"Дээрэмчин" Оспаны төгсгөлийн тухай үнэн түүх
Монгол, Хятад, Зөвлөлт Холбоот Улс болон өөрийнхөө Шинжианаас БНХАУ-ын талд орсон казахуудын аль алинтай нь ч арван жилийн турш “эр эмээ үзэлцэн” шантралгүй тэмцсэн И.Оспан Хятадад цазлуулаад 60 жил болов.
52 насандаа ийнхүү “дуулагаа тайлсан” Оспаны тухай Өв бичгийн Ерөнхий газрын дарга доктор Д. Өлзийбаатар “МОНЦАМЭ мэдээ” сонины 2010 оны 5 сарын 6-нд нийтлүүлсэн ” Зөвлөлт -Оспан-Монгол” гэсэн өгүүлэлдээ шинэ соргог нэлээд баримтыг тусган туйлын ээдрээтэй замыг туулсан тэр хүний түүхэнд эзлэх байр суурийг ойрдын Амарсанаатай зүйрлүүлэн шударгаар тодорхойлсон нь уншигчдад үнэн зөв ойлголт өгөхөд тусалсан юм.
Ер нь Оспаны тухай бидний ойлгож мэддэг зүйл 1990-ээд оныг хүртэл туйлын хомс байлаа.Монгол ахан дүүсийн цөөнгүй хэсэг нь Оспаныг бол галзуу нохой шиг зэрлэг алуурчин мэтээр үзэж үзэн яддаг, тэр ч бүү хэл “хасгийн дээрэмчид” гэж бүхэлд нь авч хэрэглэдэг болохоор энэ улсад оршин суудаг казахууд бид үндэс угсааны маань нэр төрийг хөөдөж гутаасан тэр хачин этгээдийг мөн адил жигшдэг байлаа.
Гэтэл 1988 онд Швед Улсын Убсала хотод англи хэл дээр хэвлэгдсэн ” Хятад дахь казахуудын уг гарвалын тухай найруулал” нэртэй 250 хуудас бүхий номын дэд хэсгийг ” Оспан бол казахын алтан домог” гэж гарчигласныг гадаад хэл сайн мэддэг монгол нөхдийн тусламжаар уншиж танилцсан юм. Тэр номонд ” Хятадын шинэ засгийнхан Оспан баатрыг хорлон сүйтгэгч мэтээр буруушаадаг. 1951 оны хаврын эхэн сард цаазаллаа. Оспан алагдсаны дараа Хятадын баруун хойд зүгийн нутагт түүний гүйцэтгэсэн үүрэгтэй холбоотой олон ч асуудал шийдэгдээгүй хэвээрээ үлдэв ээ. Хятадаас гадуур оршдог коммунистуудын дунд ч Оспаныг ардын баатар хэмээн үнэлдэг нь цөөнгүй. Тэр ер нь дээрэмчин үү, эсвэл казах түмний эрх чөлөөний төлөө амь насаа зориулсан эх оронч байв уу? Хятад, Оросын өнөөгийн засгийн үзэл бодолд ялгаа байхгүй. Аль нь ч бай түүнийг дээрэмчин гэж үнэлдэг. Оспаныг коммунизмын эсрэг тэмцэлд амиа золиослосон хүн гэж үздэг” гэж тодорхойлсон байлаа. Үүнийг бид сэм уншиж эрэгцүүлэн бодсон юм.
Оспаны цэргийн бүрэлдэхүүнд казах, уйгарчуудаас гадна Алексей гэдэг орос, Бүрэнжав, Хэдэл нарын монгол хүмүүс байсан нь баримтаас харагддаг бөгөөд 1947 оны эхэн сард түүнийг Алтайгаас зайлуулахаар хэд хэдэн хороо цэрэг довтлоход гоминданы 500 хүнтэй мэргэн буудагч Оспанд туслахаар хүрч ирсэнээр Оспан Байтаг Богдыг барааджээ. Оспан анх энэ тэмцлээ гоминданы зэвсэг хураах бодлогын эсрэг эхэлсэн ч зовсон цагт туслахаар ирэхэд нь тэр дайсныгаа хөөхийн аргагүй, хэрэгцээтэй цагт холбоотон болгоод дараа нь зайлж гарах нь улс төрчдийн хэзээний гол аргын нэг болохоор одоо ийнхүү дэмжлэг авахаас өөр аргагүй болж дээ. Тэрнээс биш хоорондоо байлдаад байгаа Мао зэ дун, Чан-Кайчийн аль аль нь ч бай Оспаны дайсан юм чинь. Яагаад гэвэл тэд хоёулаа Дорнод Туркстан гэдэг улс байхыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй .
ЗХУ -ын бодлого мөн адил, хэрвээ Коминтернийг дагасан гурван улсын хооронд коммунизмын эсрэг нэг улс гараад ирвэл асуудал буруугаар эргэх байжээ.Байтгийг бараадаж ирсэн Оспанд Монголын зүгээс ч амар заяа үзүүлсэнгүй ээ. Үүнийг бас буруутгахын арга алга. Нэгд, энэ бол Чойбалсан, Оспан хоёул тэврэлдсэн 1943-1945 оны цаг үе биш, Оспантай түнжин тасарсан. Хоёрт, тэр чинь гоминдан хэмээх монголын атаат дайсантай хамсах болсон. Гуравт, Сталины даалгавар байна.Харин монгол уншигчдад Оспаны тухай үнэн үгийг анх удаа дээрх өгүүллийн зохиогч Өлзийбаатар 1992 онд “Шинэ үе” сонинд нийтлүүлсэн ” Коминтерн-Оспан-Монгол” өгүүллээрээ тунхагласан билээ. Оспан нь монголчуудад өшөөрхдөг алан хядагч, тонон дээрэмдэгч зэрлэг бүдүүлэг амьтан бус үндэснийхээ язгуур эрх ашиг, эрх чөлөөний төлөө мятрашгүй тэмцэгч гэдгийг зоригтойхон гаргаж өгсөнөөрөө уншигчдынхаа талархал хүртсэн билээ.
Одоо хүртэл БНХАУ-д Оспаны тухай хэвлэлд нийтлэх явдал хаалттайг бүү хэл хүмүүс түүнийг нэрлэхээс эмээдэг ч тусгаар тогтносон Казахстанд түүх судлал, уран зохиолын цөөнгүй бүтээл туурвигдаж, өнгөрсөн жил үндэсний баатар тэр хүний мэндэлсний 100 жилийн ойг өргөн тэмдэглэжээ. Гэвч дээрх өгүүлэлд дурдагдсанчлан Оспаныг Үрэмч хотод дүүжлэн хороосон бус буудаж алсан. Ханамбал уулын энгэр Тажнуурын хөвөөнд байрлаж байхдаа дотоодоос урвасан тагнуулын мэдүүлсэний дагуу шөнө дунд бүслэгдээд дайсан руу сөрөг довтолгоонд орох гэтэл морь нь мөсөнд хальтарч унаснаар баригджээ.Түүнийг Үрэмчид хүргээд зодож жанчиж, хоёр гарыг нь үүрүүлж гинжлээд нүүрэнд нь хар хөө түрхэж, хүзүүнд нь “Бидэнд амар заяа үзүүлээгүй Оспан” гэсэн казах, хятад бичигтэй модон пайз зүүж хэд хэдэн хоног хотыг тойруулсаны эцэст 1951 оны 4 сарын 28-ны өдөр хороо цэрэг гарган олны өмнө буудаж алаад, тухайн өдөр радиогоор “Оспаныг Анвар Жакулан гэдэг казах эр буудлаа” гэж худал зар тараасан тухай барууны ” Эрх чөлөө” радиогийн эрхлэгчээр он удаан жил ажилласан сэтгүүлч Хасан Оралтай “Нутаг усаа санагалзсаар элээсэн он жилүүд” \ Алматы.2005,. 116-рт \ номондоо тодорхой баримтаар нотлоод” тэд Оспаныг Анвар буудлаа хэмээн булзаарсан арга саамын учир юу вэ гэвэл Оспан баатар 200 найманчуудыг буудан хороолоо гэж цуурхал тараасны адил казахуудыг өөр хооронд нь яс хаяж хагралдуулах орос, хятад түрэмгийлэгчдийн хэзээний адгийн муухай заль мөн байжээ” гэсэн байна.
Хамаг учир “яс хаях” гэсэн энэ үгэнд оршино. Дэлхийн дайн, хажуугаар нь хятад даяар өрнөсөн хувьсгалт тэмцэл сайн муу боломж бүхнээ дайчлах шийдвэрлэх сорилт байлаа. Үүний тулд Мао Цзе дунг ялалтанд хүргэх нь чухал зорилт болсоны улмаас Чан Кайчигийн хүчийг мөхсдүүлэх хүч Оспанд байна гэдгийг мэдсэн Сталин Шинжианд тэр үеэр өрнөсөн үдэсний цөөнхүүдийн Дорнод Туркстан улсыг байгуулах тэмцлийг дэмжих хуурамч бодлого дэвшүүлээд Оспаныг түүнд татан оролцуулах санаархалдаа Чойбалсанг зуучлагчаар ашигласаныг хуучин “Ардын эрх” сонины 1995 оны 145-150 дугаарт нийтлэгдсэн түүхийн ухааны доктор Л. Бат-Очирын “Сталин, Чойбалсан нарын 1940-өөд оны уулзалтууд” цувралд дурдсан баримтууд батлан харуулдаг. Зөвлөлтийн буугаар зэвсэглэсэн Оспаны түмэн цэрэг тухайн үед Чан Кай чигийн хүчийг үнэхээр мөхсдүүлсэний хажуугаар хэзээнээс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан өөрөө булаан эзлэхийг санаархаж байсан гоминданы аюул занлаас Монголыг ч тодорхой хугацаагаар аварч чаджээ.Гэтэл хоёрдугаар дайнд зөвлөлтийн улаан арми ялалт байгуулж, улс төрийн хувьсгалаар Мао зе дуны тал дийлмэгцээ Дорнод Туркстан улс байгуулах хуурамч амлалт, төлөвлөгөө сүйрэн унасан явдал Шинжиан дахь коммунизмын эсрэг үндэсний үзэлтнүүдийн хор шарыг хөдөлгөсний гол толгойлогч Исламын Оспан байжээ.Монгол Улсынын Ү их хуралд орлцон УБХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа хилийн цаана гарч явсан тайж С.Далелхан Оспаны орлогчоор томилогдон хошууч генерал цол зүүж үндэсний эрх чөлөөний хувьсгалд мөр зэрэгцэн тэмцсэн атлаа Дорнод Туркстан улс гэв гэнэт татан буугдаад Бүх Хятадын ардын чөлөөлөх арми түрээд ирэхэд өөрийн талын хүмүүстэйгээ түүнийг дагаар ороход 1946 онд Оспан хуучин хамтран зүтгэж явса Далелханы цэрэгтэй байлдааж Үрэмч хотыг булаан эзлээд сарын дараа дийлэгджээ. Монгол, Зөвлөлттэй ч холбоогоо нэгмөсөн тасалж Америкийн консул Mr. Douqlas Mackarnenтай сүлбээ тогтоосон явдал түүний эрхэм зорилгынхоо төлөө шантралгүй тэмцдэгийг гэрчилдэг.
/1951 оны гэрэл зураг Оспан цаазын тавцан дээр. Үрэмч хот/
Чухам энэ үеэс эхлээд Сталины талынхан Оспаныг нухчин дарах төлөвлөгөө дэвшүүлсэн байв. Монгол, хятад цэргийг Оспан руу тал талаас нь турхирах, тагнуул туршуул, алуурчдаа ар араас нь илгээх, аргаа барахдаа хятадын хятад, казах цэргийг “Оспаны цэргийн” дайралт, алан хядлага мэтээр өнгө зүс хувирган илгээж дээрэм, жигшүүрт аллага хийлгэн монголчуудын дургүйцлийг төрүүлж байсныг гэрчилдэг түүхийн баримтууд Хятадын өөрийнх нь мэдээллийн зарим нууцлаг материалд ч “зэс нь цухуйж” эхэллээ.Оспан эрх чөлөөний төлөө эзгүй хээрОспаныг эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэгч гэдэг нь бас л ташуу ойлголт юм. Түүнийг Алтай аймгийн даргын өндөр албан тушаалд томилоод урихдаа тоож үзээгүй тул оронд нь Далелханыг томилсон тухай Шинжианы нөлөө бүхий удирдагч байсан Бурхан Шахидигийн “Шинжианд өнгөрөөсөн тавин жил” номонд тодорхой дурдсан байгаа. Оспан цаазлагдаад ч түүний тэмцлийн төгсгөл болоогүй, бүслэлтээс зугтаж гарсан охин нь Ханамбал ууланд дайсантайгаа хэдэн өдөр буудалцсан бөгөөд том хүү Шердиман нарын дайчин хөвгүүд зэвсэгт бүлэг байгуулан тавиад оны эцсийг хүртэл дайсантайгаа тулалджээ. Бид 1993 оны намар Оспаны амьд үлдсэн ганц хүү Алтай аймагт оршин сууж байсан Набийтэй уулзаж ярилцахдаа нас жар гарсан тэр хүн,- Аавыгаа дагаж би ч гэсэн 12 наснаасаа буу үүрсэн. Учир нь Шэн ши сай ” Шовгор оройтой малгай өмссөн морьтон харагдвал буудагтун!” гэсэн зарлиг буулгаад бид нарыг овгоор нь устгах бодлого бримталсан” гэж харгислагчдын суманд өртсөн төрөл садан олон арван хүнийгээ нэрлэж байлаа.
1970-ад оны эхээр Монгол Улсад улс төрийн орогнол маягаар амьдран сууж ” Хар шуурга” романаа уншигчиддаа өргөн барьсан, 1992 онд Алматыд шилжин одсон зохиолч Амгалан \ Сейтхан Абилхасым\ ” Казах уран зохиол” \ Алматы 1994.No42\ сонинд нийтлүүлсэн “Оспан баатар” өгүүлэлдээ ” 1940 онд Оспанд гүн эмгэнэл учирсан. Тэр 11 хүүхэдтэй байсны Зия тэргүүтэй наймыг нь сэлмээр цавчиж зэрлэгээр хороосон. Эхнэр Мамей нь шоронд хоригдож байхдаа зугтан гарч Эрчис мөрөнд үсрээд амьд аврагдсан” гэжээ. “1990-ээд оны эхээр бид Оспан, Далелхан нарын тухай баримт сонирхохоор аюулаас хамгаалахын өв бичгийн газраар ороход захирал Дамбуурай генерал зарим баримтыг гаргаж өгөөд, баруун хилийн баримт сэлтүүд эмхлэгдээгүй байгаа. Цэгцлэгдэхээр сонин баримт зөндөө гарч ирнэ гэж байсан. Залуу түүхч, судлаачид үүнийг анхаарвал зохино” гэж сэтгүүлч Р.Шынай ярьж байна. Аюулаас хамгаалах байгууллагын тусгай архиваас улс орны түүх, олон ч хүний хувь заяанд холбоотой үнэт баримт сэлт гарч ирэх нь лавтай бөгөөд энэ асуудал төрийн нууцын тухай болон хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бүрэн шинэчлэгдсэний дараа шийдэгдэх нь лавтай.