Пентагон Ливид явуулж байгаа дайныхаа зардлыг тооцов
АНУ тэрчлэн Муамар Каддафийн армийн байрласан цэгүүдийг бөмбөгдөхөд Миссури дэх баазынхаа “Б-2 Стелс” онгоцуудыг ашиглажээ. Энэ онгоц нэг цаг нисэхэд дор хаяж 10 мянган доллар шаардлагатай. Уг ажиллагаанд оролцож байгаа АНУ-ын байлдааны онгоцууд, Газрын дундад тэнгист сүлжилдэж буй байлдааны 11 хөлөг, мөн 75 сая долларын үнэтэй, осолдсон сөнөөгч “F-15” онгоц гээд тоочоод байвал төсөвтөө санаа тавьдаг АНУ-ын хууль тогтоогчдын мэдрэлд энэ дайн нөлөөлөхгүй байхын аргагүй.
“Бид 6 цаг тутамд төсвийн хомсодлоо нэг тэрбумаар нэмж байна. Энэ өрийг бидний хүүхдүүд, ач, гуч нар төлж барагдуулах ёстой болж байгаа” хэмээн Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны гишүүн Роско Барлет ярьсныг “Fox News” иш татав.
Америкийн Стратегийн ба төсвийн үнэлгээний төвийн тооцоогоор эвслийн орнууд Ливийн бүсийг нислэггүй байлгахад долоо хоногт 100-300 сая доллар зарцуулах төлөвтэй байгаа бололтой. Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд найрамдах намын Деннис Кусинич харин Ливийн эсрэг цэргийн ажиллагааг санхүүжүүлэхээ зогсоохыг санал болгосон. “Төр засаг бидэнд амлалт өгч, удахгүй АНУ цэргийн ажиллагааг удирдах үүргээ эвслийн түншүүддээ хүлээлгэж өгнө гэж байгаа. Гэхдээ тэд энэ улсын газар нутагт агаараас яах гэж цохилт өгсөн тухай болон удаан хугацааны төлөвлөөгөө бидэнд одоо хүртэл тайлбарлаагүй” гэж Кусинич танхимынхаа гишүүдэд илгээсэн захиандаа бичжээ.
Үйл явдал таамаглахын аргагүй өрнөсөөр. АНУ-ын “F-15E Eagle” сөнөөгч онгоц байлдааны үүрэг гүйцэтгэж байгаад Ливийн тэнгэрт сөнөсөн. Хоёр нисгэгчийн нэг нь аврагдсан, нөгөөг хайж байгаа. Гэхдээ АНУ-ын цэргийнхэн уг онгоцыг техникийн асуудлаас болоод сүйрсэн гэж баталж байгаа. АНУ тэгэхээр тийм муу онгоцнуудыг хийдэг болж таарч байна уу.
Бүгд найрамдах намаас сонгогдсон АНУ-ын Сенатын гишүүний нэгэн туслах “Fox News”-д ярилцлага өгөхдөө хууль тогтоогчид ирэх 10-р сарын 1-нд эхлэх санхүүгийн шинэ жилийн төсвийг хэлэлцэнэ. Тэд Засгийн газрын санхүүжилтийн хэмжээг зөвшөөрөхийн өмнө Ливийн асуудлаар асуулга тавьж, шаардлага өгч болзошгүйг үгүйсгэсэнгүй. Нэрээ нууцалсан сенаторчийн туслах “Төр засаг иймэрхүү “хүмүүнлэгийн” ажлаар оролдож, цоо шинэ газарт хөл тавилаа” хэмээн онцлон тэмдэглэв. Пентагон ирэх санхүүгийн жилд 553 тэрбум доллар гуйсан, Ирак, Афганистанд явуулах ажиллагаанд зориулж, нэмж 118 тэрбум долларыг авах гэж байгааг ч тус теле компани сануулж байна.
Тус Төвийн тэргүүлэгч шинжээч Зак Купер “Хэрэв Ливид нислэггүй бүсийг хангах ажиллагаа 2 сараас бага хугацаанд үргэлжилбэл нэг тэрбум доллар шаардагдана. Муамар Каддафийн Пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг устгах анхны зардал 400-800 сая доллар болж магадгүй” хэмээн мэдэгдлээ. Ливийн тэргүүн М.Каддафийн цэргийн нисэх хүчийг тэнгэрт хөөргөхгүй арга хэмжээ авахаар эргүүл хийхэд 7 хоногт 30-100 сая доллар зарцуулагдаж байгаа гэнэ. Хэрэв Ливийн дайн хэдэн жилээр үргэлжилбэл эвслийн орнуудын эдийн засагт нэлээд хүнд тусах бололтой. Гэхдээ эсрэгээр ч байж болох юм, яагаад гэвэл цэрэг, батлан хамгаалахын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаар ажиллаж, ажилгүйчүүдийн тоо багасан, Дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж болох юм шүү.
Их Британийн цэргийн командлал баасан гарагт “Бид И.Каддафийн Цэргийн нисэх хүчнийг бүрмөсөн бут цохисон” гэж зарласан нь үнэн бол М.Каддафийн төгсгөл тун ойртсон бололтой.
Дэлхийн их гүрнүүдийн цэрэг, дайны зардал
АНУ бусад улс орныг нийлүүлснээс ч их хөрөнгийг армидаа зарцуулж байгааг доорх зургаас харж болно. Энэхүү мэдээг дэлхийн улс орнуудын албан ёсны байгууллагууд, Стокгольмын энхийн асуудлыг судлах олон улсын хүрээлэнгийн /SIPRI/ мэдээллээс авсан болно.
Зургийн тайлбар: Дэлхийн их гүрнүүдийн цэрэг, батлан хамгаалахын зардал.
Хятад-78 тэрбум доллар
Их Британи -58,3 тэрбум доллар
Япон – 51,8 тэрбум доллар
Герман – 45,6 тэрбум доллар
ОХУ- 41 тэрбум доллар
Франц – 37,6 тэрбум доллар
Энэтхэг – 30 тэрбум доллар
Өмнөд Солонгос – 24 тэрбум доллар
Итали – 20,3 тэрбум доллар
Орчуулсан АШИМ