Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэх боллоо
“Монгол Улсын Их Хурлын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хуралдаан үргэлжлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.
Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлыг байгуулж, тэр үеийн БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллах анхны Засгийн газрыг байгуулж, 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын ажиллагаа эхэлсэн түүхтэй хэмээн тэрбээр танилцууллаа.
Улсын Бага Хурал хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоох олон хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцыг баталсан юм. Мөн Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчимд тулгуурлан боловсруулж, өргөн барьсныг Ардын Их Хурлын депутатууд 76 хоног хэлэлцэж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон.
Улсын Бага Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Улсын Бага Хурлын ажлын аппарат нь Улсын Бага Хурлын Тамгын газар мөн хэмээн тодорхойлж, түүний бүтэц, орон тоо, дүрмийг Улсын Бага Хурлын дарга батлахаар заасан байсан юм.
Ингээд төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын түүхэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад анхны парламенттай хамт Тамгын газар нь үүсгэн байгуулагдсан байдаг.