Хорин жилийн ойгоор 20 баяр давхцав
2009.12.14

Хорин жилийн ойгоор 20 баяр давхцав

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баяртай олон баярт үйл явдал давхацлаа. Ардчилсан нийгмийг цогцлоон бүтээхийн төлөө хүчин зүтгэж явсан анхдагчийг төрийн дээд одон медалиар шагнаж, баярын ширээний хоймор залан гавьяа зүтгэлийг нь бахдан сайшаав.


Монголын Ардчилсан Холбоо Хүний эрхийн төлөө оны шагналыг жил бүр нэг хүнд олгож ирсэн. Харин энэ жил 20 жилийн ойтой холбогдуулан энэ шагналаа 20 хүнд олголоо. “Хүний эрхийн төлөөх оны шагналыг нэг өрөө байр дагалдана” хэмээн МоАх-ны дарга Х.Баттулгыг зарлахад ардчиллын анхдагчид нүдэндээ баярын нулимстай, нүүрэндээ баяр, бахдал тодруулан тайзнаа гарч батламжаа гардаж авч байв.

Энэ жилийн Хүний эрхийн төлөө оны шагналын эзнээр

С.Батсайхан, Г.Анхбаяр, С.Мөнхболд, Д.Цолмон, Т.Ган-Од, С.Соёмбобаатар, С.Алтандөш, Д.Алтанпүрэв, Л.Энхбаатар, С.Отгонсүрэн, Баттөгс, Цэвэлмаа, Үнэнсайхан, Л.Цэрэн-Очир, Рэндоо, Отгонсүрэн, Алтанпүрэв, менежер Ганбаа, Санхүү Ганзориг, Норжин нарын 20 хүн тодорч, сар шинийн өмнө шинэ байранд орохоор болсон юм.

Л.Цэрэн-Очир: Ардчиллын түүхт ойгоор орон байртай болсондоо би үнэхээр баяртай байна

-Ардчиллын дуу хоолойг “Ардчилал” сонин л анх хүмүүст хүргэж байсан түүхтэй. Би энэ сонинд 10 гаруй жил ажиллахдаа бүхий л албан тушаал хашсан. Миний хэвлэлийн эрх чөлөөнд оруулсан хувь нэмрийг үнэлж “Хүний эрхийн төлөө оны” шагнал олголоо. Энэ шагналыг нэг өрөө байр дагалдаж байна. Үүнийг сэтгүүл зүйд хийж буй хөрөнгө оруулалт гэж бодож байна. МоАХ хэвлэлийн эрх чөлөөг анх тунхаглаж байсан.

Ардчилал сонин ч бас 20 жилийн ойтойгоо золгож байна.

Монголын ардчилсан холбооны тавьсан эхний шаардлагуудын нэг нь хэвлэлийн эрх чөлөө юм. Тиймээс сэтгүүлзүйг дэмжиж байна гэж би олйголж байна. Ардчилсан хувьсгалын түүхэнд “Ардчилал” сонин ямар их үүрэг гүйцэтгэснийг өнөөгийн 20 жилийн өндөрлөгөөс бид эргэн харж байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, монголын ардчиллын түүхт ойгоор орон байртай болсондоо би үнэхээр баяртай байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.