Эрвээхэйн мөнхийн дэвэлт
Бүгд найрамдах Доминиканы төдийгүй Өмнөд Америкийн түүхэнд Мирабалын эгч дүүс шиг алдаршиж, хүндлэгдсэн гэр бүл үгүй. XX зууны хамгийн харгис удирдагчийн нэг Рафаэл Трухилогийн (1891-1961) засаглалыг эсэргүүцэн, ард түмнийхээ эрх, эрх чөлөө, улс орныхоо ардчилсан ирээдүйн төлөө амиа өргөсөн тэдний түүх өнөө ч олон кино, зохиолын эх болсоор. Эмэгтэй хүн боловсрол, мэдлэг эзэмшихэд саад бэрхшээл их байсан 1950-иад онд чадвар, эр зоригоороо гайхагдсан Мирабалын эгч дүүс Доминиканы Сальседо хотын уугуул. Хотынхоо хамгийн чинээлэг, сэхээтэн айлын нэгд төрсөн Патрия, Деди, Минерва, Мария Тереза нар бие даасан, шийдэмгий болж өсчээ. Хувиараа бизнес эрхэлдэг, олон талт мэдлэгтэй, ардчилсан үзэлтэй аав нь дөрвөн охиноо аливаад шударга хандахад багаас нь сургасан байна.
Охидын хамгийн өөрийнхөөрөө, эршүүд нь байсан гэгддэг Минерва (1926 онд төрсөн) армиас улстөрд орсон генерал Трухилог хамгийн их эсэргүүцдэг байлаа. 1930-1961 онд улсын тэргүүн байсан Трухилогийн засаглал 50 мянга гаруй хүний аминд хүрсэн бөгөөд хохирогсдын олонхи нь Доминиканы нутагт аж төрдөг франц хэлт гайтичууд болон дарангуй засаглалыг эсэргүүцсэн залуус, тэдний ар гэрийнхэн байв. Эрх баригчдын харгислалыг мэдэрсэн залуустай их сургуульд танилцаж дотносон, бурангуй засаглалын хор хөнөөлийг ойлгосон Минерва хуульч болж, хүний эрхийн төлөө тэмцэхээр шийджээ. Харин энэ шийдвэр нь генерал Трухилогийн ээлжит тансаг цэнгүүнтэй давхацсан байна. Нутаг орондоо нэр хүндтэй тул Мирабалынхныг генерал цэнгүүндээ урьж, Минервад өөрийг нь цэнгүүлэгч эмэгтэйчүүдийн нэг болох санал тавьсан аж. Минерва мэдээж татгалзсан бөгөөд удирдагчийг бүжгэнд урихад хатуу үг хэлж орхижээ. Зоримог Минерва улсын тэргүүнийг бүжгийн талбайд ганцааранг нь үлдээгээд зогсохгүй гэр бүлийнхнийгээ дагуулан төрийн цэнгүүнийг орхин гарсан гэдэг. Трухилог яваагүй үед хэн ч өрөөнөөс гарч, түүнээс түрүүлж хэн ч дуугарах эрхгүй байсан тэр цагт залуу бүсгүйн үйлдэл олныг цочроож, генералыг хилэгнүүлсэн нь мэдээж.
Трухило тэр даруй Минерваг аав, ээж, авга ахынх нь хамт баривчилж, төрийн эсрэг хуйвалдаан сэдсэн гэх хилс хэрэгт буруутгасан байна. Хэд хоногийн дараа Минерва ээжийн хамт суллагдсан ч авга, аав хоёр нь торны ард үлджээ. Мирабалын эгч дүүс аавыгаа суллуулах гэж олон сар хөөцөлдөж, албаныхныг учирлаад ч нэмэр болсонгүй. Мирабалынхан Трухилотой анх нүүр тулснаас хоёр жилийн дараа охидын аав Дон Энрике Мирабал шоронгоос суллагдсан ч хэдхэн сарын дараа буюу 1953 оны арванхоёрдугаар сард нас баржээ. Авга нь мөн хэд хоногийн дараа гянданд амьсгал хураасан байна. Дараахан нь Трухило Минервагийн их сургуульд сурах эрхийг хязгаарлаж, эмэгтэйчүүдэд хуулийн зэрэг олгохгүй гэсэн шийдвэр батлав. Энэ бүхэн Минерваг хилэгнүүлж, нэг талаар хатуужуулан Трухилогийн засаглалыг эсэргүүцэгч нууц бүлгэмүүдтэй холбоо тогтооход хүргэжээ.
Маш нууцаар ч тун хурдан хүрээгээ тэлсэн хувьсгалч залуусын хөдөлгөөнд эгч Патрия (1924 онд төрсөн), отгон дүү Мария Тереза (1935 онд төрсөн) нь удалгүй нэгдсэн байна. Мирабалын эгч дүүс нууц бүлгэмүүдийн дунд Эрвээхэй нэрээр танигдсан бөгөөд энэ нь Минервагийн анхны нууц нэр юм. Эгч дүүс хожим нууц бүлгэмүүдийг нэгтгэн Зургадугаар сарын 14-ний хөдөлгөөнийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.Трухилогийн дарангуйлал ил цагаандаа гарч, цэрэг армийнхны гарт амиа алдсан хүний тоо нэмэгдэх тусам эгч дүүс өөрсдийнхөө төлөө бус бүх ард түмнийхээ төлөө тэмцэх ёстойгоо ухаарч байв. Тэд зорилго нэгт хувьсгалч залуустай гэрлэж, бүгд ээж болсныхоо дараа ч гэр бүлийнхнийхээ амийг дэнчинд тавин байж хавчигдсан, хилс хэрэгт буруутгагдсан, шорон гяндангаас оргосон хүмүүст туслан, Трухилог төрийн эрхээс зайлуулах зорилготой босогчдод зэвсэг нийлүүлдэг байлаа. Эгч дүүсийн хоёр дахь нь буюу Деди (1925 онд төрсөн) хувьсгалчдын үйл хэрэгт идэвхтэй оролцож тусалдаг байсан ч ээж болон гэр бүлийнхээ бүх хүүхдийг асрах үүрэгтэй байв. Тэрбээр хувьсгалч эртэй гэрлээгүй Мирабалын ганц охин юм.
1950-иад оны сүүлээр засаглалыг нь эсэргүүцэгчдийг бүр ч хэрцгийгээр тамлан зовоох болсон генерал Трухило Зургадугаар сарын 14-ний хөдөлгөөний гишүүдийг “ангуучилж” эхлэв. Цэргийнхэн хөдөлгөөний нууц ажиллагааг илрүүлж, хэдэн арван хүнийг хөнөөн хөдөлгөөний эрчүүдийг баривчилжээ. Тэдний дунд Мирабалынхны гурван хүргэн байлаа. Хувьсгалч залуусын нэр хүнд өсч, ард олон армийн засаглалыг улам эсэргүүцэх болсон нь Эрвээхэйнүүдтэй холбоотой гэдгийг мэдэх болсон Трухило Минерва, Мария Тереза хоёрыг мөн хэд хэдэн удаа баривчлуулж, зэвсэгт босогчдын үйл хэргийг илчлэхийг шаарджээ. Байцаагчид болон арми, шоронгийнхон эгч дүүсийг зодож, эрүүдэн тамлаад зогсохгүй балмадаар хүчиндсэн гэдэг. Гэвч тэд бууж өгсөнгүй. Эр нөхөр, хамтрагчдынхаа амийг хамгаалж хэдэн сарын турш нэг ч үг дуугараагүй учир армийнхан тэднийг арга буюу суллажээ. Гэхдээ Мирабалын эгч дүүс ард түмний хайр, хүндлэлийг хүлээсэн, нийтийн дунд эсэргүүцлийн хөдөлгөөн газар авах төлөвтэй байсан зэрэг нь эгч дүүсийг суллахаас аргагүйд хүргэсэн байна.
Минерва, Мария Тереза хоёрыг 1960 онд суллагдсаны дараа бүх зүйл сайнаар эргэнэ, тэмцэгчид дарангуйлагчийг удахгүй төрийн эрхээс буулгана гэдэгт Мирабалынхан найдаж байв. Эр нөхрүүд нь торны ард байсан ч тэд гэр бүлийнхээ, улс орныхоо гэрэлт ирээдүйд итгэж байсан юм. Гэвч хувь тавилан тэдний хүссэнээр болсонгүй. Санта Доминго хотын Викториягийн гянданд хоригдож байсан нөхрүүдтэйгээ уулзчихаад гэртээ харих замд нь Патрия, Минерва, Мария Тереза нарын машиныг бүлэг залуус зогсоож, жолоочийнх нь хамт замын хажуудах тариалангийн талбай уруу туужээ. Дарангуй засаглал дор олон жил зовсон тэдэнд тарчлалгүйгээр амьсгал хураах “завшаан” ч олдоогүй юм. Трухилогийн илгээсэн энгийн хувцастай эрс эгч дүүсийг хэрцгийгээр зодож занчин хөнөөжээ. Хорвоог орхихдоо Патрия 36, Минерва 34, Мария Тереза 25 настай байв. Алуурчид дөрвөн хохирогчийн цогцсыг автомашинд хийн Сантьяго, Пуэрто-Плата хотын хоорондох Ла Кумбре хавцлаас унагасан байна. Энэ нь тэмцэгч эмэгтэйчүүдийн үхэл ослоос болсон гэж харагдуулах арга байсан нь тодорхой.П
Нөхөр нь гянданд байгаагүй шалтгаанаар эгч дүүстэйгээ хамт яваагүй Деди Мирабалын зоригт охидын түүхийг дэлхий дахинд мэдүүлэх, ард түмэндээ эрх чөлөөний үнэ цэнийг сануулах үүрэг хүлээн өнөө ч эсэн мэнд буй. Тэрбээр төрөлх хотдоо Мирабалын эгч дүүс хэмээх музей байгуулж эрх чөлөө, ардчилалд тэмүүлснийхээ төлөө амиа алдсан хэдэн мянган доминиканчуудын тухай ном бичжээ. Мөн эгч дүүсийнх нь аймшигт үхэл, адармаатай амьдралаас сэдэвлэсэн хоёр ч кинонд зөвлөхөөр ажилласан байна. Гэхдээ энэ бүхнээс илүү тэрбээр Мирабал хэмээх нэрийг авч үлдсэн өөрийн ес, эгч дүүсийнхээ долоон хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн юм.
Мирабалынхны үр удам өнөө ч эх орныхоо төлөө хүчин зүтгэж буй. Ээжийгээ амь үрэгдэхэд дөрвөн настай байсан Минервагийн ууган охин Миноу Мирабал ардчилсан Бүгд найрамдах Доминиканы Гадаад хэргийн сайдын орлогч, Америкийн тусгаар орнуудын холбоо дахь Доминиканы тусгай төлөөлөгчөөр өдгөө ажиллаж байна. Золгүй түүхээр дүүрэн ч Мирабалынхны удам сайн цагтай золгосны адил доминиканчууд ч эрх чөлөөтэй болоод олон арваныг үджээ. Хувьсгалч эгч дүүсийг өөд болсноос хэдхэн сарын дараа генерал Трухило тэмцэгчдийн гарт алагдаж, армийнхны ноёрхол нурсан юм. Эрх, эрх чөлөөнийхөө төлөө 30 жил тэмцсэн доминикан түмний иргэний шинэ Засгийн газар дараахан нь дарангуйлагчийн ар гэрийнхэн, хамтрагчдыг нутгаасаа гаргажээ. Энх цагтай золгосон ч доминиканчуудын сэтгэлд зоригтой, үзэсгэлэнт Эрвээхэйнүүд эрх чөлөө хэчнээн үнэтэйг сануулан дэвсээр байгаа.
Мирабалын эгч дүүсийн таалал болсон өдөр буюу арваннэгдүгээр сарын 25-ныг НҮБ 1999 оны арванхоёрдугаар сарын 17-нд Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр болгожээ. Хүйсээр ялгаварласан хүчирхийллийг эсэргүүцэх тухай олон улсын сургалт, сурталчилгааны 16 хоног мөн эл өдрөөр эхэлдэг. Энэхүү арга хэмжээний сүүлийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд Олон улсын хүний эрхийн өдөр тохиодог билээ.