Хавраас эмээхүй
2011.05.24

Хавраас эмээхүй

Арабын ертөнцийг хар салхи мэт дайрсан хувьсгалын сүүдэр тусаагүй ганц улс хэмээн ажиглагчид Саудын Арабыг онцлоод байна. Тогтвортой байдлыг бүхнээс илүү эрхэмлэдэг энэ улсад Зүүн болон Өмнөд Азийн хэдэн мянган цагаач ажилтан ажилладаг. Тэдний, өдөрт хэдэн зуугаараа газарддаг Эр-Рияд хотын олон улсын нисэх онгоцны буудалд дүрэмт хувцастнууд энд тэндгүй. Энд газар суулаа гэж аашилна, цуваа саатууллаа гэж уцаарлана. Саудуудад бүхнийг өөрсдийнхөөрөө зохицуулах арга, зан үйл гэж бий.

"Исламын бус"


Отог омгийн, шатлан захирах ёсны хуучны арга барилууд Саудын Арабад амь бөхтэй оршин буй. Эдийн засгийн хувьд олон улс атаархам, гайхмаар үзүүлэлттэй ч улстөр, нийгмийн тогтолцоо нь бараг дундад зууных шиг гэмээр ганц улс магадгүй Сауд байх. Өнгөрөгч долоо хоногт тус улсын Боловсролын сайдыг охид, хөвгүүдийн холимог сургууль байгуулах хэрэгтэй байх хэмээхэд улстөрчдийн дунд сүржин мэтгэлцээн үүсээд зогсохгүй охидтой хамт байвал хөвгүүд тодорхой хүйсгүй болж, эмэгтэй хувцас өмсөж эхэлнэ гэж шүүмжлэгчид ч байв. Шинэчлэл гэдэг үг тэгэхээр саудуудын чихэнд аймшиг гэсэн утгатай дүйдгийг эндээс харж болно.

Ойрхи Дорнодын олон улсад сэвэлзэж, заримд нь бүр бүхнийг хуу хаман одсон өөрчлөлт шинэчлэлийн салхи чухам ийм шалтгаанаар л Саудын Арабын хил мөргөн хүчгүйдсээр байна. Хэдэн долоо хоногийн өмнө жагсаал цуглаан хийхээр шивэр авир ярилцсан иргэд, тэднийг дэмжигч шашны тэргүүнүүдийг албаныхан исламын бус үйл хийхийг завдсан хэмээн баривчилжээ. Нэгэн сауд хөгшний хэлснээр эцэг эхийнхээ өөдөөс үг хэлдэггүй ёстой саудууд гудамж талбайд төр засгийнхаа эсрэг жагсана гэдэг санаанд багтамгүй хэрэг юм. Гэхдээ Саудын иргэн бүр, ялангуяа залуус ийм бодолгүй байна. Шинэ эринд нийгмийн тогтолцоо ч мөн өөрчлөгдөх цаг болсон гэж тэд үзэж байна. Үүнийг төрийн тэргүүн Абдулла хаан ч мэдэж байгаа бөгөөд сүүлийн хэдэн сард олон нийтэд хандсан хэд хэдэн шийдвэр гаргав. Засгийн газраас баталсан төсөл дунд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, орон сууцны хөнгөлөлтийн зээл, ажилгүйдлийг бууруулах зэрэгт чиглэсэн олон заалт тусгагджээ. Эдгээрт Саудын төр нийт 100 тэрбум ам.доллар төсөвлөөд байна. Энэ нь шинэчлэл хүсэгчид үнэхээр нэмэгдсэний, түрлэгийг нь эрх баригчид мэдэрч буйн хамгийн том баталгаа.

Сауд ёс

Саудын орон нутгийн олон хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд эмэгтэйчүүдийг сонгуульд оролцуулах эсэх асуудлаар хэлэлцүүлэг болжээ. Ийм хэлэлцүүлэгт хүртэл эмэгтэй, эрэгтэйчүүдийг тусгаарлан суулгасан байна. Хэлэлцүүлгийг зохион байгуулагчдаас энэ тухай лавласан  гадныханд саудууд "Энэ бол сауд ёс" хэмээн товчхон хариулт өгч байв.

улсад эмэгтэйчүүд өөр ямар ч улсад баймгүй хязгаарлагдмал эрхтэй. Сауд эмэгтэйчүүд машин жолоодох, хуулийн ямар нэг бичиг баримтад гарын үсэг зурах эрхгүй, эрэгтэй хүнгүйгээр гудамжаар алхах хориотой. Гэхдээ эдгээр асуудлыг ч Эр-Риядын эрх баригчид анхааралдаа авсан гэнэ. Гээд Саудын хаант төрөөс ихийг хүлээх аргагүй. Арабын бусад улсад байдаг шиг иргэний тогтолцоо энд байхгүй учир өөрчлөлт шинэчлэл хүсэгчид нэгдэн нийлэх боломжгүй. Тус улсын консервативчууд дэндүү нөлөөтэй, хүчирхэг. Мөн Арабын бусад улсаас ялгаатай нь эмэгтэйчүүдийг сонгуульд оролцуулах зэрэг асуудалд иргэдийн дийлэнх нь эрх баригчдын адил хуучинсаг, болгоомжилсон байр сууриас ханддаг. Саяхны нэгэн судалгаанаас харахад саудуудын 69 хувь нь эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрх олгох хэрэггүй гэж үздэг байна. Тиймээс Арабын хавар хэмээн шинжээчдийн тодорхойлсон Ойрхи Дорнодын хувьсгалт тэмцэл энэ улсыг дайрахгүй, ойрно. Хаврын салхинаас эмээж байгаа Саудын хаант төр ч Арабын хаврыг болгохгүйн төлөө чадах бүхнээ хийнэ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.