Кеннеди овгийн роза буюу ерөнхийлөгчийн ээж
2011.02.02

Кеннеди овгийн роза буюу ерөнхийлөгчийн ээж

Роуз Элизабет Кеннеди 100 давж насалжээ. Амьдралын ганц ханьтайгаа хагас зуун жил гаруй хамт аж төрсөн байна. Тэд есөн хүүхэд өсгөн хүмүүжүүлснээс нэг нь сенатч, өөр нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч болсон билээ. Үлгэр жишээ эх байж, буян үйлдсэнийхээ төлөө Ромын папаас хатан цол хүртжээ. Ер бусын, үлгэрт гардаг амьдрал шиг байна уу? Өнгөцхөн харвал тийм байж болох юм.

/зүүн гар талаас Жон, Роберт, Эдвард/

Роуз Элизабет Кеннеди 1890 оны долдугаар сарын 22-нд Америкийн Массачусетс муж улсын нэр хүндтэй Бостон дүүрэгт мэндэлжээ. Чинээлэг, алдартай гэр бүлийн зургаан хүүхдийн том нь аж. Роузын эцэг Ирланд-Америк гаралтай Жон Ф.Фитцжеральд Америкийн Сенатын танхимын гишүүнээр нэг удаа, Бостон хотын даргаар хоёр удаа сонгогдож байжээ. Жоны эхнэрийг Мэри Жозефин Хэннон /Жоны хаяал дүү нь/ гэдэг. Тэд католик шашинтнууд учир хүүхдүүдээ нэлээд хуучинсаг аргаар хүмүүжүүлжээ.


Роуз Нидерландын сүмийн дэргэдэх охидын бага сургууль дүүргэсэн бол, 16 настайдаа Дорчестерийн дунд сургуулийг төгссөн байна.


Роуз онцгой гоо үзэсгэлэнтэй байсангүй. Түүнийг 15 настай байхад аав нь эмэгтэй дүү Агнесийн хамт авч явж, тэр үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Уильям Маккинлигийн хүлээн авалтад оржээ. Эелдэг Маккинли Агнест хандаж, “Та Цагаан ордонд орж ирж байсан эмэгтэйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй нь” гэж хэлжээ. Харин Роуз тийм сайхан үг сонсож чадаагүй байна. Тэр үед шаргуу хөдөлмөрлөж амьдрах хэрэгтэйгээ тэрбээр ухамсарлажээ.


Роуз, Уэлслигийн хүмүүнлэгийн ухааны нэр хүндтэй коллежид бичиг баримтаа өгөхөд түүнийг шууд л элсүүлэв. Гэвч шашиндаа үнэнч эцэг, эх нь уг шийдвэрийг сайшаалгүй, охиноо Бостоны дэргэдэх католик сүмийн дэргэдэх коллежид шилжихийг шаардсан байна. Сайн боловсролтой болж чадаагүйгээ Роуз хожим нь өөрийн амьдралын хамгийн том гарзуудын нэг гэж нэрлэжээ.


1907 оны зун Фитцжеральдынхан хүүхдүүдийн хамт Атлантын далайн эргийн Олд-Орчард-Бич амралт сувиллын алдартай хотхонд амрахаар явжээ. Тэдний хажууханд Кеннедийн гэр бүлийнхэн буусан байна. Тийнхүү 17 настай Роуз ирээдүйн нөхөртэйгөө танилцжээ.
19 настай Жозеф Кеннеди Роузын эцэг, эхэд анхнаасаа л таалагдсангүй. Зөвхөн түүний хөдөлмөрч, залуу хүний амбицтай нь ирээдүйн хадмуудын хүндэтгэлийг хүлээжээ. Удалгүй Жозеф Америкийн түүхэн дэх банкны хамгийн залуу ерөнхийлөгч болсон байна. Гэсэн ч түүнийг охинд нь тохирох хүн биш гэж үзсээр байжээ.


Хичнээн эсэргүүцэж байсан ч Кеннеди Фитцжеральдын том охинтой уулзсаар 1914 оны 10 дугаар сарын 7-нд тэд нэг их хөл бололгүй гэрлэсэн байна. Тэгэхэд залуу үйлдвэрлэл эрхлэгчийн жилийн орлого 10 мянган доллар байлаа. Харин 10 жилийн дараа Ривер Айлендын оршин суугч болсон Кеннеди аль хэдийн олон саяаар тоологдох хөрөнгөтэй нэгэн болсон байв.
Тэднийх есөн хүүхэдтэй. Том хүү болох бага Жозеф Кеннеди 1915 онд буюу хуримаас нэг жилийн дараа төржээ. Дараа нь нэг жилийн зайтай Жон, Розмари, Кэтлин, Юнис мэндэлсэн байна. 1924 онд Патрисия, 1925 онд Роберт, 1928 онд Жан, 1932 онд Эдвард Кеннеди төрсөн аж.


Гэвч Роузыг аз жаргалтай байсан амьдарч байсан гэхэд хэцүү. Нөхөр нь ажлаа дуусгаад гэртээ ирэх нь ховорхон, гадуур зугаа хөөж явдаг байлаа. Тэгээд бүр зугаа цэнгэл хөөж яваагаа олон нийтээс нуух ч гэдэггүй байв. Дөрөв дэх хүүхдээ төрөхөөс нэг сарын өмнө Роуз гомдсон сэтгэлээ барьж дийлэлгүй эцэг, эх дээр очжээ. Харамсалтай нь түүнийг хөөрхийлөн хүлээж аваагүйгээр барахгүй, залуу Кеннедиг угаас таашаадаггүй эцэг, эх хоёр нь жинхэнэ католик шашинтан хүн гэр бүлийн ариун холбоогоо тасалж болохгүй гэдгийг охиндоо сануулаад буцаасан байна.


Тийнхүү Роуз хүүхдүүдээ харж л тайвшрахыг хичээх болжээ. Хүүхэд тээх, төрүүлэх, асрах болон хүмүүжүүлэх, хүүхэд өвдөх гээд бүх ачааг нуруундаа үүрсэн тэрбээр жинхэнэ баатарлаг эх байв. Есөн хүүхэд бүр дээрээ Роуз карт хөтөлж, хүүхдүүдийнхээ өндөр, жин, гутал болон хувцасны хэмжээ, дотор, шүд, нүдний эмчид үзүүлэхэд тавьсан онош болгоныг байнга бичиж тэмдэглэдэг байжээ.


Хорин жил өнгөрөв. Кеннедийн гэр бүлийн архивын гэрэл зурагт 1938 оны тавдугаар сарын 11-ний цэлмэг сайхан үдэш, Хааны ордны дэргэдэх цэнгүүн дээр тансаг хувцаслаж, аз жаргалтайгаар инээмсэглэсэн гурван эмэгтэй байна. Үнэхээр аз жаргалтай байсан болов уу? Тэд гурван өөр хүндхэн хувь тавилантай байжээ.


Зүүн гар талаас хамгийн залуу, сэтгэл нь хөдөлсөн Кэтлин Кеннеди. Роузын бага охидын нэг. 18 настай тэрбээр анх удаа ордонд оржээ. Тэр жил Кэтлин ордонд анх удаа ирсэн хамгийн содон эмэгтэйгээр шалгарсан байна. Харин 10 жилийн дараа тэрбээр гэр бүлийнхээ уламжлалыг эвдэн өөр шашинтай хүнтэй гэр бүл болж, удалгүй бэлэвсэрч, нисэх онгоцны ослоор амь үрэгджээ.
Баруун гар талаас 20 настай Розмари Кеннеди. Түүний намтар хамгийн аймшигтай. Зургаа авахуулснаас хойш гурван жилийн дараа эмч нар Розмариг /багаасаа л тогтворгүй араншинтай, сэтгэлээр унамтгай нэгэн байжээ/ баг сайн судлагдаагүй өвчтэй гэж үзээд, тэр үе найдвартай мэс ажилбарт тооцогддог лоботоми хийхээр болжээ. Орчин цагийн хүнд зэрлэг балмад мэт сонстох ч ХХ зууны 40-өөд онд сэтгэцийн хувьд эрүүл бус, хэцүү гэгдэх өсвөр насныхныханд лоботоми /хүний духан талын тархины хэсгийг бусад хэсгээс тасалдаг мэдрэлийн мэс засал/ “ганц авралд” тооцогдож байв. Роуз, Жозеф хоёр мэс засал хийхийг зөвшөөрснөөр ид цэцэглэж яваа 23 настай эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй болж, амьсгал хураах хүртлээ хэвтэрт, олон цагаар хөдөлгөөнгүй хана ширтдэг болжээ.


Роуз 1969 онд бэлэвсэрч, урт наслах хугацаандаа нөхрөөсөө гадна дөрвөн хүүхэд, гурван ачийгаа оршуулсан байна.


Хатагтай Фитцжеральд Кеннеди хөвгүүдийнхээ улс төрийн амбицийг бүх талаар дэмждэг байсан гэж ярьдаг. Хөвгүүд нь Америкийн түүх болон хуулийг маш сайн судалжээ. Санхүүчийн эхнэр, конгрессийн гишүүн охин Роуз сонгуулийн өмнөх өрсөлдөөн, нууц явуулгыг сайн мэддэг байсан байна. “Та улс төрөөр дагнахаар шийдсэн бол оргил руу хэлбэрэлтгүй тэмүүлэх ёстой” гэж Роуз хүү Эдвард, Роберт, Жон нартаа ахин дахин захидаг байжээ.


Дэмий үглээгүйг түүх гэрчилнэ. 1961 оны нэгдүгээр сард Жон Фитцжеральд Кеннеди буюу “Жек” АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч болсон. Түүний төр барьсан ахархан хэрнээ Америкийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн хугацаанд одоо ч дунд сургуулийн сурагчдын сайн мэдэх Карибын хямрал болсон, Вьетнамын дайны эхэлсэн, хар арьстнуудын эрхийн төлөө тэмцлийн явцад томоохон дэвшил гарсан, Америкийн сансрын “Аполлон” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн зэрэг томоохон үйл явдал болсон билээ. Харин Цагаан ордонд очсоноос хойш хоёр жилийн дараа Жон Кеннеди учир битүүлэг байдлаар алуурчны /Ли Харви Освальд гэгчийг буруушаадаг/ гарт амиа алдсан.


Эдвард Мур Кеннеди ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх гэсэн боловч Цагаан ордны тэргүүн болж чадаагүй. Тэнд очиход намтрынх нь зарим нэг эргэлзээтэй баримтууд саад болжээ. Гэхдээ дайчин ээжийнхээ дэмжлэгтэйгээр /Роуз хүүгийнхээ сонгуулийн өмнөх кампанит ажлыг зохион байгуулсан/ Америкийн хамгийн амжилттай бөгөөд алдартай сенатч нарын нэг болж, энэ албан тушаалд найман удаа сонгогдсон байна.


Жозеф, Роуз хоёрын бас нэг хүү Роберт Кеннеди ах Эдвардынхаа багт Хууль зүйн сайд болжээ. Царайлаг, авьяаслаг Роберт 1968 онд Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн нэг байв. Калифорн муж улсад урьдчилсан сонгуульд ялсныхаа дараа тэрбээр “Амбассадор” зочид буудлын цайны газар хүндэтгэлийн үгээ хэлжээ. Үгээ хэлж дуусмагц буун дуу гарав. Түүнийг Палестины хэт давруу үзэлт Серхан Серхан хөнөөсөн гэж албан ёсоор үздэг ч, түүхчид болон судлаачид өнөөг хүртэл тэр талаар эргэлздэг юм. Хар өдрийн бүрэн дүр зураг гаралгүй өнгөрчээ.


Энэ бүх уй гашууг эхийн сэтгэл яаж тэсч өнгөрүүлсэн юм бол? Төрүүлсэн үрсээ алдсан ч үлдсэн хэдийнхээ төлөө гэсэн сэтгэл нь л аварсан байх. Хүүхдүүд, ач, зээ нарынхаа эхэлсэн болгоныг дэмжиж, буяны ажиллагаанд идэвхтэй оролцсоор байлаа. “Хэрэв би тэсч даваагүй бол гэр бүл минь тэсч давахгүй байсан юм” гэж Роуз Кеннеди амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд “Лос-Анжелес Таймс” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг.


Тэрбээр үр хүүхэд нь хорвоог орхисонд харуусалгүй, Кеннедийн гэр бүл Эртний Грекийн баатрууд адил өөрсдийгөө золиосолж, агуу үйлийг бүтээх учиртай байжээ гэсэн байна. “Би хувь заяагаа зүхэхгүй, харин ч хувь заяагаараа бахархаж байна” гэж энэ мохошгүй эмэгтэй хэлжээ.
Ромын пап XII Пий 1951 онд Роуз Кеннедид “үлгэр жишээ эх байж, буяны олон үйл бүтээсэн”-ий төлөө Ромын хатагтай цол олгосон байна.


Амьдралынхаа сүүлийн 10 жилийг Роуз Хианисспорт дахь гэр бүлийнхээ эдлэнд өнгөрүүлжээ. Уушгины үрэвсэл нь хүндэрсний улмаас 1995 оны нэгдүгээр сарын 22-нд 104 настайдаа таван хүүхэд, 28 ач, зээ, 41 гучаа орхиод нас эцэслэсэн байна. Оршуулах ёслолын ажиллагаан дээр Эдвард Кеннеди үг хэлэхдээ, ээжийгээ “гэр бүлийнхээ ноён нуруу”, “нарны гэрэл” байсан гэж тэмдэглэжээ. Роуз Кеннедийн 100 насны ойгоор Францын дуучин Патрисия Каас энэ гарамгай эмэгтэйд зориулан “Кеннеди овгийн Роза” гэж орчуулж болохоор «Kennedy Rose» дууг дуулсан байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.