Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд - 5 (Казакстан, Афганистаны жишээ)
2010.12.22

Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд - 5 (Казакстан, Афганистаны жишээ)

Монгол улс хөгжлийн зааг дээр ирээд байна гэж учир мэдэх хүмүүс сануулдаг.Үүцээ задлан хүрнэ хэмээн монголчууд итгэдэг ч баялгаасаа болж баяжсан орнууд байхад баларсан нь ч цөөнгүй бий. Оюутолгой, Таван толгой ордоо ашиглалтад оруулж уул уурхай,эдийн засгийн шинэ шатанд гарч буй өнөө үед бусдын алдаанаас суралцаж, туршлагаас судлахын тулд “Өнөөдөр” сонин ашигт малтмалаар баялаг орнуудын хөгжлийн түүхээс танилцуулж байгаа. Энэ удаа бид Казакстан, Афганистаныг харьцуулж байна.

Афганистан
Хүн ам: 28.3 сая
Тусгаар тогтносон өдөр: 1919.08.19
Ажилгүйдэл: 35 хувь
ДНБ: 14.04 тэрбум доллар
Нэг хүнд ноогдох ДНБ: 1000 доллар
Инфляци: 30.5 хувь
Үндэсний валют: Афган
Бизнес эрхэлхэд таатай орчин. 160 дүгээрт

afganistam_map
1919 онд буюу Казахстанаас бүхэл бүтэн 70 гаруй жилийн өмнө тусгаар улс болон түүхийн хуудаснаа тэмдэглэгдсэн Афганистанд байдал шал өөр. 5000 жилийн тэртээ энд анх хүмүүс суурьшсан гэж үздэг. Энэ хугацаанд олон эзэнт гүрний гар дамжин ирснээс цухас дурдахад VII зуунд арабуудад эзлэгдэж, соёл болон шашныг нь авсан бол XIII зуунд Чингисийн цэргүүдийн түрэмгийлэлд ч өртөж байлаа. Харин XVIII зуунд Персийн эзэнт гүрний нэгэн хэсэг болж байсан түүхтэй.

Дундад Дорнодын далайд гарцгүй Афганистан улс Ази Европыг холбосон стратегийн ач холбогдол бүхий байршлынхаа хар гайгаар англичууд болон оросуудьн овоо хараандөртөж, Том тоглоомын бай болжээ. Их Британи энэ орныг эзлэн авахын тулд хэд хэдэн удаа дайрч байсан боловч 1919 онд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн байна.

1973 оноос төрийн эрх барьсан Мухаммед Дэд Ерөнхийлөгчийг 1978 онд унагаж, гэр бүлийнх нь хамт цаазалснаар дайн дажин, хувьсгал хийгээд эмх замбараагүй байдал тасарсангүй. Сүүлийн 38 жилийн турш афганчууд иргэний дайнаар амьсгалж ирсэн билээ. 1989 онд ЗХУ-ын цэргүүдийг хөөж гаргаснаар бүх зүйл ок болно гэж бодсон нь эндүүрэл байв. Яван явсаар "Талибан"-ы удирдлагын үед америкчуудын уурыг нэгэнтээ хүргэжээ. 2001 онд Осама бен Ладен Афганистанд орогносон гэдэг шалтгаар АНУ-ын цэргүүд энэ оронд халдах эрхтэй болсон. За тэгээд дайтаад л байна, дайтаад л байна. 2004 онд шинэ Үндсэн хуулиа баталж, Хамид Карзай Ерөнхийлөгч болсноор байдал цэгцрэв үү гэтэл үгүй. Иргэний дайн, эмх замбараагүй байдал одоо хүртэл үргэлжилсээр...

Уг нь байгалийн хий, газрын тосны нөөцөөрөө Афганистан дэлхийд дээгүүрт жагсана гэдэг ч яв цав гаргасан тоо алга. Түүнчлэн алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр болон бусад ашигт малтмалын арвин нөөц байгаа гэдэг. Америкийн геологичдын тогтоосноор Афганистанд нэг их наяд долларын ашиглагдаагүй байгалийн нөөц бий. Гэтэл тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзай энэ үзүүлэлтийг гурван их наяд доллараас ч давна гэж мэдэгдсэн байгаа юм. Ашигт малтмалын ордуудаа бушуухан эргэлтэд оруулж, эдийн засгийн хөгжилд хүрнэ хэмээн Афганистаны эрх баригчид ярьдаг. Гэвч уулархаг энэ оронд уурхай ажиллуулахад бэрх төдийгүй дэд бүтэц гэх юмгүй учир хөрөнгө оруулалт татахад амаргүй. Бас дээрээс нь улс төр, эдийн засгийн тогтворгүй ийм нөхцөлд ашигт малтмал олборлох гэж мөнгө хаях хүн олон биш ээ.

Эрэл хайгуул сайтар хийвэл эндээс юу ч гарч ирж магадгүйг уул уурхайн компаниуд мэддэг ч холуур өнгөрсөөр. Эдүгээ Афганистан нь гадаадын тусламжаас хараат нэн буурай орны тоонд орж байгаа юм. Өнгөрсөн онд тус улсын нийт төсөв 3.3 тэрбум доллараар хэмжигдэж байсан бол 2.6 тэрбум долларын тусламж авсан байх жишээтэй.

Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 1000 долларт чүү чамай хүрдэг бөгөөд худалдан авах чадвараараа афганчууд дэл-хийд 219 дүгээрт жагсдаг байна. Газрын тос, байгалийн хийн арвин нөөцтэй хэрнээ нефтийн бүтээгдэхүүнээ хүртэл импортоор хангана. Афганистаны ДНБ-ий 31 хувийг бий болгодог хөдөө аж ахуйн салбарт нь тус улсын нийт ажиллах хүчний 78 хувь нь хамрагддаг аж. Тэгээд намуу цэцэг, үр тариа, жимс, самар ургуулна. Хөдөө аж ахуйн салбар нь хөөрхөн хөгжчихсөн юм болов уу гэхээр хар тамхи буюу намуу цэцгийн тариалалт л газар авсан байх юм. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх удирдлага буюу UNODC-ын мэргэжилтнүүд 2008 оны наймдугаар сард гаргасан судалгааны тайландаа "XIX зууны дунд үеийн Хятадаас өөр ямар ч орон өнөөгийн Афганистан шиг их хэмжээний хар тамхи үйлдвэрлэж байгаагүй" хэмээн тэмдэглэжээ. Дэлхийн зах зээлд нэвтэрч буй намуу цэцгийн 90 хувийг Афганистан улсад үйлдвэрлэж байгаа тухай тус байгууллага онцолсон байдаг. Афганчууд 2007 онд л гэхэд гурван тэрбум долларын орлого хар тамхины наймаанаас олсон нь тус улсын ДНБ-ий 40-50 хувьтай дүйцэх үзүүлэлт ажээ.

afganistan
Өдгөө Афганистаны хүн амын 36 хувь нь нэн буурай ангилалд багтаж байна. Тус улсын иргэдийн 42 хувь нь өдрийн нэг доллараар амьжиргаагаа залгуулдаг гэж USAID (АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг) тодорхойлжээ. HDI буюу хүний хөгжлийн индексээрээ Афганистан улс дэлхийд хойноосоо хоёрдугаарт жагсдаг гэнэ. Хагас цаг тутамд нэг эмэгтэй жирэмсний хүндрэлээс, бас нэг хүн сүрьеэ өвчнөөс болж нас бардаг бол 14 хүүхэд эмчилж болох өвчнөөс болж хорвоог орхидог ажээ. Хагас цаг тутамд шүү дээ.
КАЗАХСТАН
Хүн ам: 16,4 сая
Тусгаар тогтносон өдөр: 1991.12.25
Ажилгүйдэл:
6.3 хувь
ДНБ:
135.601 тэрбум доллар
Нэг хүнд ноогдох ДНБ:
8719 доллар
Инфляци:
7.3 хувь
Үндэсний валют:
Тенге
Бизнес эрхэлхэд таатай орчин.
59 дүгээрт

kazakstan_map
Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд есдүгээрт жагсдаг нэгэн орон ЗХУ-аас тасран, биеэ даагаад эдүгээ идэр настайгаа золгож байна. Төв Азийн зүрхэнд орших Казахстан улсыг торгоны зам дайрч өнгөрдөг хийгээд Европ, Азийг холбох энэ орон Каспийн болон Арал тэнгисээр угаагддаг ч далайд гарцгүй билээ. 1991 оны зул сарын баярын үеэр тусгаар тогтнолоо зарласан казахууд ямаршуухан аж төрж байна вэ?

Тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ЗХУ бутран унасны дараа эх орноо зах зээлийн эдийн засагт шилжүүлэх агуу алхмыг хийсэн. Харамсалтай нь энд ардчилал байхгүй. De facto юу гэвэл тэрбээр бүх насаараа Ерөнхийлөгч байна. Н.Назарбаевын ах дүү, хамаатан садангууд Казахстаны хамаг л том компанийг гартаа атгаж суудаг гэлцдэг. Гэхдээ зүгээр ээ, энд амьдрал буцалж байна.Жил бүр 100 мянга орчим казах хун далайн чанадаас эх орноо зүглэн ирдэг гээд бодохоор амьдрал сайхан байгаа гэвэл буруудахгүй болов уу. Энэ нь мэдээж Казахстаны Засгийн газрын баримталж буй иргэдээ эргүүлэн татах бодлоготой холбоотой."Хүн нэмбэл хүнс нэмнэ" гэдэг дээ...

Монголчуудын нэгэн адил "нүүдэлчин ард түмэн" гэх нэр зүүдэг казахууд Октябрийн хувьсгалын дараагаар буюу 1919 оноос хэцүүхэн байдалд аж төрж байв. 1931-1934 онд өлсгөлөн дээд цэгтээ тулж, нэг сая гаруй хүн амь үрэгджээ. Энэ үеэр олон казах эх орноосоо дүрвэн одсон байна. Эдүгээ гурван казах хүний нэг нь буюу нийт 5.5 сая хүн гадаадад амьдардаг гэсэн тооцоо бий аж. Эх орондоо иргэдээ буцаан татах тусгай хөтөлбөрийн дагуу жил бүр 100 мянга казах буцаж-ирдгийг дээр, дурдсан. Тэгвэл Казахстаны эрх баригчдын төлөвлөж буйгаар энэ жилээс уг үзүүлэлтийг 200 мянгад хүргэж, 30 жилийн дотор таван сая хүнээ нутагт нь авчрах гэнэ.

ЗХУ-ын бодлогоор 1930-аад онд Казахстаныг үйлдвэржүүлсэн. Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн бусад улстай харьцуулахад одоо ч ОХУ-тай сайн харьцаатай хэрнээ АНУ болон Европ, Азийн орнуудтай ч найрсаг харилцаж, нийгэм, эдийн засгийн хөгжил өөд тэмүүлж буй Казахстаны бодлогыг шүүмжлэх нь ч бий, шагшин магтах нь ч бий.

Энэ орон 90 орчим төрлийн ашигт малтмалын нөөцтэй аж. "Менделеевийн үелэх системийн элементүүдээс манайд олдоогүй нь үгүй" хэмээн казахууд омогшдог юм билээ. ВР компанийн тооцоолсноор Казахстан улсад 39.6 тэрбум баррель газрын тос байгаа хэмээн тогтоогдсон нь дэлхийн нийт нөөцийн 3.2 хувийг эзэлж байгаа юм.

Мөн энд 1.82 их наяд шоо метр байгалийн хийн нөөц бий. Бас болоогүй, 1.7 орчим сая тонн ураны батлагдсан нөөцөөрөө Казахстан дэлхийд хоёрдугаарт жагсана. Өнгөрсөн онд олон улсын зах зээлд 13.5 мянган тонн ураны баяжмал казакууд 17 жилийн турш лидер байсан канадчуудыг гүйцэж, ураны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлжээ.Эдүгээ Казахстаны Засгийн газар ОХУ-тай хамтарч атомын цахилгаан станц барьж эхэлж байна.

nazer07
За тэгээд алт, зэс, молибден, хөнгөн цагаан, төмөр, нүүрс гээд байхгүй юм үгүй баян орон энэ байна даа. Гэхдээ газрын тос, байгалийн хий нь Казахстаны экспортын гол бүтээгдэхүүн юм. 2003 онд зөвхөн газрын тосны борлуулалт нь долоон тэрбум долларт хүрч, тус улсын нийт экспортын 64, ДНБ-ий 24 хувийг эзэлж байжээ. Тэгэхээр дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ унахад Казахстаны эдийн засаг будаа болно гэдгийг эрх баригчид нь сайтар мэдэж байв. Тэгээд яасан гээч? Хууль баталсан. 2007 оны долдугаар сарын 1-нээс ашигт малтмалын бүх орлогоо Үндэсний сандаа төвлөрүүлэх болжээ. Өөрөөр хэлбэл, Казахстаны улсын төсөв дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс хараат бус болсон бөгөөд эдүгээ Засгийн газар нь "нефтийн мөнгөө" үрэн таран хийх эрхгүй гэсэн үг. Түүний хажуугаар казахууд уул уурхайн бус салбараа дэмжихэд ихээхэн анхаарч байгаа юм. Улс орноо эдийн засгийн таван томоохон бүс болгон хуваасан бөгөөд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хүнд хөнгөн үйлдвэрлэл гээд бүхнийг зэрэг хөгжүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлэхээр мэрийсэн. Энэ нь ч амжилттай бүтэж буй. Эдүгээ Казахстанд LG, "Samsung", "Bosch", ЗМ, "Panasonic", АВТОВАЗ, "Chevrolet"зэрэг дэлхийн брэндүүд үйлдвэрлэлээ явуулж байгаа бол "Microsoft" компани Төв Азийн бүс хариуцсан төвөө Алматад байгуулжээ. Энд мөн "Alatau IT sity-гийн тухай дурдвал илүүдэхгүйбайх. Казахууд одоо мэдээллийн технологийн парк буюу бүхэл бүтэн хот шиг юм байгуулж байна. Энэ нь эдийн засгийн чөлөөт бүс агаад мэдээж мэдээллийн технологийн компаниудад зориулж татварын хөнгөлөлт, бусад урамшууллыг үзүүлдэг ажээ.

Д.Мөнхчимэг
Зохиогчийн эрх: Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.