“Wikileaks” сайт Панам, АНУ-ын "нууц"-ыг задлав
2011.03.24

“Wikileaks” сайт Панам, АНУ-ын "нууц"-ыг задлав

Панам улс бол Төв Америк дахь тээвэр, худалдаа, санхүүгийн стратегийн ач холбогдолтой гол цэг. Иймээс АНУ стратегийн зорилгоо хэрэгжүүлэхдээ коммунист нөлөө тархахаас сэргийлэн, гуравдагч орнууд буюу Төв Америкийн Никарагуа, Сальвадор, Гватемал, ялангуяа Панам улсад үйл ажиллагаагаа ихэд идэвхжүүлж ирсэн. Америкчууд Никарагуа, Гватемал, Сальвадорт коммунист нөлөөг нэвтрүүлэхгүй байх зорилго тавьсан бол Панамд өөрсдөө ардчиллын зарчмаа зөрчсөнийг дэлхий дахин мэднэ.

Панам улс одоо ч АНУ-ын тоглоомын хүүхэлдэй хэвээр гэдгийг Викиликс сайт илчилж байна. Тухайлбал Панам, Парагвай зэрэг улсын Засгийн газрууд утасны яриаг хууль бусаар чагнах ажиллагаандаа АНУ-аас тусламж авахыг хүссэн тухай “Wikileaks”  мэдэгдлээ.

АНУ-ын “New York Times” сонинд нийтэлснээр энэ хоёр улс өөрийн орныхоо улстөрийн зарим бүлэглэлийн яриаг нууцаар чагнахын тулд Америкийн хууль бус хар тамхины хэрэгтэй тэмцэх агентлагт хандсан байна. 2009 оны 8-р сарын дипломат шуудангаар Панамын Ерөнхийлөгч Рикардо Мартинелли АНУ-ын Элчин сайдад хандан кодолсон мэдээлэл илгээсэн аж. Тэрбээр уг захиандаа “Утасны яриа нууцаар чагнахад тусламж хэрэгтэй байна” гэжээ. Тухайн үед Панамд сууж байсан АНУ-ын Элчин сайд Барбара Стивенсон “Тэр өөрийнхөө чагнахыг хүссэн зарим хүн, бүлэглэлийг нэрлэсэн. Энэ үед Ерөнхийлөгч Мартинелли аюулгүйн албаны ажилтнуудын сонирхлыг татсан хүмүүсийг улстөрийн үзэл бодлоор нь өөрийн талын эсвэл сөргөлдөгч хүчин гэж хуваагаагүй” хэмээсэн байна.


Энэ мэдээлэл олонд түгсний дараа Панамын Ерөнхийлөгчийн Тамгын газар “АНУ-ын дипломатууд бидний хүсэлтийг буруу ойлгосон. Панамын засаг захиргаа зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины хууль бус наймаатай тэмцэхийн тулд ийм тусламж хүссэн юм. Бид хэзээ ч улстөрчдийн утсыг чагнах тухай гуйж байгаагүй” гэж мэдэгдлээ. Мөн Панамын Ерөнхийлөгч Риккардо Мартинелли дээрх мэдээллийг эрс няцаасан байна.


Тэрчлэн Викиликс сайтын баталж буйгаар Парагвайн Засгийн газар 2010 оны 2-р сарын АНУ-ын дипломат шуудандаа улсынхаа ардын армийн алба хаагчдыг хүн хулгайлсан хэрэгт мөрдөхийг хүсч байгаагаа бичжээ. Америкчууд уг хүсэлтийг няцаасны дараа Парагвайн Дотоод хэргийн яамны сайд өөрийн улсад байгаа АНУ-ын хар тамхины эсрэг агентлагтай аливаа үйл ажиллагааг хамтран явуулахгүй хэмээн сүрдүүлсэн тухай “New York Times” сонин мэдэгдлээ. Иймээс АНУ-ын дипломатчид хүн хулгайлах хэрэгтэй холбоогоор утасны яриа чагнахыг зөвшөөрөхөд тусалсан аж. Гэхдээ тодорхой болзол тавьсан аж. Дашрамд дурдахад АНУ-ын хар тамхитай тэмцэх агентлаг дэлхийн 63 оронд 87 оффистой бөгөөд дэлхийн зарим улсын төр засаг тус агентлагийн орчин үеийн техник, технологийг ашиглах хүсэлт байнга тавьдаг гэнэ.

Америкчууд Тэнгисийн цэргийн баазаа Панамынх гэж харуулахыг хичээжээ

“Wikileaks” сайтын нууц мэдээллүүдийг хэвлэх эрхийг албан ёсоор авсан Панам улсын “Панам, Америк” сонин гуравдугаар сарын 23-нд бас нэгэн сонирхолтой материалыг нийтэллээ.

Уг нийтлэлд АНУ өөрийн Тэнгисийн цэргийн баазуудаа Панамын санаачилгаар барьсан гэж харагдуулахыг оролддог тухай өгүүлсэн байна. АНУ-ын Засгийн газар 2009 онд Панамын Пуэрто-Пинар хотод Тэнгисийн цэргийн баазуудыг барьж, мөн бусад дүүрэгт төслөө өргөтгөх санал тавьж байсан аж. Гэхдээ хамгийн хачирхалтай нь америкчууд энэ бүхнийгээ Панамын зүгээс гарсан санал гэж харагдуулахын тулд бүхнийг хийсэн байна. Панамын нийслэлд суугаа АНУ-ын Элчин сайд Барбара Стивенсон 2009 оны 11-р сарын 9-нд Вашингтон руу илгээсэн дипломат шуудандаа  “Панамын Засгийн газарт материал, техникийн тусламж үзүүлэхийг хүлээж байна. Шаардлагатай гэвэл шуурхай штабын төв, пирс барих ч үүнд хамаарна” гэж бичжээ. Элчин сайдын бичсэнээр Тэнгисийн цэргийн баазын ажилчид нь панамчууд байх аж. Эдгээр төсөл нь АНУ-ын Засгийн газрын Өмнөдийн командлал ба бусад анги нэгтгэлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа юм байна.

Гэхдээ асуудлын гол юу вэ гэвэл яг энэ үед АНУ өөрийн Тэнгисийн цэргийн баазыг Колумбад байрлуулах тухай авч хэлэлцэж байжээ. Иймээс хатагтай Стивенсон АНУ-ын талаар таагүй сэтгэгдэл төрүүлэхийн тулд, мөн америкчуудыг Панамд цэргийн хүчээ төвлөрүүлж байгаа гэсэн хардлагаас зайлсхийхийн тулд уг асуудлыг Панам улсын өөрийн санаачилга мэт харуулж, олон нийтэд хүргэхийг оролдсон аж.

Панам улсын Аюулгүй байдлын яамны Дэд сайд Алехандро Гаруз 2011 оны 3-р сарын 22-нд хийсэн мэдэгдэлдээ дээрх мэдээллийг баталлаа гэж “Панам, Америк” сонин бичжээ. Дэд сайд “АНУ эдгээр баазад ажиллах Панамын ажилтнуудыг бэлтгэх ажилд оролцож байгаа. Гэхдээ АНУ-ын Засгийн газар болон Өмнөдийн командлал нь Тэнгисийн цэргийн баазуудыг барих ажилд огт хамаагүй, оролцоогүй ч үгүй” гэж ярьжээ. Түүнчлэн Дэд сайд Алехандро Гаруз “Хэрэв Вашингтон манай улсад хандив, тусламж өгөхийг хүсвэл энэ тухай албан ёсоор, хэрэгтэй үед нь мэдээлнэ гэсэн байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.