ үнэндээ юу боддог нь илэрлээ. Жишээлбэл Германы Батлан хамгаалахын сайд Карл Теодор цу Гуттенберг. Тэр бол олон нийтийн санал асуулгаар Германы хамгийн хайртай улстөрч болсон хүн. Гуттенберг АНУ-ын дипломатч нартай ярилцахдаа өөрийн танхимын Гвидо Вестервеллег хурц шүүмжилж, бүр хов зөөжээ.

Тэр бүү хэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Клинтон Москва, Ромд суугаа Элчин сайд нартаа “Италийн Ерөнхийлөгч Сильвио Берлускони болон ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин нар дотны найзууд төдийгүй тэднийг хувийн бизнес холбодог гэсэн мэдээлэл үнэн эсэхийг тодруул. Аль алийг нь тэд эрс няцаадаг” хэмээн даалгаж байжээ. Ер нь Америкийн Элчин сайдууд ажиллаж, амьдарч байгаа улс орноо хайр найргүй шүүмжилдэг аж. Ийм л ажилтай хойно доо. Жишээлбэл Кени улс тэр чигээрээ авилгын намагт живсэн гэнэ. Мөн Кенийн өндөр албан тушаалын 15 түшмэдийн АНУ-д нэвтрэх эрхийг хассан байна. Түүнчлэн америк дипломатчдын бараг мэдээлэл бүрээс Кенийн Ерөнхийлөгч Мваи Кибаки болон Ерөнхий сайд Раила Одинги нарыг үзэн ядсан өнгө цухалзаж байлаа.

Олон нийтийн ашиг сонирхлыг нууцлалтай сөргөлдүүлэхүй


Америкчууд Турк орныг Кени улсаас ч дутуугүй хараажээ. Ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоганыг “Ямар ч мэдлэггүй зөвлөхүүдийн тусламжтайгаар улс орноо удирддаг” гэжээ. Анкар хотод ажиллаж байгаа Америкийн Элчингийн ажилтнууд “Энэ улс исламизм руу явж байна. Иймээс Европын холбоонд элсүүлэхээс татгалзана” гэж санал болгожээ. АНУ-ын Төрийн департаментын мэдээллүүдийг долдугаар сард нийтлэгдсэн Афганистаны дайны талаарх 92 мянган баримтууд болон Иракийн дайны талаарх 400 мянган саяхны баримт бичгүүдийн адил элдэв нууцыг илчлэгч, зартай “WikiLeaks” сайтад өгчээ.

Тэгэхээр энэ бүгд нэг л эх сурвалжаас ирж байгаа бололтой. “WikiLeaks” урьдын адил хүлээж авсан материалууддаа тойм, дүн шинжилгээ хийлгэхийн тулд өөрийн түншүүд хэвлэл мэдээллийнхэнд өгчээ. “SPIEGEL” сэтгүүл 50 гаруй сэтгүүлчдээр баг бүрдүүлэн нууц материалуудад тойм, дүн шинжилгээ хийжээ. Бид ихэнх тохиолдолд мэдээлэгч /америк/ хүнээ нууцалдаг, хэрэв тэр өндөр албан тушаал хашдаггүй бол. АНУ-ын Засгийн газар зарим тохиолдолд аюулгүй байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн. “SPIEGEL” үүнээс заримыг нь хүлээн зөвшөөрсөн. Бусад тохиолдолд бид мэдээлэл авах эрхтэй олон нийтийн ашиг сонирхлыг аюулгүй байдлаас дээгүүрт тавьж, асуудлыг шийдсэн.

“SPIEGEL”-ийн сэтгүүлчид, редакторууд олон нийтийн ашиг сонирхлыг үргэлж төрийн аюулгүй байдал, нууцлалтай харьцуулан авч үздэг билээ. Одоо бид дэлхийн улстөрд болсон олон үйл явдлыг, эдгээрт оролцсон хүмүүсийн призмээр дамжуулан харах боломжтой боллоо. Эдгээр үйл явдлын талаарх бидний ойлголт эрс сайжирсан. Төрийн нууцлалын хэм хэмжээнээс илүүтэйгээр тунгалаг байдалд илүү ач холбогдол өгөхөд ганц энэ л хангалттай.Афганистан, Ирактай холбоотой цэргийн нууц алдагдсаны дараа АНУ-ын дипломатчид мэдээлэл хулгайлагдахаас маш их айдаг болсон. Энэ бол сүүлийн хагас жилд “WikiLeaks”-т бөөнөөр нь нийтэлсэн 3 дахь тохиолдол. Энэ удаад ч Вашингтонд их гай чирлээ. Эдгээр мэдээллийн тэн хагас нь нууцлалгүй, харин 40,5 % нь “нийтэд зориулагдаагүй” гэсэн тэмдэглэгээтэй. Ердөө 6 % нь буюу 16 652 нь “нууц” гэжээ. Түүнчлэн 4 330 баримтан дээр маш осолтой буюу “NOFORN” гэж бичсэн байсан. Өөрөөр хэлбэл тэдгээрийн АНУ-ын иргэн бус хүн уншиж болохгүй гэсэн үг. Ер нь энэ их материалыг нийтэлбэл 7 хоног тутмын “SPIEGEL” сэтгүүлд 66 жилийн турш хэвлэгдэх юм.

Хов жив ба жинхэнэ үнэн

Баримтуудын иэхнхийг бичсэн хүмүүс түүнийгээ ойрын 25 жилийн турш нууц хэвээр үлдэнэ гэдэгт бат итгэлтэй байсан. Чухам ийм учраас Вашингтоны Элчин сайд, эмиссарууд элдэв ховь жив, ам дамжсан яриа, сургийг илгээж байсан бололтой. Москва дахь Элчингийн нэгэн мэдээлэлд ОХУ-ын тэргүүн хатагтай Светлана Медведевагийн талаар “Лагериудын хооронд зөрчилдөөн үүсгэдэг, хов живэнд дуртай” гэжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Медведевийн гэргий нөхөрт нь үнэнч байгаагүй түшмэдийг албан тушаалаас огцруулахаар жагсаалтыг гаргадаг гэсэн байв. Өөр нэг мэдээллээс үзэхэд Азербайджаны төрийн тэргүүний эхнэр Ильхама Алиева гоо сайхны мэс засал маш олон удаа хийлгэсэн тул түүнийг бараг охидтой андуурмаар гэнэ. Тэр хүүхэн нүүрээ хөдөлгөж, “удирдаж” чадахаа больсон аж.

Хамгийн гол нь эдгээр баримтад олон улстөрч жинхэнэ үнэнийг дэлгэжээ. Яагаад гэвэл тэд энэ бүхнийг хэзээ нэг цагт олны чихэнд хүрнэ гэж айж байгаагүй. Гэхдээ энэ олон мянган баримт юуг баталж байна? Дэлхий үнэхээр тэр чигээрээ АНУ-ын атганд гэж үнэн үү? Вашингтоны Элчин яамд одоо хүртэл эрх мэдлийн төвүүд хэвээр үү? Ерөнхийдөө энэ тийм биш. Дэлхийн хямралт бүсүүдэд энэ улс өөрийн холбоотнуудад бүрэн итгэлгүй байгаа хэт том гүрэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Жишээлбэл Пакистанд америкчууд нэг зүйлээс учиргүй айдаг. Энэ тогтворгүй хэрнээ цөмийн улсад хэрэв алан хядагчид цөмийн аюул, осолтой материалыг булаан авахаас тэд эмээдэг. Ийм айдсыг америкчууд Йеменд ч мэдэрдэг гэнэ. АНУ энд өөрийн итгэл үнэмшлийг зөрчин, арга хэрэгслээ сонгохдоо тийм ч ухаалаг бус орон нутгийн лидерт өөрийгөө ашиглуулдаг. “Аль Каида”-гийн эсрэг зориулалтаар тэдэнд Америкийн үзүүлж байгаа цэргийн тусламжаар Али Абдулла Салих өөрийн улсын умард хэсэгт дайсагнагч омгуудын эсрэг дайтах боломжтой болсон.

Доромжлол, бас доромжлол

Саддам Хусейныг буулган авсны дараа ч ялагч гүрэн өөрийн хүсэл зоригоо Иракт тулгахад амаргүй байсан юм. Ийм ч учраас Багдадад олон, хүчтэй Элчин солигдсон. Тэдний талаар олон улсын хэвлэлийнхэн “Дэд хаад” гэж байлаа. Дараа нь Дэд ерөнхийлөгч Джо Байден өөрөө Иракийн улстөрчидтэй уулзан, боломжийн ардчилал байгуулах шаардлагатайг тэдэнд итгүүлэх хэрэгтэй болсон. Гэвч нэгэн Элчингийн мэдээлэлд Обамагийн орлогч ямар ч амжилт олоогүй гэж дурджээ. Харин ч амжилт гаргахын оронд америкчууд Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракийн эцэс төгсгөлгүй яриаг сонсох шаардлагатай болсон байна. Тэрээр “Иракийн дайн урьд өмнө нь хэзээ ч гарч байгаагүй хамгийн том алдаа гэдгийг би анхнаасаа мэдэж байсан. Иракт ардчилал тогтооно гэдгээ март” гэж америкчуудад зөвлөжээ. Мубарак “Хэрэв АНУ-ын арми эндээс явбал энх тайван байдалд шилжих хамгийн шилдэг арга бол цэргийн эргэлт” гэж мэдэгдсэн байна. Түүний энэ үг бол доромжлол, тэртэй тэргүй таагүй байгаа нөхцөл байдлыг улам ч даамжруулсан хэрэг байлаа.

Ойрхи Дорнодоос ирсэн эдгээр мэдээлэл ерөнхийдөө хэт том гүрний сул доройг баталж байна. Вашингтон өөрөө энэ хорвоод оршихын тулд энэ бүс нутгийн эрчим хүчний нөөцөөс хувь хүртэх нь нэн чухал гэж үргэлж үзсээр ирсэн билээ. Гэтэл дэлхийн том гүрэн маань заримдаа янз бүрийн ашиг сонирхолтой субъектүүдийн гарт тоглоом болж байсан аж. Тэгээд ч Америкийг арабууд ба израильчууд, шиитүүд ба суннитууд, исламистууд ба секуляристууд, дарангуйлагчид ба эзэн хаадын зөрчилд татан оруулсаар байна. Нийтэд дэлгэсэн эдгээр баримтад дүгнэлт хийхэд, Арабын лидерүүд үнэндээ засгийн эрхийн төлөө өөрийн байр сууриа батжуулахад Вашингтоны найзуудаа ашиглаж байсан ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.